Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрсдийн эрх ашигт нийцүүлж өөрчилснөөс гар хүрээгүй нь дээр байж
Монгол Улс жинхэнэ ардчилсан Үндсэн хуультай түүнийгээ хэрэг­жүүлдэг болоод 22 жил өнгөрчээ. Уг нь Монгол Улс анхныхаа Үндсэн хуулийг 1924 онд баталж, Бүгд Най­рамдах улс болгон тунхаг­ласан ч тухайн үед Үндсэн хууль нэгдүгээрт учир дутагдалтай, зарим гол заалтыг нь хэрэгжүүлэлгүй 70, 80 жил болсон юм. Энэ хуульд урьдын ван гүн, бусдыг дарлан мөлжиж явсан хүмүүсийн сонгуулийн эрхийг хассан заалт орсон бол хүний үг хэлэх, тэгш эрх гээд олон эрхийг зааж өгсөн ч хэрэгжүүлэлгүй ирсэн.
Хамгийн энгийн жишээ гэхэд л үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хэдэн арав, зуун хүнийг МАХН /өнөөгийн МАН/ хавчин гадуурхаж, яллан шийтгэж, цөлж, ажил албагүй болгож байсныг түүх гэрчилнэ.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт  БНМАУ-ын Ардын Их хурлын чуулганы хуралдаанаар баталж  “Мэдэгтүн, сахигтун” хэмээсэн Ардчилсан шинэ Үндсэн хууль өнөөдөр цаг үеэсээ хоцорч,  нийгмийн болон улс орны хөгжлийн шаардлагаас үүдэн өөрчлөлт оруулах тухай ярих болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай ч ярьж байгаа.
Нэгэнт л хөгжил хөдөл­гөөн явж, нийгэм цаг үе өөрчлөгдөж, улс орон хөгжиж дэвшиж улс төр, эдийн зас­гийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж байгаа болохоор Улсын тулгуур хуулийг ч өөр­чилж сайжруулах явдал байлгүй яахав.

2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд УИХ-аас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хэн хийсэн бэ. Энэ үе бол МАХН /өнөөгийн МАН/ бараг дангаараа эрх барьж байсан үе. Тэд УИХ-д 72 суудалтай байхдаа хийсэн энэ өөрчлөлтийг олон түмэн, хуульчид, өнөөгийн төрийн түшээд “Дордохын долоон өөрчлөлт” ч гэж нэрлэдэг. 1992 онд баталсан Үндсэн хуулийн 27 дугаар  зүйлд “УИХ-ын ээлжилт чуулган хагас жил тутам 75 хоног хуралдаг, гишүүдийн дий­лэнх олонхи /51 хүн/-ийн ирцтэйгээр Байнгын хорооны болон чуулганы хуралдааныг хийнэ” гэж байсныг өөрчилж, хагас жил дутам 50 хоног хуралддаг, хуралдааны ир­цийг ердийн олонхи /З9 хүн/ болгосны горыг үе үеийн УИХ эдэлсээр байгаа. Эндээс л өнөөх гишүүд хуралдаа ирдэггүй хаа хамаагүй тэнэж явдаг, хэдхэн хүний үзэмжээр хуулийн төсөл сайшаагдаж, батлагддаг болсон.
Улс төрийн амьдрал өнөө­гийнхөөс өөрчлөгдөж намууд тө­лөвшөөд УИХ-д намууд олноороо тэнцүү ороод ирвэл 76 гишүүнтэй УИХ хэдэн ч дэд даргатай болж мэдэх нь.

Энэ бүхнээс өнөөдөр хамгийн их дуулиан болгон ярьж  байгаа нэг өөрчлөлт нь УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болох тухай нэмэлт өөрчлөлт. / 29 дүгээр зүйл /
Өнөөгийн УИХ-д  сууж байгаа, тухайн үед энэ өөрчлөлтийг хийгээд гар өргөн баталж байсан олон гишүүн өнөөдөр гэнэт сэхээ орон үүнийг шүүмжлээд сууж байна. Тухайн үед өөрсдөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байсан нь тун сайхан атлаа өнөөдөр үүн шиг шударга бус юм үгүй болчихож гэнэ. Тухайн үедээ өөрсдөө давхар хаших гэж сонирхоод шунаад баталж орхисноос биш энэ заалт буруу жишиг тогтоосон. Одоо үүнийг нь өөрчлөх гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөл боловсруулж өргөн барьчихаад байгаа.

Энэ бүхнийг дурдахын учир нь өөрчлөлт гэдэг нь засан сайжруулах, илүү бо­ловс­ронгуй болгохын нэр гэдэг. Хэн боловч алив нэг­ний­­гээ өөрчлөхдөө муут­гах, муухай болгохыг зорьдоггүй. Дугаар хорооны иргэн Дугар гуай ч гадаа муу амбаараа засч өөрчлөхөөр хөрөө, харуул барьж гараад оролдсоны эцэст муухай болгоод бүр яйжийлгачихдаггүй шүү дээ.

Үүн лүгээ улс орныхоо тусгаар тогтнол, эрхзүйн баталгаа гол багана болсон тулгуур хууль Үндсэн хуулиа өөрчлөхөд аль нэгэн нам дийлэнх олонхи байхдаа өөрс­дийнхөө таалал, хүсэл зоригт нийцүүлэн дур зоргоороо ханд­даг баймааргүйсэн. Эрдэмтэн мэргэд, төрийн бус байгууллагууд, олон нийтийн санал бодлыг авч тусган нухацтай хандаж байгууштай нь 2000 оны дээрх нэмэлт өөрчлөлтүүдээс харагдаж байна биш үү.

Үүнийг цаг үе, нөхцөл байдал маань хэлээд байна. Цөөн хэдхэн хүний хүслээр, өөрсдийнхөө л төлөө хийсэн өөрчлөлт өнөө ингэж гай тарьж байгаа.
Аль нэгэн нам, төрийн хэсэг бүлэг гишүүн бол түр зуурын үзэгдэл, хэзээ нэгэн цагт ээлж халаагаа өгнө. Харин Үндсэн хууль бол тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард түмэнд үйлчилж дэлхий дахинаа Монгол хэмээх нэрийн хуудас болж байдаг тулгуур хууль болон оршин байх бүхий л цаг үед мөрдөгдөх буюу.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан