Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн алдартай гацуур модод
Шинэ жилийн ойн баярын салшгүй нэг хэсэг нь гацуур мод. Шинэ он гарахын зааг дээр гэр орноо, гудамж талбайгаа модоор чимдэг уламжлал  олон мянган жилийн түүхтэй. Бүр эртний Мисир нутагт жил бүрийн хамгийн урт шөнөтэй өдөр буюу одоогийн цагалбараар арванхоёрдугаар сарын 22-нд орон гэрээ дал модны мөчрөөр чимэглэн амьдрал ямагт үхлээс давж гарахыг бэлгэддэг байжээ. Эртний Ромд гэр орноо ногоон навчаар чимэглэдэг байсан гээд ийм жишээ олон.
Ямартай ч шинэ он гарах зааг дээр амьдралын бэлгэ тэмдэг болсон ногоон өнгөтэй модоор орон гэрээ чимэглэх ёсон явсаар өдгөө хүрсэн байна. Цаг үеийн явцад мөнх ногоон өнгөтэй гацуур мод нь христийн шашны утга агуулгатай байсан ч өдгөө нэгэнт эргээд мөнх амьдрал, хүн бэрх ба үхлийг амьдрал ба аз жаргал ямагт давж гардгийн бэлэгдэл болсон юм.

Гэхдээ өдөр тутмын эгэл хүний амьдрал дээр л гацуур нь мөнх амьдрал, эргэн сэргэхийн бэлгэдэл болохоос улс гүрэн, хотуудын хоорондох өрсөлдөөнд хэн нь хамгийн баян, нэр нөлөөтэйг харуулсан тэмдэг болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Бүр тодруулбал улс болгоны нийслэлүүд, тухайн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг баян компаниуд хэн нь хамгийн чамин, хамгийн өвөрмөц, хамгийн үнэтэй, хамгийн тансаг шинэ жилийн мод барих вэ гэж өрсөлддөг. Ингэж өрсөлдөх олон шалтгаан бий. Нэгд хэдэн мянган жуулчин үзэх гэж хүрэлцэн ирж хотын төсөвт орлого оруулна, дээр нь хотын нэр дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээнд дурдагдан олны танил болж шинэ жилээс бусад үед ч жуулчдын очиж үзэх дуртай хотын нэг болох нь ойлгомжтой.
Компаниуд юуны өмнө үнэ, хээнцэр тансаг байдлаар өрсөлдөнө.


2010 онд Аравийн Эмират “Emirates Palace” зочид буудалд байрлуулсан дэлхийн хамгийн үнэтэй буюу 11 сая ам.долларын үнэтэй гацуур байна. Гацуур модны өөрийн үнэ нь “хэдхэн мянган” ам.доллар байсан ч зочид буудлын удирдлага нь модыг алт эрдэнэс, бадмаараг гээд хамгийн үнэтэй чулуугаар “больёо болоо” гэтэл нь чимсэн болохоор ийм өндөр үнэ хүрчээ.


Саятан тэрбумтнуудын очих дуртай өөр нэг газар болох Монте-Карлогийн гацуур мод. Энд уламжлал ёсоор нэг бус харин хэд хэдэн гацуур модыг зэрэгцүүлэн байрлуулдаг.


Манай хойд хөршийн гацуур мод мэдээж хэрэг Улаан талбай дээр сүндэрлэдэг. Энэ жил гацуур модыг арванхоёрдугаар сарын 24-нд байрлуулжээ. Гацуур модыг тус улсын далбааны өнгө болох цагаан, хөх, улаан гэсэн үндсэн гурван өнгөөр чимэглэдэг. Гацуурыг үзэмжтэй болгох үүднээс олон төрлийн тоглоом чимэг хэрэглэхээс зайлсхийдэг бөгөөд зөвхөн бөмбөлөг хэлбэртэй тоглоом өлгөдөг аж.


Перу улсын гол гацуур мод нийслэл Лима хотноо сүндэрлэдэг. 2012 онд перучууд 100 кг төмсөөр гацуур мод угсарч Гиннессийн дээд амжилтын номонд орж байсан юм.


Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хамгийн гол сүл мод нийслэл Вашингтонд бус харин Нью-Йорк хотод байдаг.  Домогт тэрбумтан Рокфеллерийн нэрээр нэрлэсэн төвийн өмнө гацуур модыг 1933 оноос эхлэн барьдаг уламжлалтай болжээ. Рокфеллерийн төвийн өмнөх модыг чимэхэд найман км урт цахилгааны утас тавьж, 30 мянган гэрэл чийдэн байрлуулдаг ажээ. Энэ ер бусын модыг харах гэж Америк төдийгүй дэлхийн олон орноос олон мянган жуулчид жил болгон ирдэг. Энэ модыг манайхан  “Гэртээ ганцаараа” киноны хоёрд дахь хэсгийг үзэхдээ нэг бус удаа харж байсан байх.


Сингапурын үнэт эдлэлийн “Soo Kee” компанийнхан зургаан метр өндөр гацуурыг гурван тоннын жинтэй хоёр сая орчим ам.долларын үнэтэй 21 мянга 798 ширхэг алмас эрдэнийн чулуугаар чимсэн байх юм.


Францын хамгийн гол сүлд модыг нийслэл Парисын Лафаейт худалдааны төвд байрлуулдаг. Мөн зэрэгцээд Елисейн тал дээр, Конкорд талбай дээр байрлуулна. Товчхон хэлэхэд Франц гурван гол сүлд модтой.


Германы хамгийн гол сүлд модыг Берлиний Бранденбургийн хаалганы өмнө байрлуулдаг уламжлалтай. Германы хамгийн чухал гацуурыг сүүлийн 20 жилийн туршид хөрш Норвеги улсаас авч байна.


Английн хамгийн гол гацуур модыг уламжлал ёсоор Трафальгарын талбай дээр байрлуулдаг. Энэ уламжлал Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа жилээс буюу 1946 оноос хойш эхэлсэн байна. Улсын гол сүлд модны өндөр ямар ч тохиолдолд 20 метрээс илүү гарах ёсгүй байдаг аж.


Компаниуд үнээр өрсөлддөг бол хотын удирдлагууд хамгийн өвөрмөц дизайн, хийц, овор хэмжээгээр өрсөлддөг.  Дэлхийн хамгийн баян хүмүүсийн очих дуртай хот болох Ниццагийн гацуур мод. Ниццад гацуур модыг албаар алсыг харагчийн ойролцоо байрлуулж, тойруулан шинэ жил, зул сарын зах барьжээ.


Лалын шашинтнууд давамгайлдаг улсад олон нийтийн талбай дээр гацуур мод байрлуулна гэдэг тун ч адармаатай асуудал. Ливаны гол сүлд модын христийн шашинтнууд дийлэнх олонх нь болдог дүүргийн талбай дээр, лалын сүмийн өмнө байрлуулдаг онцлогтой.


Японы үнэт эдлэлийн компанийн дизайнеруудын бүтээсэн сая 950 мянган ам.долларын үнэтэй цэвэр алтан гацуур мод үүний жишээ байх. Ийм үнэтэй гацуур мод хийсэн сургаар сонссон хүмүүс олон мянган хүн тус компанийн дэлгүүрийг үзэхээр Токио хотыг зорино. Дэлгүүрийг нь үзээд алтан гацуурыг авахгүй ч өөр хямдхан зүйлс олныг авна.


Дэлхийн тэрбум 300 сая католик шашинтнуудын хувьд хамгийн ариун газар бол Ватиканы сүлд мод энэ байна. Ватикан дахь гэгээн Петрийн талбай дээр байрлуулсан энэ сүлд модыг харах гэж жил болгон хэдэн зуун мянган хүн ирдэг. Өнгөрсөн жил Ватикан сүлд модоо Украйнаас авчруулж байсан бол энэ жил Германы Бавари мужаас авчруулжээ.
Магадгүй өмнөх пап Герман нутгаас гаралтай байсныг бодолцоо байлгүй. Модны өндөр  25 метр, жин нь долоон тонн.
0 Сэтгэгдэл
Hamlin teneg
Хамгийн их уншсан