Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН 80 ХУВИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ШАЛГАРУУЛНА
Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулна гэж байгаа. Нээлттэй “шилэн” тендерийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Худалдан авах ажиллагааны газраас өчигдөр танилцуулга хийлээ.
Энэ онд улсын хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл арга хэмжээний худалдан авалт хийнэ. Үүний 129-ийг Худалдан авах ажиллагааны газар, үлдсэн тендер шалгаруулалтыг яамд хариуцах юм. Өнгөрсөн онд 192 төсөл арга хэмжээний 413 багц тендер зохион байгуулсан нь 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийн 20 гаруй хувийг цахим хэлбэрээр явуулсан. Харин  энэ онд нийт тендерийн 80-аас доошгүй хувийг цахим байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох цахим дэлгүүрийг дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхлэх болжээ. Худалдан авах ажиллагааны газрыхны мэдэгдсэнээр аливаа тендерийн урилга, явц, үр дүнгийн мэдээллийг иргэдийн гар утсанд хүргэх, тендерт оролцогчдын ирүүлсэн саналыг вэб сайтад нээлттэй тавих, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг санамсаргүйгээр сонгож байгуулах, цахим гарын үсэг хэрэглэх зэргээр  ил тод байдлыг дэмжсэн зохицуулалтууд хийж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулах ажиллагаанд тавих иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулахын тулд үнэлгээний хороонд тэдний төлөөллийг заавал оролцуулдаг болох юм. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг санамсаргүй аргаар сонгох системд шилжиж байгаатай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудын бүртгэл гаргаж байна. Иймд үнэлгээний хороонд орж ажиллах саналтай төрийн бус байгууллагууд ХААГ-т хандаж  бүртгүүлээрэй гэж зарлав.
Үүнээс гадна Засгийн газрын төвшинд бодлогын зохицуулалт хийх шаардлагатай чухал асуудлууд ч байгааг тус газрынхан хэллээ. Тухайлбал,  зарлах тендерийн жагсаалт батлагдсанаас хойш 10 хоногийн дотор тухайн төслийн зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар зэрэг холбогдох мэдээллийг мэргэжлийн байгууллагууд ХААГ-т ирүүлсэн байх ёстой. Энэ ажил хугацаа хоцрох эрсдэлтэй аж. Худалдан авалт хийхэд аж ахуйн нэгжүүдээс шаарддаг элдэв лавлагаа мэдээллийг төрийн байгууллагууд шууд солилцдог болохын тулд нэгдсэн цахим системд холбож эхэлжээ. Үүнтэй холбоотой бодлогын зарим зохицуулалт хэрэгтэй байна гэв.  Ингээд тулгамдсан эдгээр асуудлаа энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлээд яаралтай шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ХААГ-т даалгалаа.
Хаврын бүтээн байгуулалтын ажлыг саатаахгүйн тулд өвөл цагт бэлтгэлээ бүрэн хангах нь чухал гэж  онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан