Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭР ЗОРИГООР ЗЭВСЭГЛЭСЭН ЭНХ ЦАГИЙН ЭХ ОРОНЧИД
Нохойд барьдаг мод гэгчээр аминд тулсан аюул бүхнийг амь хайргүй сөрөн зогсдог хүмүүс бол Онцгой байдлынхан. Тэр дундаа гал сөнөөгчид бол гамшгийн халуун цэг болох гал хэмээх улангассан “мангас”-ын өмнө эв санаагаа нэгтгэн эр зоригоороо зэвсэглэн зогсдог хүмүүс. Өнгөрөгч амралтын өдрүүдээр тэдний ажил албыг сурвалжлахаар Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар ангийг зорьсон юм. Улсын онцгой объект болохын хувьд орох, гарахаас аваад хатуу чанга харуул хамгаалалттай. Үүдний харуулд хэрэг зоригоо хэлбэл, “Хэвлэлийн ажилтантай уулзаж зөвшөөрөл авах хэрэгтэй” гэв. Шатаар өгсч гурван давхрын мухрын өрөө рүү зүглэлээ. 309 тоотыг тогшвол “Ор, ор” хэмээн эмэгтэй хүний дуу гарч байна. “Танай гал сөнөөгчидтэй хамт галын дуудлагад явж, сурвалжлага хийх гэсэн юм” хэмээвэл бичиг цаас хөглөрсөн ширээний ард суугаа бүсгүй “Бололгүй яахав. Гэхдээ ангийн захирагчаас асууж лавлах хэрэгтэй. Хэрэв зөвшөөрвөл болохгүй юм байхгүй ээ” гээд С.Цогтбаяр хэмээх хүний утасны дугаарыг өглөө. Ангийн захирагч руу нь залгавал маргааш хүрээд ир гэлээ.
Маргааш нь С.Цогтбаяр хурандаатай тохирсон ёсоор товлосон цагтаа 10 дугаар ангид очлоо. Үд өнгөрч, цаг 14:00 гозойж байхад аравдугаар ангийн үүдэнд ирвэл ахлах ахлагч Н.Лхагвацэдэн угтан авч, урт хонгилоор дагуулан явсаар утсаар ярьсан ангийн захирагчийн өрөөнд хүргэв. Урт хүрэн ширээний ард суугаа ангийн захирагч уриалгахнаар угтан авч мэндчилээд суу хэмээж байна. Анги нэгтгэл, ажлын онцлог, алба хаагчдынхаа тухай товч мэдээлэл өгөөд дуудлагад явахаар болбол дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ч танилцуулав. Үүний дараа доод давхар руу бууж парк буюу галын машины томоос том граж руу орлоо. Сүрдмээр том галын машинууд сүр жавхаатай харагдах бөгөөд эл граж нь нийтдээ долоон машин багтаах аж. Ангийн захирагчийн хамтаар гал сөнөөгчдийн амралтын өрөө рүү орвол цэнхэр хувцсаар ижилссэн алба хаагчид цэрэг адил босч ёслов. Бие бүрэлдэхүүнтэй танилцсан би ангийн үүсэл хөгжлийн тухай асууж сонирхвол Монгол Улсад гал түймэр унтраах анхны мэргэшсэн байгууллага болох Алтан гадас одонт гал унтраах 10 дугаар анги нь 1925 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Анх арван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан эл анги 1981 оны долдугаар сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар гал унтраах ажилд онцгой гавьяа байгуулсан хэмээгдэн төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнуулж байжээ.
Ангийн захирагч С.Цогтбаяр хэрийн сайд даргаас ч илүү ажлаа мэддэг, анги нийтийг ахлан удирдаж чаддаг нэгэн гэдэг нь алба хаагчидтай харьцаж буйгаас нь илт. Тэрээр эл ангийн захирагчаар 2010 оноос хойж ажиллаж байгаа аж. Анх 18 наснаасаа гал унтраах ангид ажилласан тэрээр амьдралынхаа 25 жилийг аюулт галтай тэмцэхэд зориулсан гэнэ. “Би 25 жил гал унтраах ангид ажиллаж байна. Бага залуугаасаа ажилласан болоод ч тэр үү ажилдаа их хайртай. Харин одоогийн залуус гал сөнөөгчөөр ажиллах сонирхол муутай болчихож. Угтаа, хэдий хөдөлмөрийн хүнд нөхцөл ч гэлээ хамгийн сайхан ажил мэргэжлүүдийн нэг нь гал сөнөөгч. Жил ирэх бүр энэ албанд орж буй хүүхдүүдийн биеийн өндөр намсаад, бие бялдрын хөгжил нь ч муудаад байна. Жинхэнэ эр хүн энэ хариуцлагатай хэр нь аминд халтай ажлыг хийдэг. Ихэнх нь орсон даруйдаа шантраад эргээд гарчихдаг юм. Харин манай залуус бол жинхэнэ шалгарсан эрс” хэмээн их цэвэрлэгээ хийж буй бие бүрэлдэхүүнийг заав. Үнэхээр ч гал унтраах 10 дугаар ангид ажиллаж, алба хаана гэдэг нь нэр төрийн хэрэг аж. Нийслэлийн хэмжээнд нийт 14 анги нэгтгэл байдаг ба ажил үйлс, хөдөлмөр бүтээмжээрээ хэн хүнээс илүүрхэж, үнэлэгдэж чадсан нэгэн эл ангид элсдэг аж.
Ангийн захирагчийн дайтай алдар хүндийн эзэн бол Салаан даргын орлогч Н.Лхагвацэдэн. Тэрээр ард иргэдийн амь нас, аз жаргалд халуун гал халдахаас сэргийлж Гал унтраах ангид мөн л 25 жил ажиллаж буй нэгэн. Хамт олныхоо дунд хүндтэй хүний нэг болохын хувьд Галын олон төрөлт спортын мастер аж. Тэр ч бүү хэл, марш тактикийн тэмцээний багийн болоод ганцаарчилсан төрөлд жил тутам оролцож ихэвчлэн тэргүүн байр хүртдэг хашир туршлагатай тамирчин. Тэрээр дөрвөн жил дараалан түрүүлсэн амжилтаар салбартаа манлайлахаас гадна бусад гал сөнөөгчдөө ч өндөр төвшинд бэлтгэдэг аж. Түүний багш нь Гал унтраах ангид насаараа ажилласан Т.Отгон гэгч бөгөөд дэд хурандаа цолтой гавьяандаа гарсан гэнэ. Багшийн эрдэм шавьд гэгчээр Н.Лхагвацэдэнг өөрөө чамгүй олон шавьтай нэгэн.
Түүнтэй хууч хөөрч гражинд хэсэг суух зуур галын машинуудыг нь сонирхсон юм. Тус анги 2003 онд Япон улсын тусламжтайгаар техник, тоног төхөөрөмжөө шинэчилсэн бөгөөд энэ онд мөн л Японы “ЖАЙКА”-гийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийсэн гэнэ. Нийт долоон галын машинтай бөгөөд 30 метр урт сунадаг аврах шат бүхий нэг машин, харанхуйд галын голомт болоод орчин тойрныг гэрэлтүүлэх гэрэл холбооны машин, нефтийн гаралтай түймэр унтраахад түлхүү ашигладаг хөөсний машин мөн нэг байх бөгөөд бусад нь өөртөө насос, шавхуурга бүхий өөр өөр даацын усны машинууд гэнэ. Хамгийн бага нь 3.5 тонн багтаамжай бол арав орчим метр урт аварга улаан машин арван тонн ус агуулах хүчин чадалтай ажээ.
10 дугаар ангийн захирагчаас аваад ажилтан албан хаагч, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гээд шинэ содон санагдсан бүхэнтэйгээ нэгд нэгэнгүй танилцсаны дараа хийх юмгүй хэсэг зурагт үзэж суутал салаан даргын орлогч амралтын өрөөнд орж ирээд алба хаагчдыг командлан “Цэвэрлэгээндээ гар” гэлээ. Тухлан сууж кино үзэж байсан гал сөнөөгчид маань даргын тушаалаар даруйхан өндийж хүн бүр хувинтай ус, хогийн шүүр, шалны мод зэргээр бүрэн “зэвсэглэв”. Эхэндээ гайхсан ч энэ нь тэдний өдөр тутам хийдэг ажил гэнэ. Сайтар ажиглавал хоёр тогоочоос өөр эмэгтэй хүнгүй эл ангийн угааж арчих бүхий л ажлыг гал сөнөөгч, гарамгай дайчид маань хийдэг гэнэ. “Бид чинь бүдүүн бараг мэт боловч энэ мэт зүйлсийг өөрсдөө хийчихнэ шүү дээ. Заавал үйлчлэгч, цэвэрлэгч гээд байлгүй өөрсдөө хийчихэж чадах юмыг өөр хүнээр хийлгээд яахав, тийм үү” хэмээн гантиг чулуун шалыг гялалзтал өнгөлж буй нэгэн гал сөнөөгч хэлэв.
Энэ бол хоосон магтаал биш. Гал унтраах ангийн гуравдугаар салааны 20 гаруй эрчүүдтэй 20 орчим цаг хамт байхад гэрт орж эм, гадаа гарч эр гэж тэднийг л хэлдэг болов уу гэсэн бодол төрнө. Гадаа хашаанаас аваад ганц ширхэг ч чихрийн цаасгүй анги нэгтгэлийн байр яг л арчсан толь мэт гялалзана. Угаалгын өрөө, урт гражийн булан тохой, хана тааз гээд хамаг юм нь ширхэг ч тоосгүйн дээр гайхалтай эмх цэгц гэдэг гагцхүү энд л бий. Шуурхай дуудлагын үед өмсөх тусгай хувцас хэрэглэл, багаж зэвсэглэл гээд бүгдийг жирийтэл хураан тавих бөгөөд сандал ширээ, өрөө тасалгаа, галын машинууд 10 дугаар ангийн эд хогшил бүр эмх цэгцийг илтгэнэ. Байнгын эмх цэгцтэй байдал нь дадал болсон болов уу гэлтэй дарга, цэргээс аваад хүн бүр хувийн зохион байгуулалтыг нэгдүгээрт тавина. Машин бүрийг хариуцаж авсан жолооч, гал сөнөөгчид нэгд нэгэнгүй цэвэрлэх бөгөөд галын дуудлагад яваад ирсэн даруйдаа л дугуйны завсар дахь тоос шороог ч нэгд нэгэнгүй зүлгүүрдэж угаана. “Гражийн шалыг саван, угаалгын нунтгаар угааж байгаа биднээс өөр хүнийг харсан уу чи” гэж хэлээд шал арчиж буй жолооч П.Баасанцэрэн хүд хүд хийн инээв. Үнэхээр ч гражийн шалыг хүртэл угаалгын нутгаар угаах нь хэрийн эмэгтэй хүнээс хавьгүй илүү санагдсан.
Өдөр 14:00 цагт ирсэн ч орой болтол нэг ч дуудлага ирсэнгүй. “Хүсэхэд хясна гэдэг юм даа, хүлээгээд байхаар дуудлага хэр барагтай ирдэггүй юм” хэмээн гал сөнөөгчид хэлнэ. Надаас өмнө хэвлэл мэдээллийнхэн цөөнгүй ирж байсан ч галын дуудлага ирэлгүй ганзага хоосон буцсан нь их гэнэ. Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээ бэлтгэхээр ирж бүтэн өдөр хүлээсэн ч дуудлага ирэлгүй байсаар шөнө 01:00 цагийн үед явав уу, үгүй юү гал гарч дуудлага ирсэн тухай хуучлав. Би ч шөнө дөл хүртэл хүлээчихээд хийсэн ажилгүй буцна гэж бодохоор сэтгэл гонсгор байсан ч нөгөө талаас гал түймэр гарахгүй бол сайнсан хэмээн өөртэйгөө тэрсэлдэнэ. Оройн тооллого хийж шар дуулгатай дайчид маань төрийн дууллаа дуулж дуусмагц хувийн бэлтгэлдээ гарав. Амралтын өрөөнд ажилчдын нэгэнтэй буу халан суутал жингэнэсэн дуут дохио хангинав. Граж, гадаа талбай, амралтын өрөө гээд хаа сайгүй цуурайтах дуут дохионоор гал сөнөөгчид бүгд хувцаслаж эхлэв. Ердөө 20-иодхон секундын дотор хувцсаа өмссөн гал сөнөөгчдийн хамтаар машинд үсрэн суулаа.
Багагүй хүлээсний эцэст 21:02-т ирсэн дуудлага шинэхэн “гал сөнөөгч” миний анхны дуудлага байсан бол гал унтраах 10 дугаар ангийн энэ оны 1001 дэх дуудлага. Дарь-Эхийн эцсээс наахна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлага авмагц найман тонн усаар цэнэглэсэн томоос том галын улаан машинд зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хэдийнэ байраа эзлэв. Ангиас гармагц Салаан захирагчийн туслах, ахлах ахлагч Н.Лхагвацэдэн багийн гишүүдэд гүйцэтгэх үүрэг болоод аюулгүй ажиллагааны тухай зааварчилгаа өгч мөн хажуудаа суугаа жолоочдоо хаагуур явбал түгжрэлд саатахгүй тухай зөвлөнө. Гамшиг, тэр дундаа гал түймэр гэдэг минут, секундаар хэмжигдэх учир гал сөнөөгчдийн хувьд цаг бол алт, амь нас цаашилбал ажлын хариуцлага. Энэ ч утгаараа айл өрх, албан байгууллага биш хогийн цэг ч гэлээ хором ч алдаж болохгүй. Гал газар авч ойр орчинд тарах аюултай тул яаран хөдлөх нь чухал.
Улаан, цэнхэр дохио анивчуулж, урд яваа машинуудыг цагаан хоолойгоор зам тавихыг анхааруулавч залхуу хойрог жолооч нар зам дээр мөлхөхөөс хэтрэхгүй. Жирийн үед дайрчих шахам хурдлах мөртлөө яаралтай дуудлагын үед явж өгдөггүй тэд гал сөнөөгчдийн хувьд “гамшиг” болсон зүйл. Дуудлага хүлээн паркийн харуулд гарч буй гал сөнөөгчидтэй элдвийг хөөрөлдөн суухад энэ тухай бүгд л онцолно. “Манай жолооч нар замын хөдөлгөөний наад захын соёлгүйгээс гадна бидний албыг хүний амь нас, хөрөнгө мөнгө хариуцсан ажил гэдгийг огтхон ч хүндэлдэггүй. Гэхдээ бүгд биш л дээ. Яаралтай дуудлагын үед яг зам таглаад зогсчихдог жолооч нар ч байдаг. Зарим нь бүр албаар зам хаана гээч. Угтаа, тэр хүний өөрийнх нь гэр орон ч галын аюулд өртсөн байж болох шүү дээ. Тэр тухай эргэцүүлж бидний ажлыг хүндэтгэх хэрэгтэй байтал хүнд суртал гаргах нь элбэг” хэмээн залуу гал сөнөөгч Э.Энхмандах харуулд гарч байх үеэрээ учирлав. Зарим нэг хүнд сурталтнууд зам тавьж өгөхийн оронд “Тойроод гар” гэж “томрох” үе ч байдаг аж.
Түгжрэн байж Зуун айлын уулзвараар Дарь-Эх тийш эргэлээ. Захын хороолол руу хөдөлгөөн арай сийрэг болсон ч зам дагууд нүүрс, мод шуудайлан зардаг хүмүүсээс түлээ нүүрс авахаар зам дагуу машинаа байрлуулсан жолооч нар мөн л саад болно. Нэг зорчих хэсэг бүхий сөрөг урсгалтай хоёр эгнээ замын нэг талд нь машин байрлуулчихаар галын машин гарахад бэрх. Өвлийн цагт Улаанбаатар хот утаан хүрмээ өмсч бүхэлдээ битүү саарал утаанд уусна. Ойролцоогоор 50 орчим метрийн цаана байгаа зүйл утаан дундаас төдийлэн харагдахгүйгээс гадна айл бүрийн яндангаас суунаглах утаа гал гарч байгаа мэт санагдана.
Зургаан хүний арванхоёр нүд замын хоёр талыг завсар зайгүй нэгжин явсаар их утаан дундаас эрсэн газраа олов. Явсаар зорьсон газраа ирвэл гал газар аваагүй ч асч байгаа бололтой хогийн савнаас хөх утаа олгойдож байв. Галын голомтод ирвэл хогний машины тэвшээр хийсэн хогийн саван дээр хоёр гал сөнөөгч үсрэн гарч царил төмрөөр овоолсон хогийг ухаж эхэллээ. Барилгын хог голцуу хогийн саванд хэн нэгэн нь цогтой үнс нурам хийсэн бололтой хогийг нь ухаж байхад бужигнасан цагаан үнс өөдөөс нь пургина. Удсангүй утаа, галын голомтыг олсон бололтой гал сөнөөгч нар утаа гарч буй хэсэг рүү ус шүршин унтрааж улалзсан догшин галыг усаар номхруулах нь тэр.
Усны хоолойгоо эвхэж улаан машиндаа суугаад ангийнхаа зүг аяархан хөдөллөө. Үдэш 22 цаг болсон ч их хотын амьдрал өрнөсөөр л. Замын ачаалал их, эгнээ байраа буруу эзэлсэн жолооч нар энд тэндээс шахаж түгжрэл үүсгэнэ. Аюулыг дарсан “дайчид” маань амьсгаа авах сөхөөтэй болж ангийн зүг явах зуур амны зугаа болгон ажлаа хийж явахад нь тохиолдсон аюултай бас хөгжилтэй явдлуудаа хуучилна.
Ангидаа ирлээ.., ахлах ахлагч Н.Лхагвацэдэн дуудлагад явсан сэтгэгдлийг минь асуугаад “Ихэнх галын дуудлага орон байрных байдаг юм. Цахилгаан утасны масс, богино холболт, зуух, пийшин, ил задгай асгасан үнс, нурамнаас гал алдах нь их. Тэр тусмаа өвлийн улиралд. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл дийлэнх галын шалтгаан болдог доо” хэмээв. Үнэхээр ч бидний очсон хогийн цэгт хэн үнс асгасан нь тодорхойгүй ч хэн бүхэнд хамаатай асуудал. Учир юу гэвэл, Улаанбаатар хот, дүүрэг, хороод гээд нийслэлийн хэмжээнд гарсан жижиг гэлтгүй гал түймэр бүхэн хотыг бүхэлд нь залгиж болохоор аюулын эхлэл аж. Нийслэлд оршин суудаг нийт айл өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд байрлахаас гадна тэдгээрийн дийлэнх нь монгол гэрт амьдардаг. Зуны гэр зургаа, долоохон минутад бүрэн шатдаг бол өвлийн гэр 10-15 минут хүрэхтэй үгүйтэйд үнс нурам болдог аж. Мөн нэг айлд гарсан гал хашаа хороогоор дамжин хажуу айлдаа заналхийлэхээс гадна салхитай үед хийссэн оч, цог нь ч гэрийн цагаан бүрээсийг юу юугүй асаачихдаг гэнэ. Ер нь, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг объектэд гарсан гал нэлээн хэдийг хамарч, хамж одох тохиолдол ч цөөнгүй байдаг аж.
Гандангийн гудамжинд гарсан түймэр таван айлыг тэр чигт нь залгиж үнс болгосныг гал сөнөөгчид жишээ болгон ярив. Зай багатай хашаанд нэг дор 2-3 айл байрладаг нь үүний гол шалтгаан аж. Мөн 22-ын товчооноос холгүй газны үйлдвэрт гал гарснаас ойролцоох шатахуун түгээх станц руу гал дамжих эрсдэл үүсч, цагт нь олж унтраагаагүй бол хотыг тэр чигт нь дүрэлзсэн улаан гал залгиж ч болох байсан гэнэ. “Хүмүүс төдийлэн мэдэхгүй болохоос сонин хэвлэл, зурагт радиогоор гараагүй томоохон гал зөндөө тохиолддог. Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв шатахад л олон хүний эд хөрөнгө нэг дор үгүй болж, тэр хэмжээгээрээ бужигнаад авдаг хэрэг” хэмээн арван тоннын усны машины жолооч ах өгүүлэв.
Үдэш 01:00 цаг болоход гал сөнөөгчдийн хамтаар нойр авахаар унтлагын өрөө тийш зүглэлээ. Өглөө зургаан цагт сэрэх хуваарьтай, хэрэв унтаж байхад дохио дуугарвал нүд ирмэхийн зуурт л машиндаа суугаад алга болж өгдөг гэнэ. Би ч дуудлага гарч юуны магад хэмээн бодсоор дутуу нойртой хонов. Өглөө эртлэн салаан дарга бүгдийг нь сэрээв. Гурав дөрөвхөн цаг дуг хийсэн гал сөнөөгчид маань гуд хийн үсэрч босоод ээлж хүлээлцэхээр бэлтгэж эхэллээ. Харин би ганцхан хоногийн дотор анд найз, ах дүүс мэт дотноссон гуравдугаар салааныхантай салах ёс хийн ажлынхаа зүг алхлаа. Та бидний аюулгүй, амгалан тайван байдлыг хангаж, аюулт галын хөнөөлт голомтыг аадрын хур шиг даран сөнөөхөөр энхийн манаанд зогсдог эр зоригт дайчин эрс бол гал сөнөөгчид билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан