Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээн байгуулалтад улсын төсвөөс 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Энэ оны төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарч тодотгол хийсэн. Учир нь нүүрс, зэсийн үнэ хямдарч орж ирэх орлого буурсан. Ирэх онд ч ашигт малтмалын үнэ төдийлэн өсөхгүй хэмээн зах зээлийн шинжээчид үзэж байгаа. Иймд ирэх жил бид бас л бүсээ чангалах болоод буй. Сангийн яамнаас гаргасан судалгаагаар нийт ашигт малтмалын экспортын 45 хувийг зэс, 39 хувийг нүүрс, 12 хувийг төмрийн хүдэр, нэг хувийг жонш, бусад ашигт малтмал гурван хувийг тус тус эзэлж байгаа. Энэ онд 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх учиртай.
Одоогоор 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бодитой санхүүжүүлээд байна. Ингээд 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үлдсэн. Он дуустал уг хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй. Ийм боломж цаг хугацаа, төсвийн орлогод ч алга. Иймд хөрөнгө оруулалт тасалдах нь ойлгомжтой юм. Ирэх жилийн төсөв энэ оны төсвийн гүйцэтгэл ямар байхаас ихээхэн шалтгаална. Дутуу хийгдсэн дээрх хөрөнгө оруулалт  ирэх жилийн төс­вөөс хийгдэх болоод байна.

Тэгэхдээ  ашиглалтад орж байгаа барилга байгууламжийн санхүүжилтийг өгөх аж. Мөн тодорхой ажил хийсэн, бодит үр дүн гарсан төслүүдэд мөнгө өгөх болсон байна. Иймд УИХ 240 хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж үнэлэлт, дүгнэлт гаргах шийд гаргажээ. Эдгээр төслийг одоо Үндэсний Аудитын газар шалгаж байгаа юм.  Оны эцэст  тухайн жилд хуваарилсан төсвийн мөнгө хураагддаг. Ингээд  зарим байгууллага  үлдсэн  мөнгөө яаж ийгээд авах сонирхолтой байдаг.  Тэгээд хийгээгүй ажлаа хийсэн болгож бичих явдал гардаг билээ. Тэгэхээр уг шалгалтаар бодит байдлыг нь тогтоож  тухайн төсөл, арга хэмжээнд санхүүжилт өгөх эсэхийг шийдэх юм. Мөн  гүйцэтгэгч нь тодроогүй, ажлаа хийгээгүй  ажилд хөрөнгө оруулалт өгөхгүй.

Сүүлийн жилүүдэд улсын төсөв нэмэгдэж ирсэн. Тухайлбал, 2012 онд 4.9 их наяд төгрөг байв.  Энэ жилийн төсөв 6.3 их наяд төгрөг. Ирэх жилийнх 6.9 их наяд төгрөг болж батлагдсан. Нэг тонн зэсийн үнэ одоо 7000 ам.доллар байна. Цаашид уг үнэ буурч магадгүй гэсэн төсөөлөл гараад байгаа. Харин  зэсийн үнийг  ирэх жилийн улсын төсөвт нэг тонн нь 6200 ам.доллар байхаар тооцсон. Мөн нүүрсний үнэ төдийлэн өсөхгүй төсөөлөл бий. Гэхдээ экспортыг нь нэмэгдүүлснээр төсөвт орох орлого өснө хэмээн үзэж буй юм.  Энэ жилийн төсвийн зарлага 6.6 их наяд төгрөг бол ирэх жилийнх 7.2 их наяд төгрөг хэмээн  тооцсон. Ирэх онд манай улсын ДНБ 20 их наяд төгрөг хэмнэж байгаа. Ингээд ирэх жилийн төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувь буюу 410 тэрбум төгрөг  байгаа ажээ. Уг алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас 1.400 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргах ажээ. Харин ДНБ-ий өсөлт 22.7 хувьтай байхаар тооцжээ.
Ирэх оны төсөвт өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 40 хувь байна хэмээн баталсан. ЭЗХЯ, Сангийн яам өрийн энэ хязгаарыг 60 хувьд хүргэх санал гаргаад дэмжигдээгүй билээ. Хэрэв дэмжигдсэн бол “Чингис бонд”-ын үлдсэн 3.5 сая ам.долларыг нь босгох боломж бүрдэх байжээ. Гэвч Сангийн сайд Ч.Улаан  “Манай улсын өр ДНБ-ий 49.5 хувийг эзэлж байгаа. Энэ нь улсын өр ДНБ-ий 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн хязгаарт нийцэж буй гэсэн үг. Ирэх онд 40 хувиас хэтрэхгүй байх учиртай. Гэхдээ энэ хязгаарын хүрээнд Самуурай бонд, нефть боловсруулах үйлдвэрийн хөрөнгө босгох боломж бий” хэмээсэн.
 
Ирэх жил арьс ширний урамшуулалд 20 тэрбум төгрөг олгоно

Ингээд ирэх жил хэрэгжих зарим хөтөлбөр, арга хэмжээний талаар дор өгүүлье. Одоогоор таван аймаг төсвөө баталж чадаагүй байна. Учир нь ИТХ нь хуралдаж чадахгүй маргаантай байгаа юм. Төсвийн эрх мэдлийг тухайн орон нутагт нь шилжүүлж буй билээ. Иймд ирэх жилийн төсөвт 290 тэрбум төгрөг орон нутгийн мэдэлд өгчээ. Өөрөөр хэлбэл, нэг аймагт 15 тэрбум, нэг суманд 200-300 сая төгрөг очих аж. Улсын төсвөөс Сум хөгжүүлэх санд хуваарилсан мөнгө 2011-2013 оны хооронд 72 тэрбум төгрөг болсон юм. Иймд нэг суманд дунджаар 200 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө бий болжээ. Ингээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг 150 сая төгрөгт хүргэх зорилт  биелж буй юм. Иймд ирэх жилийн төсөвт уг санд 12 тэрбум төгрөг байхаар батлаад байна.  Ирэх жилийн төсвийн урсгал зардал 5.3 их наяд төгрөгөөр батлагдсан. Үүний 1.5 их наяд нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл, бараа үйлчилгээний зардал нэг их наяд, зээлийн үйлчилгээний төлбөрт 462 тэрбум, татаас урсгал шилжүүлэгт 2.2 их наяд төгрөг тус тус төлөвлөгдсөн байна. Он гараад цалин, тэтгэвэрийг үе шаттайгаар  нэмнэ гэж байгаа.  Иймд улсын төсөвт нийт 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгажээ.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Уг хуульд нийт 72.2 мянган иргэн хамрагджээ. Тэдний тэтгэвэрийн нэмэгдэлд 31.6 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусган баталжээ. Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэрт гарсан, хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувь алдсан хөгжлийн бэрхшээлтэй 74 мянган иргэн тэтгэмж авдаг. Ингээд нэг иргэн сард 103 мянган төгрөгийн тэтгэмж авдаг билээ. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсанаар халамжийн сангаас тэтгэвэр авч буй ахмад настан 159, хөгжлийн бэрхшээлтэй 7920 иргэн, нийгмийн даатгалын сангаас хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу сар бүр 145 мянган төгрөгийн тэтгэврийг ирэх сараас олгож эхлэхээр боллоо. Ингэснээр нийгмийн халамжийн сангийн төсөв 10 тэрбум төгрөгөөр буурсан бол нийгмийн даатгалын сангийн зарлага 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Цахилгаан дулааны үнэ өнгөрсөн намар нэмэгдсэн билээ.  Иймд эрчим хүчний салбарт төсвөөс олгож байгаа татаасыг ирэх онд 4.6 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Мах, улаанбуудай, арьс, шир, ноосны урамшуулал олгож байгаа. Энэ онд уг урамшууллын мөнгө нэмэгдсэн билээ. Ингээд ирэх жилийн төсөвт арьс ширний урамшуулалд 20 тэрбум төгрөг олгохоор тусгав.

Боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ

Манай улсад эдийн засагт тохиолдоод байгаа  хүндрэл хараахан арилаагүй байна. судлаачид ирэх жил бас л хүндхэн сорилт хүлээж буй анхааруулж буй юм. Гэсэн хэдий улсын төсвөөс ирэх онд 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Нийт хөрөнгө оруулалтын 81.4 хувь буюу 930 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад зарцуулна. Мөн их засварын ажилд 3.9 хувь буюу 44.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бас техник тоног төхөөрөмж авахад 117 тэрбум төгрөг зарцуулах боллоо. Үүнээс гадна 50 тэрбум төгрөгийг дараа жилүүдэд  хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл хангах ТЭЗҮ, зураг төсөл хийх судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөөд байна.   Энэ жил хэрэгжүүлсэн 242 төсөл арга хэмжээний биелэлтийг  Үндэсний Аудитын газар шалгаж байгаа. Хариу удахгүй гарна. Ингээд биелэлт нь сайн гарсан төслүүдийг санхүүжүүлэх юм. Үүнд шаардлагатай 139 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцад тусгажээ. Хамгийн их хөрөнгө оруулалт авсан салбар нь  Боловсрол, шинжлэх ухааны яам. Энэ онд тус салбарт 125 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн байна. Удаад нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам 39, Барилга хот байгуулалтын яам 24 төсөл арга хэмжээгээр жагсч байгаа юм.

Урьдчилж авсан мөнгөний үндсэн төлбөрт 128 тэрбум төгрөг төлнө

Хүний хөгжил санд ирэх жил  549 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.  Үүний 70 хувь буюу 534 тэрбумыг нь ашигт малтмалын нөөц ашиглсаны төлбөрөөр бүрдүүлэх ажээ. Үлдсэн 15 тэрбум төгрөгийг ногдол ашгаас оруулах юм. Уг сангаас эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг иргэд бий. Тэдний даатгалд ирэх жил 12 тэрбум төгрөг зарцуулах боллоо. Төрөөс 0-18 нас хүртлэх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож буй. Үүнд нийт 240 тэрбум төгрөг төлвөлжээ. Тус сангаас 2012 оны төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын 313 тэрбум төгрөгийн бондын хүүгийн төлбөрт 31 тэрбум төгрөг төлнө. Үүнээс гадна тус бондын үндсэн төлбөрт 80 тэрбум төгрөг төлнө. Засгийн газар “Оюу толгой”  компаниас 250 сая ам.долларын урьдчилгаа авсан. Уг мөнгийг ирэх жилээс төлхөөр төсөвт тусгаад буй билээ. Ингээд эхний 100 сая ам.долларын хүүгийн зардалд 23.5 тэрбум төгрөг өгөхөөр Хүний хөгжил сангийн төсөвт оруулаад байна. Мөн “Оюу толгой”, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван толгой” компаниудын авсан урьдчилгаа төлбөрөөс 370 тэрбум төгрөгийг төлөх болжээ.
Ирэх онд 28 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр 297 төгрөг гадаадаас шинээр зээлэхээр төсөвт тусгажээ. Энэ мөнгөний 7.3 тэрбум төгрөг нь орон нутгийн төсөвт  ногдоно. Үүнээс гадна урьд жилүүдэд авсан зээлээ эргэн төлөх учиртай. Иймд зээлийн үндсэн төлбөрт нийт 128 тэрбум төгрөг төлнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан