Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтээр нь хороох нийтийн хоол
Махгүй пирожки монгол “брэнд”

“Оны онцлох мэдээ: Оюутны гуанзны пирожкинээс мах олджээ”. Ходоод хоосон оюутнуудын зовлон, хоолны газруудын үнэн төрхийг хамгийн товчоор өгүүлсэн эл онигоог цахим хуудаснаас олж уншлаа. Онигоо л юм хойно уншсан даруйдаа удтал инээсэн ч хэсэг эргэцүүлбэл инээдэм биш ханиадам болохыг ойлгов. Учир юу гэвэл, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газрууд, халаас нимгэн оюутнуудын орох “дуртай” их, дээд сургуулиудын цайны газарт нийтийн хоолны үйлчилгээнд байвал зохих наад захын стандарт шаардлага гэхээр юм үгүй болж. Энэ тухай бүгд мэддэг ч идэх сонголт нь цөөн юм хойно эрхгүй эвлэрэхээс өөрцгүй. Сонголт гэдэгт мөнөөх махгүй пирожки, нэвт гэрэлтдэг хуушуур, нэг ч махгүй гэж болохоор мантуун бууз цаашилбал шарсан, жигнэсэн нэртэй ороомог багтана. Идэж буй хоол нь хоол биш хор болсоныг мэддэг ч өлсгөлөн ходоодоо цатгахаар өнөөх л пирожки, хуушуураар өл залгуулна. Тэр дундаа оюутнууд. Үүрсэн цүнх, үзэг дэвтрээс өөр өмч гэхээр юмгүй оюутнуудад өлсгөлөн өдөр хоног цөөнгүй тохионо. Сургуулийнхаа цайны газарт сэтгэлээ цадтал хооллохгүй ч ходоодоо дүүртэл “хоосон гурил” зооглож болно.

“Хоосон гурил”-ыг хэд хэд дахин хэрэглэсэн хуучин тосонд хайрч, хуурч, шарж, түлж шажигнасан сайхан зоог бэлтгэнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна хэмээн өнөөх гурилынхаа үнийг өдөр бүр өсгөнө. Махгүй, тэгсэн хэр нь 600-800 төгрөгөөр үнэлэгдэх пирожки, хуушуурын үнэ миний л мэдэхээр сүүлийн хэдэн жилд өссөн үү гэхээс буураагүй. Энэ төрлийн хоолны гол орц болох мах нь үгүй болохоор үнэ өртөг нь хямд баймаар. Пирожкиний хувьд амны халбага хүрэх үү, үгүй татсан махыг будаа, луувантай хольж, захын цайны газар 600 төгрөгөөр үнэлнэ. Харин хуушууранд хараахан будаа, лууван хийх болоогүй юу махны өөдсөөр аргацаана. Арван жилийнхний амтархан иддэг алдарт ороомгийг хамгийн хямдхан хиамаар хийнэ. Хиймэл өөхтэй, хатсан гурилтай хиам гэх юуны ч юм махтай ороомог эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхгүй нь тодорхой. Уншигч та хүүхдийнхээ сургуулийн цайны газраар нэг үйлчлүүлээд үзэхэд гэмгүй л болов уу. Таны өгсөн халаасны мөнгөөр танхил үр чинь юу авч иддэгийг сонирхоход гэмгүй. “Эрүүл монгол хүн” гэж амтай болгон буравч нийтийн хоол гэгч нийтээр нь хороох хор болсоор удлаа. Идэж буй хүнс нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байхад “Эрүүл монгол хүн” гэх ойлголт энд хэрэглэхэд гоёдох үг болов уу. Манай улсад бүртгэгдсэн нийт хорт хавдрын тохиолдлын 30 гаруй хувийг ходоодны хорт хавдар эзэлнэ. Эл хорт хавдраар нас баралтын тоо ч эхний гуравт багтдаг. Мэргэжлийн эмчийн зөвлөж буйгаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол зүй зохистой, эрүүл хооллолт аж. Гэтэл хорт хавдраас өмнө хоолны хордлогоор хорвоог орхих нь ихэссэн гэвэл дэгэстүүлсэн болохгүй байх. Нийтийн хоол нэрээр нийтээрээ хордсоор байх уу.

Мэргэжлийн бус мэргэжлийн хяналт

Миний мэдэх мэргэжлийн хяналт гэдэг ойлголт болохгүй, бүтэхгүй асуудлыг хуулийн хүрээнд, хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд шийдэхийг хэлнэ. Гэвч манай мэргэжлийн хяналтынхан “мэдсэн ч мэдээгүй” гэх зарчмаар ажиллаад удаж байгаа бололтой. Сүржин даржин нэртэй ч сүртэй хийж гийгүүлсэн юмгүй мэргэжлийн бус мэргэжлийн хяналтынхан маань дээр дурдсан махгүй пирожки, мантуун буузаар хооллодоггүй, “жижигхэн” цайны газраар зочилдоггүй хүмүүс байх нь. Нийтийн хоолны үйлчилгээ, цайны газруудын ариун цэвэр, ахуй орчин гээд мэргэжлийн биш бидний нүдэнд мэдэгдэхүйц өртдөг асуудлыг мэргэжлийн хяналтынхан харахгүй өнгөрдөг бололтой. Улаанбаатарт арван мянга гаруй цайны газар тогтмол үйл ажиллагаа явуулдаг ч шаардлага хангах нь цөөн. Подваль, орц, чингэлэг гэхчлэн зориулалтын бус байр саванд үйл ажиллагаа явуулж буй нь нөгөөх стандарт нь биш л байлтай. Түүнчлэн хоносон хоолоо хольж хутгаад холимог хуурга хэмээх нь мэргэжлийн талаасаа анхаарал татмаар. Холимог хуурга гэх хоолны хольц, жор нэр төрөл нь ч тоймгүй олон болсон. Хоносон хоолыг хэдэн янзаар хольж хоол биш хор болгодгийг захын цайны газраас амталж болно. Хятад, солонгос хоолыг дагаад манай хоолны нэр төрөл ч тоо тоймоо алдсан энэ үед холимог хуурга гэх хоол моодонд ороод байна. “Хоносон хоол хор” гэж хөгшид хэлж л байдаг. Хоносон хоолоор үйлчлэхийн дээр цайны газар бүхэн цахилгаан халаагч буюу “пэйч”-нд хоолоо халаадаг нь хамгийн том дутагдал гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудын нийтийн хоолны үйлчилгээ, сүлжээ, цайны газруудад энэ аргаар хоол халаах, бэлтгэх, дахин боловсруулахыг хориглоод удаж буй. Түүнчлэн сар бүр тухайн цайны газрын хоолны орц, түүхий эдэд нарийн шинжилгээ хийдэг улс орон ч цөөнгүй. Хоолыг соёл болгосон Солонгос, Япон зэрэг улс оронд хүн амын эрүүл аж төрөхийн үндэс нь хоол хэмээн нийтийн хоолны үйлчилгээнд маш ихээр анхаардаг. Тиймээс ч мэргэжлийн хяналтынхан нь ч мэргэжлийн байх нь дамжиггүй.

За бараг бүхий л хоолны газрууд хэрчсэн гурилаар хоол хийдэг гэвэл нэг их худлаа хэлсэн болохгүй. Гэтэл хэрчсэн гурилын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс дахин хэрчсэн гурилтай хоол идэхгүй гэж хэлэхийг цөөнгүй л сонсч байлаа. Энэ мэт нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудтай холбоотой асуудал дуусахгүй. Хоол хогоо хольсон хоолны нэртэй “хор”-оор үйлчлэгчдийг хэн хазаарлах вэ. Энэ мэт орчин нөхцөл, ажилчдын хувийн ариун цэвэр, хоолны амт, чанар, үйлчилгээ гээд л “мэргэжлийн хүмүүс”-т хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн бус асуудал цөөнгүй.

Хоолны газрынхаан, та нар чинь хүмүүс юм уу тавьтын цагаан мөнгө юм уу

Нийтийн хоолны үйлчилгээ, хоолны амт чанар, ахуй, орчин нөхцөлийн ариун цэвэр муу байна гээд дан ганц “мэргэжлийн бус” хүмүүсийг буруутгаж болохгүй. Угтаа, бар паб, ресторан, зоогийн газар, гуанз, хоолны газрын эзэд ч үүнд буруутай. Амар хялбараар мөнгө олох гэсэн цайны газрын эзэд үйлчлүүлэгч хаан хэмээв ч үнэн хэрэгтээ өөрсдөө хаан болсоор удлаа. Мөнгө л олж байвал мөрөн дээрх толгойгоо ч тасалж өгөхөөс буцахгүй хүмүүс энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг нь нийтийн хоолны үйлчилгээнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл. Тодорхой хэмжээнд ашиг олж буй хүмүүс албан байгууллагынхаа ариун цэвэр, орчин нөхцөлд анхаарал тавьж болмоор. Миний мэдэх нэг жижигхэн цайны газар сүүлийн зургаан жилд нэг ч засвар хийгээгүйг санаж байна. Үүдээр нь орохоос аваад л хоол биш хогны үнэр ханхалсан тэр газарт ямар ч үйлчлүүлэгч хаан байж чадахгүй. Зөөгч нь шалаа арчиж байгаад хоолыг тань авчирч өгөх энүүхэнд. Харсаар байтал угаалгын өрөө орчихоод гараа ч угаалгүй хоолоо хийх тогооч нар ч цөөнгүй. Гэтэл, гадаад орнуудад тогооч бол хамгийн хариуцлагатай мэргэжил. Хоолноос өмнө хамгийн чухал зүйл бол үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж байдаг. Нийтийн хоолны газрын ажилтнууд нь зориулалтын малгай, хормогч өмсөхөөс гадна амандаа шүлс үсрэхээс хамгаалсан хуванцаар хаалт зүүнэ. Хоолонд орохоос сэргийлж ажил эхлэхэд бөгж, ээмэг гэгчлэн үнэт эдлэлээ ч тайлна. Тэр ч бүү хэл Японд үс нь хоол руу орохоос сэргийлж бүх тогооч нь үсээ хусуулдаг ч цайны газар байж л байна. Гэтэл манайхан үс битгий хэл үхсэн жоом, ялаа цаашлаад шүдний чигчлүүр, тамхины ишээр хоолоо “амтална”. “Мэргэжлийн биш” хүмүүс нь санаа тавьдаггүй юм гэхэд хоолны газрын эзэд нь үйлчлүүлэгчдээ хаан шиг хандмаар юм.

Нийтийн хоолны үйлчилгээг нэг шат ахиулж болно

Нийтийн хоолны үйлчилгээг нэг битгий хэл нэлээн хэдэн шатаар ахиулж буй нь бий. Өчигдөрхөн ШУТИС-ийн I байрны цайны газрыг орчин үеийн стандарт шаардлага хангасан хоолны газарт байх бүхий л үйлчилгээг нэвтрүүллээ. “Meal plus” хэмээх эл цайны газрыг БСШУЯ, Солонгосын “Сү Янг” ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгууллаа. 330 м/к бүхий эл цайны газар нь арван мянга гаруй оюутантай тус сургуулийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана. Үүдэнд нь гар ариутгагч бүхий угаалтуур, үйлчлүүлэгчийн биеийн байдал, тухайн өдрийн идвэл зохих хоолны хэрэгцээг хянах цахим хэмжигч байрлуулсан нь өөдлөх айл үүднээсээ гэдгийг илтгэнэ. Цаашилбал мөн үүдний хэсэгт хүнсний дэлгүүр байх бөгөөд жимс жимсгэнэ, амттан зэрэг ойр зуурын бараа бүтээгдэхүүн худалдаална. Уг дэлгүүрт буй ундаа шүүсний дотор хийжүүлсэн ундаа нэг ч үгүй. Цэвэр жүүс, шүүс л худалдаалах бөгөөд лангууных нь эсрэг талд хөнгөн хооллож болох тавцантай аж. Мөн баристо, моча, каппучино зэргээр үйлчлэх кофений кафетай. Мөн 12 хүний багтаамж бүхий вип өрөөтэй аж. Хоолны газрын хамгийн чухал хэсэг болох гал тогоо нь үйлчлүүлэгчдийн өмнө бүрэн нээлттэй бөгөөд хоолыг тань хэрхэн хийж байгааг шууд харж болно. Халбага сэрээ, аяга таваг, сав суулганаас аваад бүхий л зүйлсээ тусгай ариутгагч саванд ариутгана. Үйлчилгээний үнэ нь ч оюутнуудад нэн тохтирсон нь бусад сургууль, хоолны газруудад жишээ болмоор санагдсан.
0 Сэтгэгдэл
Хулан цагаан зээрний мах маш бага тэмээ бол тансаглал гэж бодох хэрэгтэй
ха ха
Хамгийн их уншсан