Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАТСАЙХАН: МОНГОЛ ХҮҮХДҮҮД УР ЧАДВАР САЙТАЙ Ч, БИЕИЙН ХӨГЖИЛ СУЛТАЙ
Нийслэлийн биеийн тамир спортын газрын Спортын сургалт, дасгалжуулалт, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Б.Батсайхантай хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Та 1995 онд Монголд болсон хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлж байсан багийн гишүүний  хувьд өнөөдөр энэ спортын хөгжил ямар төвшинд байна гэж боддог вэ?

- Мэдээлэл, технологи хөгжсөн өнөө үед ямар ч спортын тэмцээн уралдааныг шууд үзэх боломжтой болж. Энэ нь Монголын хүүхэд залуучуудад энэ спортыг сонирхох, хичээллэх боломж олгож байна гэж бодож байна. Үүний жишээг ч Тайванийн хөл бөмбөгийн багт тоглохоор болсон А.Мөрөн харууллаа. Монголын хөлбөмбөгийн түүхэнд маш том алхам хийсэн түүний араас олон авьяастай хүүхэд залуус энэ спортоор хичээллэх байх гэдэгт итгэлтэй байна.
-Тийм ээ. Гэхдээ аливаа спортыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний дэмжлэг хамгийн чухал. Нийслэлийн Биеийн тамир спортын газры төлөвт энэ спортыг хөгжүүлэхэд хэр их мөнгө төлөвлөгддөг вэ?
-Энэ жилийн тухайд 87 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр “Дуулиан 2020” цар хүрээгээ тэлж улсын тэмцээн боллоо. Нийслэл, хөдөө орон нутгаас олон хүүхэд залуус оролцох боломж нээгдсэн. Мөн нийслэлийн дүүргүүдэд хөлбөмбөгийн шигшээ багуудыг байгуулж, бэлтгэл сургуулилтад өөрөө биечлэн оролцож байна.
-Багууд бэлтгэл сургуулилтаа хаана хийж байгаа вэ?
-Дүүрэг, дүүрэгтээ бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Тухайн дүүрэг нь байр талбай гаргаж, бэлтгэлийг нь хангуулдаг юм. Мөн зургадугаар сард Бразильд ДАШТ болох юм. Тиймээс “Дэлхийн зөн” байгууллагаас зургаа, биеийн тамир спортын газраас энэ спортоор хичээллэдэг таван хүүхдийг сонгон шалгаруулж, тус улсад  болох сургалтад явуулах болсон. Сургалтад суух хүүхдүүд Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдотай цуг хөл бөмбөг тоглох юм. Манай улсаас гадна  13 орны хүүхдэд оролцоно.  
-Энэ жилийн хувьд гадаадын ямар уралдаан тэмцээн байгаа вэ. Манай тамирчид оролцох тэмцээн бий юү?
-Солонгосын  Инчоньд Азийн хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн удахгүй болох учраас өсвөрийн тамирчид оролцуулахаар болсон. Өнгөрсөн жил манай хөлбөмбөгийн баг оролцож байсан учраас туршлага дээрээ үндэслэн амжилт гаргах байх аа.
-Хөлбөмбөг багийн спорт. Ер нь, ажиглаад байхад манай улсын спортын түүхэнд багийн төрөлд амжилт үзүүлсэн нь ховор байх. Монгол хүүхдүүдийн ур чадвар ямар байна гэж та боддог вэ?
-Мэдээж, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой болов уу. Хамгийн дутагдаж байгаа зүйл бол тамирчдын бэлтгэл сургуулилт хийх материаллаг бааз дутуу байгаатай холбоотой юм.  Тэрнээс монгол хүүхдүүд ур чадвар сайтай.  Харин биеийн хөгжлийн төвшин нь бусад орны хүүхдээс доогуур байдаг. Насны зөрүүгээр бага орж байгаатай ч холбоотой байж мэднэ.
-Нэг үеэ бодвол сургалт их хийдэг болсон байх аа. Саяхан ФИФА-гийн ерөнхийлөгч ирсэн шүү дээ?
-Тийм ээ. Өнгөрсөн жил Монголын хөлбөмбөгийн холбоо “ФИФА”-гийн тусламжаар дэлхийн стандартад нийцсэн заал барьж өгсөн. Зааландаа сургалт семинар, зохион байгуулах, тэмцээн уралдаан явуулах боломжтой болсон.
-Шинээр заал барих уу?
-Нийслэлийн биеийн тамир спортын заал энэ онд баригдаж эхэлнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр шавьг нь тавьсан. Барилгын ажлыг энэ хавар эхлэх юм.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан