Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ-ын хэргийн мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосноо тайлбарлав
Олны анхаарлын төвд байсан МИАТ-ын гэх хэргийг Улсын дээд шүүх өнгөрөгч 11 дүгээр сарын 13-нд хянан хэлэлцэхдээ “мөнгө угаасан” гэх үйлдлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Харин ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасан талаар Улсын дээд шүүхийн хэвлэлийн албанаас тайлбар хийв.

МИАТ-ын удирдлагуудыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор Эрүүгийн хуулийн 166.1-д заасан “мөнгө угаах” гэсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүх энэ зүйлийн дагуу ял оногдуулсан. Гэтэл “хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашиглаж шилжүүлсэн, хувиргасан үйлдэл”-ийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон энэ зүйл заалт нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуульд орсон байна.
Харин Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн хэмээн тогтоожээ. Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш баталсан Эрүүгийн хуулийн 166.1 дэх  заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж Дээд шүүх үзжээ. 
Ер нь манай улсад 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуулиар мөнгө угаах үйлдлийг анх удаа гэмт хэрэгт тооцсон аж. Гэхдээ зөвхөн “зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрөнгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан” үйлдэл мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдож байжээ.
Дээд шүүхийн уг хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолыг “Шүүхийн шийдвэрийн цахим сан” буюу www.shuukh.mn-д нээлттэй байршуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан