Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Цоггэрэл: ҮДБЭЧ-д хийх ажлаа төлөвлөчихөөд ирсэн
ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэлтэй ярилцлаа. Тэрээр энэ албыг хүлээж аваад жил найман сарын хугацаа өнгөрчээ. “Энэ хугацаанд ганц ч хэвлэлд ярилцлага өгөөгүй шүү” гэсээр бидэнтэй ярилцсан юм. Түүнд хийхээ биш, хийснээ ярих хангалттай хугацаа өнгөрчээ.

-“Хувьсал”-ын Цогоо гэж хүмүүст танигдаж олон арван бүтээл тань үзэгчдийн хүртээл болсон. Гэхдээ таныг ҮДБЭЧ-ын дарга болоход хүн бүр л гайхаж хүлээж авсан шүү дээ. Энэ албыг хэн танд санал болгосон бэ?
-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирал болох тушаалыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээн авсан. Тэгэхээр ирээд /дөрөв, тав, зургаа... хуруугаа даран тоолоод/ жил найман сарын хугацаа болсон байна. Миний хувьд Монгол Улсын тусгаар тогтнолыг үндэсний урлагаар л төсөөлдөг. Тэр ч хэрээрээ брэнд болдог. Энэ их айлыг авч явна гэдэг хүнд л дээ. Анх харьяа яамнаас санал тавихад нь олон удаа татгалзаад нэг сарын дараа ажиллаж үзэхээр шийдсэн. Энэ шийдвэрийг гаргахад хөгжмийн зохиолч Балхаа ах их нөлөөлсөн. Балхаа ах залуудаа чуулгад морин хуурчаар ажиллаж байсан юм билээ. Би сонголтоо хийхдээ Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад юу хийхээ бодчихоод ирсэн. Намайг чуулгад ирэхэд “Цогоо чуулгын хэдэн хүүхнийг шалдлах нь”, “Үндэсний урлагийн чуулгад жүжиг тавих нь” гээд л шуугисан. Мэдээж, Үндэсний дуу бүжгийн чуулга хувийн продакшн биш. Тэрийг нь ч би ойлгодог. Үнэхээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга соёл урлагийн байгууллагуудын номер нэг нь гэдгийг хүлээн зөвшөөрүүлнэ. Хүлээн зөвшөөрүүлэх ажлыг ч би хийнэ.

-Өөртөө итгэлтэй хэлж байна шүү. Гэхдээ төрийн их найрал хөгжмийн 60 гаруй хувь, чадварлаг бүжигчид, дуучид гээд л үндэсний урлагийн хүчирхэг хамт олон танайд бий. Үндэсний урлаг тухайн орны нүүр царай гэсэн утгаараа нэг номерт байхаас өөр аргагүй байгууллага...?
-Нэг номер гэдгийг харуулахын тулд олон зүйлийг бодож орж ирсэн. УДЭТ-т ерөнхий менежер, жүжигчин байж үзсэн. Түүний дараа драмын урлагийг хөгжүүлэхийн тулд “Хувьсал” продакшнийг байгуулсан. Урлагаар олон жил амьдарсан учраас өөрийнхөө хэмжээнд практиктай болсон. “Хувьсал” продакшн хийсэн 20 гаруй уран бүтээлийн санааг өөрөө гаргаж, зохиолч нараар бичүүлж байсан учраас өөртөө итгэсэн.

-УДЭТ 2000 онд үзэгч­гүй болсон үе. Тэр үед залуу уран бүтээлчидтэй хамтран “Надаар тоглосон хайр” жүжгийг тавьж, үзэгчийн суудлыг дүүргэж байсныг тань олон хүнээс сонссон. Үнэндээ олон хүн таниас тэр менежментийг одоо хүсч, харж байгаа?
-“Тамгагүй төр” жүжгийг би босгосон. Монголын нэгэн сонгодог бүтээл дээр ажиллах саналыг надад анх Ардын уран зохиолч Лхагвасүрэн гуай, Найдандорж найруулагч хоёр тавьсан. Энэ үеэс өмнө бол би хэн ч биш шахуу амьтан “17 чингэлэг инээд”-ийг хийгээд хошин урлагийн тогоонд явж байлаа. Түүнээс хойш “Цахлай”, “Хар санаа хайр сэтгэл” гээд олон жүжиг дээр ажилласан. Драмын театрт би өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Миний продюсерлосон “Надаар тоглосон хайр” жүжигт тоглосон уран бүтээлчид одоо театрын ачааны хүндийг үүрч явна. Тэр ч гэсэн миний нэг омогшил. Намайг ерөнхий менежер байхад Төрийн соёрхолт цол хүртсэн Наранбаатар маань, жүжигчин Болд-Эрдэнэ, Амгаланбаатар, Эрдэнэбилэг, Ганцэцэг нар залуу уран бүтээлч байлаа. Пара бид хоёр Гүрээ ах дээр очиж зохиол бичүүлээд, тухайн үедээ найман сая төгрөгөөр хийж байсан юм шүү дээ. Тэр үеийн найман сая төгрөг үнэхээр их мөнгө байсан. Одоо бол бага сонсогдох байх л даа.

-Тухайн үед дээрх жүжигчид СУИС-ийг дөн­гөж төгсч ирээд театрт да­галдангаар ажил­лаж байсан гэсэн. “На­даар тоглосон хайр” тог­лог­доогүй бол жүжигчин Ган­цэцэг л лав хуулийн сур­гуульд орох байсан тухайгаа ярьж байсан...?
-Тэр үед сарын 3000 төгрөгийн цалинтай жү­жигчдийг нэг орой жүжигтээ тоглуулаад 30 мянган төгрөг өгдөг байсан. 10 сарынх нь цалин. Үнэхээр чадварлаг залуустай хамтарч, их ч амжилт олсон.

-Залуу уран бүтээлчдийг таниулах, гаргаж ирэх нэгэн уран бүтээл бол тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Их хатдын туульс” бүжгэн жүжиг. Энэ бүжгэн жүжгийг та санаачилсан гэсэн. Яагаад заавал хатад гэж...?
-Залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах нь миний хийх ёстой зүйлийн нэг учраас чадварлаг бүжигчдээ хэрхэн олон нийтийн өмнө гаргаж ирэх вэ гэдгээ их бодсон. Дотоод үзэгчид рүүгээ хандан залуу уран бүтээлчдээ гаргаж ирэхийн тулд есөн хатны тухай бүжгэн жүжиг хийе гэсэн санаа орж ирсэн. Манай бүжиг ангид олон чадварлаг бүсгүй бий. Дахиад ес, есөөр нь хатан болгосон ч болохоор. Энэ олон хүний авьяасыг түмэнд харуулах арга бүгдийг хамруулсан уран бүтээл. Тэгээд л есөн бүжигчнээ есөн хатан болгосон. Есөн хатан болж буй бүжигчин маань ч миний итгэлийг алдахгүй. Баярбаатар маань ч миний төсөөлсөн зүйлийг хийж чадсан. Үг хэлээр ойлгуулдаг зүйлийг бие, сэтгэлийн хэлээр гаргана гэдэг гайхамшиг. Бодит мэдрэмжийг 4D, 5D-гээр илэрхийлдэг бол тэрнээс ч илүү тоглолт манайд л болж байна. Бүжигчдийн ард хоор, оркестр гээд бүгд амьдаараа дуугарч, мэргэжлийн төвшинд уран бүтээл хийдэг. Мэргэжлийн урлаг энд л байна.

-Чуулгад орж ирэхдээ олон зүйл хийхээр тө­лөв­лөсний нэг нь залуу уран бүтээлчдийг гаргаж ирэх байж. Гэхдээ энэ том айлыг массаар нь хамруулсан зүйл юу хийх вэ?
-Би айсан. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад очоод ажиллаж чадах уу, үгүй юү гэдгээ их бодсон. Тэр хамт олон намайг хүлээж авах болов уу. Би тэр хамт олонтой нэг баг болж ажиллаж чадах уу гээд л. Эхний ээлжинд би гурван том төлөвлөгөөтэй ирсэн. “Төрийн ажнай” гээд монгол морийг харуулсан уран бүтээл, есөн хатдын тухай бүжгэн жүжиг, Монголын үндэсний мюзикль хийхийг зорьсон. Нэг нь биелэлээ олсон. Соёл урлагийн ажилтны баярыг энэ зун Хүй долоон худагт зохион байгуулж, салбарын сайдаас сайшаал үнэлэмж авсан. Гэхдээ энэ бол миний хийх л ажил. Дараагийн ажил нь Төрийн их найрал хөгжим гэж юу байдгийг харуулсан тоглолт. Үндэсний хөгжмийн бүрэн их найралтай цөөн орны нэг нь манайх. Бид урлагийн байгууллагуудтай өрсөлдөх гэж байгаа юм биш. Байнгын хөдөлгөөнд орших ёстой зүйлийг л хөдөлгөж байгаа юм. Аливаа уран бүтээлчдэд юм хийх сэдэл байнга өгч байх ёстой.

-Таны албан тушаалыг бусад байгууллагатай харь­цуулаад харахад га­рын үсэг зураад л суух. Гэ­тэл та чуулгынхаа бүхий л асуудалд оролцож, өрөөн­дөө тогтохгүй их гүйх юм...?
-Би “Хувьсал”-ийн захирал гэж хэлүүлэх дургүй. Би бол продюсер. Хүмүүс продюсерийг хальс зөөн гүйдэг зарц гэж ойлгодог. 1999 оноос энэ ажлыг хийхдээ продюсер гэдэг бол хамт олныг нэгтгэдэг, тэднийг хөдөлгөж, өгч чаддаг, хүссэн зүйлээ авдаг л хүн юм байна гэдгийг ойлгосон. Холливуд зэрэг том зах зээлд продюсер гэдэг хүн шинэ нүүр царайг олж, үзэгчдэд таниулах ёстой. Тухайн нийгэмд байх ёстой сэдвийг олж гаргах ёстой гэж бодож, өвчлөөд 20 жил өнгөрч. Тийм болохоор доошоо буугаад энэ хөгжмийг ингэх үү, энэ хөдөлгөөнөө ингээд хийвэл зүгээр биш үү гэж боддог юм.

-Сайн продюсер хүний нэг чанар бага хугацаанд хамт олонтойгоо нэгдэх гэж ойлгож болох уу?
-Ямар нэг уран бүтээл хийхэд уран бүтээлчид хоорондоо нэгдэх ёстой. Таагүй мэдрэмж төрүүлдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллахад хүнд шүү дээ. Тийм болохоор энэ ярилцлагаар дамжуулаад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхаа бүх уран бүтээлч, ажилтан, албан хаагчдад маш их хайртай. Та бүхэн зөв энергиэр намайг угтаж авсан учраас бага хугацаанд их зүйл амжууллаа. Тийм болохоор бид нэг нэгэнтэйгээ эвтэй, хайрыг түгээж явъя гэсэн үг дайя. Төрийн ажил хэцүү юм. Гэхдээ хэцүү гээд зугтвал 214 хүний амьдрал надаас хамаарна. Би өөртөө өвдөж, гуниж, гутаж болохгүй гэсэн зорилго тавьдаг. Миний ард чуулгын уран бүтээлчид маань асаалттай танк болон зогсч байна гэж бодвол би үзүүрт нь суучихаад туг бариад явж байгаа байхгүй юү. Тэгэхээр би тэр тугийг үргэлж намируулж, шархдуулахгүй байхыг хичээнэ. 

-ҮДБЭЧ-ын хувьд нэг хүндрэлтэй асуудал нь УДЭТ-тай нэг тайзаа хувааж хэрэглэдэг. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын үед ардын урлагийн ордон барина гэсэн. Энэ ажил юу болж байна вэ?
-Энэ асуултыг асуусан чамд маш их баярлалаа. Энэ асуудлаар өвчилж байгаа хүн цөөхөн байгаа. Үндэсний урлагийн их театр гэсэн нэртэй ордон бариулахаар саналаа өгөөд, дэмжигдээд явж байна. Яг үнэнийг хэлэхэд, УДЭТ-ын тайзан дээр чуулгынхан багтдаггүй. Хөгжмийн найрал маань бүрэн бүрэлдэхүүнээрээ суухаар тал нь багтдаггүй, бүжгийнхэн маань бүгд гарахаар хоёр талаараа сагаад байдаг. Үндэсний урлагт том тайз л хэрэгтэй. Бидний саналыг нийслэлээс хүлээж аваад Тасганы овоон дээр нэг га газар өгсөн. Салбарын сайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3-4 га газар олгуулахаар ярьж байгаа. Үзэгчдийн заал, машины зогсоол гээд олон юм хийх болохоор том газар хэрэгтэй л дээ. Удахгүй энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч дээр орох гэж байгаа. Намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Дотоодын үзэгчдэд хандсан тоглолт, гадаадын жуулчдад зориулсан үзүүлбэр үзүүлдэг. Тэгвэл гадаадад үндэсний урлагаа үзүүлэх тал дээр ямар ажил хийх вэ?
-Манай чуулга бүжгийн номергүйгээр гадаадад явж байгаагүй. Морин хуурын чуулга, Гадаад харилцааны яам гээд бүгд л манай бүжигчдээс авч явдаг. Гадаад бодлого ирэх онуудад чуулгад их хэрэгтэй болно. Тэрийг төлөвлөсөн. Гэхдээ ингээд хөдөлгөөн хийгээд ирэхээр хүмүүс бизнес хийж байна гэж ойлгодог. Бизнесийн цаад утга нь сурталчилгаа хэрэгтэй. Сурталчилгаа хийхийн тулд ямар нэг зүйл бодно. Манай 214 уран бүтээлч нэг жилийн дотор бүгд байртай болъё гэвэл боломж байна. Миний хувьд гадаад бодлого хамгийн ойрхон асуудал. Хоёр, гурван орны урлагийн байгууллагатай ярьсан зүйл ч байгаа. Гэхдээ би ганцаараа дур мэдээд хийх зүйл биш.

-Гадаадын орнуудад урлагаа сурталчилна гээд явдаг цаг ард хоцорсон гэж бодож байна. Одоо бол үндэсийн урлагийнхаа үнэлэмжийг нэмэгдүүлэх үе ирсэн?
-Бэлэн менежмент байна. Гэхдээ гадаадад гарахдаа гол нь чиний хэлснээр үнэд хүргэх ёстой. Ингэхийн тулд хамтын ажиллагаа чухал. Манай үндэсний урлаг хаана ч үнэтэй.

-ҮДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэг хэсгээрээ нийлж олон хамтлаг үүсгэсэн. Хамтлагууд бие даан уран бүтээлээ хийж, чуулгын ажлыг цалгардуулснаас болоод хэсэг уран бүтээлчдийн гэрээний асуудлыг эргэн харах болсон гэсэн. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Чуулгын захирал болсноос хойш бүх уран бүтээлчиддээ хувийн уран бүтээлээ хийх нээлттэй боломж олгосон. Гэхдээ ямар ч нөхцөлд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ажил нэгдүгээрт байх ёстой. Энэ Цогоогийн юм биш, Монголын ард түмний өмч учраас. Энд тоглолт болох гээд нэг сарын өмнө захирал нь захирамж гаргачихаад байхад үл ойшоовол төр төмөр нүүрээ харуулах ёстой. Тиймээс хууль журмын дагуу хэсэг уран бүтээлчидтэй энэ асуудлаар ярилцаж байгаа. Би өөрийгөө хамгийн чөлөөтэй дарга гэж боддог. Би эрхлүүлж, хайрлаж чаддагийнхаа хэрээр хариуцлага тооцож, халж чаддаг байх ёстой.

-Хүн энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг. Түрүүн та бүжгийн зааланд бэлтгэлээ хийж байгаа бүжигчдийг харж зогсохдоо “Нүсэр байгаа биз” гэж хэлж байсан. Таны ажлын аз жаргал юундаа байна вэ?
-Ямарваа нэг бүтээлийг харж, бодож, сэдэж чаддагаасаа аз жаргалыг мэдэрдэг. Дарга гэхээсээ илүү уран бүтээлч сэтгэлээр аливаа зүйлд хандах гэж хичээдэг. Сүүлийн үед үндэсний урлагийг маш их судалж байгаа. Ардын урлаг бол кодыг нь тайлах тусам хүндэрдэг тоглоомтой адил тийм л сонирхолтой зүйл. Би одоо тэр кодыг тайлж сурч байна. Тийм ч болохоор тэр олон бүжигчдийг хараад энэ хамт олноороо ямар уран бүтээл хийлгэж болох уу гэж үргэлж боддог. Энэ бодол маань надад аз жаргал мэдрүүлдэг.
0 Сэтгэгдэл
Tsogoo ch uym hiih geed l vzeed baigaan baina l daa
Хамгийн их уншсан