Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн сонирхолтой 10 зам
Олон мянган км үргэлжилж улс дамнасан авто замууд 20 дугаар зууны цэвэр бүтээл. Дайн дажин өнгөрч, шинэ үе гарч ирэхийн хэрээр нэгэн үед цэвэр прагматик байр сууринаас авч үздэг байсан зарим автозам нь аялахад хамгийн үзэмжтэй, хамгийн романтик, ер нь авто аялалд дуртай хүн болгон очиж үзэх ёстой гэж цолтой болсон юм. Ингээд уншигч танд хамгийн сонирхолтой 10 замыг танилцуулж байна.


“U.S. Route 66”

Энэ замыг АНУ-ын гол зам ч гэж нэрлэдэг. Замын нэршил нь орчин үеийн Америкийн гол бэлгэ тэмдгийн нэг. Замыг 1926 оноос барьж эхэлсэн түүхтэй. Чикаго хотоос эхэлсэн зам Миссури, Канзас, Оклахом, Техас, Нью-Мексико, Аризона мужаар дамжин Лос-Анжелсод хүрдэг. Харин хожим энэ замыг Санта-Моника хүртэл сунгасан юм.

1950 он хүртэл зам нь олон нийтийн хувьд соёлын онц чухал холбогдолгүй байв. Гэтэл хиппи хөдөлгөөн үүсэн бий болсны дараа энэ замаар хиппи нар нэг мужаас нөгөө рүү машинаар аялдаг болсноор онцгой романтик, адал явдлын уур амьсгалтай болж өөрчлөгдсөн билээ. Энэ замын дагуу өдгөө бидний мэдэх цайны газар, дэн буудал, шатахуун түгээгүүрийн газрууд сонгодог байдлаараа баригдаж эхэлсэн аж. Анхны “McDonalds”-ын салбарыг 66 дугаар замын дагуу барьж байсан гэхээр нэгийг хэлэх байх.

Энэ үеэс хойш 66 дугаар замд зориулан дуу бичиж, телевизийн цуврал кино бүтээх, шүлэг зохиодог болсон. Чөлөөт сексийг сурталчилж эхэлсэн үеийнхний хувьд энэ зам нь амьдралд нь тохиолдож байсан хамгийн тод, онцгой дурсамжийг агуулж байдаг нь мэдээж.


“U.S. Route 1”

1 дүгээр зам нь Америкийн хамгийн анхны замуудын нэг. Зам нь АНУ-ын түүхт хэсэг болох Зүүн эргийн дагуу хөвөрнө. Хурдны замыг албан ёсоор 1911онд нээсэн хэдий ч түүхчид энэ замыг үүнээс зуун жилээр ахмад бөгөөд Америкт хөл тавьсан анхны цагаачид энэ замаар амжилттай аялдаг байсан гэж нотолдог.

Зам нь Шинэ Англиас эхлээд далайн эргийн дагуу Флорид муж хүрнэ. Замдаа Майами, Вашингтон, Колумби тойрог, Нью-Йорк, Бостон хотыг нэвт сүлбэн Флоридын Ки Уэстэд дуусдаг. Замаар аялагчид Америкийн хамгийн том амьтдын хүрээлэнгээс эхлээд Холбооны мөрдөх товчооны гол байр гээд Америк маягийн соёлд чухал үүрэг бүхий бэлгэдэл болсон газруудаар дайрна.



“Circuit de Monaco”

Монако нь дэлхийн бүх л алдартай баячууд, тэднийг ангуучлагчдын очих дуртай газрын нэг юм. Гэхдээ Монако нь баячууд, тэднийг аялдан дагалдагчид ба юмны үнэ цэнээс гадна “Circuit de Monaco” замаараа алдартай. Энэ замыг Монакогийн Гранприйн төлөөх “Формула-1” уралдаан, “GP2” ба “F3000” цуврал болон “Renault-формула” уралдааны үеэр ашигладаг. Гэхдээ тусгайлан уралдаанд зориулж барьсан зам биш гэдгийг хэлэх хэрэгтэй.

Уралдааны машинууд өдөр тутам ердийн машин явдаг эгэл замаар уралддаг хэрэг. Тиймээс уралдаан болоогүй үед дурын хүн хүссэн машинаараа домогт замаар явж үзэх боломжтой. “Circuit de Monaco” замыг бүр 1929 оноос эхлэн уралдааны зорилгоор ашигладаг болсон түүхтэй бөгөөд уралдааны домогт зам гэвэл хэтрүүлэг болохгүй. Энд л уралдааны машины нисгэгч нартай алдартай компаниуд хамгийн үнэтэй гэрээ байгуулдаг уламжлалтай.


“Стельвио” зам

Санаанд оромгүй мушгирсан энэ замыг “Top Gear” нэвтрүүлгийн гурван хөтлөгч нэгэн дуугаар машин барихад хамгийн тохиромжтой зам гэж нэрлэсний дараа алдар нэртэй болсон юм. Энэ замыг 19 дүгээр зууны 20-д онд барьсан түүхтэй. Альпийн нурууны Италийн хэсгээр тавьсан энэ замаар Ломбард нутгийг Австритай холбосон байна. Үлгэрийн чимэг зураг гэмээр нугын дундуур эцэс төгсгөлгүй мушгиралдан явдаг энэ замаар мэргэжлийн жолооч нар төдийгүй сонирхогчид жолоо барих чадвараа шалган азаа үзэх гэж ирцгээдэг. Зам тавигдсан уугуул нутгийн оршин суугчид итали, герман, румын гэсэн гурван хэлээр ярьдаг болохоор эндэхийн хамгийн өндөр цэгийг Гурван хилийн оргил гэдэг.


“Тэнгэр” зам

Хятадад байдаг энэ замыг албан ёсоор “Их үүд” гэдэг. Эгэл хүмүүс шууд л “Тэнгэр орох үүд” гэж нэрлэдэг.

Энэ замыг найман жилийн турш барьсан нь хятадуудын зам барих уламжлалт хурдтай харьцуулбал тун ч удаан барьсан гэж болохоор. 2006 онд нээгдсэн зам ердөө хэдхэн жилийн дотор домогт зам болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн авто аялагчдын нүдийг хужирлаж байна.

Зам Хунань мужаар явдаг бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 1300 метрийн өндрийг дайрдаг. Зам нь 99 огцом эргэлттэй, эргэлт болгон зүрх амаар гарах шахам өндөрт байрладаг. Харин 99 гэсэн тоо ямар бэлэгдэлтэй болох талаар тайлбарлах нь илүү биз.


“Трольштиген” зам

Норвегийн “Трольштиген” зам орон орны жуулчдын үзэх дуртай газар төдийгүй улсдаа болон дэлхийд хамгийн аюултайд тооцогддог замын нэг. “Трольштиген” зам нь Ромсдаль гүнлэгт тавьсан олон нугачаа, огцом эргэлт бүхий уулын зам юм.

Нэг их огцом уруудаад байдаггүй ч маш огцом эргэлттэй гэдгээрээ алдартай. Энэ зам нь 858 метр өндөр Стигор нэртэй уулнаас эхээ авдаг, өргөн нь 12 метр. Замаар явсан хүмүүс замаас гарч нисэх айдсаа даван байж үзэсгэлэнт байгаль, хүрхрээг харж нүдний чилээгээ гаргадаг.

Хүрхрээний хажууд тусгайлан зогсч тухлах боломжтой зогсоол байдаг болохоор харах зүйл мундахгүй гарна.


“Лос Караколес” даваа

Энэ зам нь Аргентин ба Чили улсыг холбон Андын нуруугаар давж гардаг онцлогтой. Зам үнэхээр айдас төрмөөр. Дээр нь зам дагуу нэг ч хашлага, хаалт байдаггүй онцогтой. Даваа нь цасанд бүхэлдээ дарагдах нь цөөнгүй ч жолооч нар үл тоон жил тойрон хальтиргаа, цас мөсөн дундуур давхих гэж зүтгэн осолд орох нь ч олонтаа. Эрх баригчид замын нүх, онхол донхолыг нөхөх гэж багагүй мөнгө зардаг ч хашилт, хаалт тавихад ганц ч төгрөг зардаггүй нь жолооч, жуулчдыг ихэд гайхшруулдаг. Ямартай ч энэ замаар явж зүрхээ гижигдэх гэж хэдэн арван мянган хүн ирцгээж, хоёр улсын аялал жуучлалын салбарт багагүй орлого оруулдаг.


“Үхлийн зам”

Боливи улсад тавигдсан 61 км үргэлжилдэг энэ замыг Эль Камина де ла Муэрте буюу “Үхлийн зам” гэж нэрлэдэг. Энэ замаар явдаг эгэл иргэд өгсөн нэр юм биш шүү. 90 –ээд оны сүүлээр Америкийн улс хоорондын хөгжлийн банкнаас энэ замыг дэлхийн хамгийн аюултай зам гэж албан ёсоор тодруулснаас хойш энэ замыг албан ёсоор ингэж нэрлэдэг болжээ. Ердөө гурван метрийн өргөнтэй зам нь 1200 метрээс 4500 метр хүртэл өндөр огцом хадны ирмэгээр явж өнгөрдөг. Зам тавигдсан газар бороо ойрхон ордог, сунгасан гар харагдахгүй болтлоо манан буух нь элбэг болохоор бүр аймшигтай болно. Борооны усанд идэгдсэн замын хэсэг нурж унах нь ердийн үзэгдэл гэнэ. Замын өргөн ердөө гурван метр болохоор нэг чигийн хөдөлгөөнтэй. Замыг Парагвайн олзны цэргүүд 20 дугаар зууны 30-аад онд барьсан аж. Нутгийн иргэд энэ замыг аль болох тойрч гарах гэдэг бол харин аянчин жуулчид эсрэгээрээ “Үхлийн зам”-аар аялан сэтгэлээ гижигдэж, үхэлтэй муур хулгана болж тоглох дуртай аж.


“А7 Автобан”

Автобан нь цэвэр Герман маягийн үзэгдэл билээ. Германд очиж автобанаар явж үзсэн хүн болгон л дуу алдан магтаж, манайд ийм зам байдаг ч болоосой гэж санаа алдацгаадаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Анх хурдны замууд буюу Автобаныг 20 дугаар зууны 20-оод онд барих шийдвэрийг Гитлерийг засгийн эрхэнд гарахаас өмнө байсан Веймарын Бүгд найрамдах улсын эрх баригчид гаргасан байв. Гэтэл 30-аад онд Герман эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орсон болохоор зам барихтай манатай болсон байна. Харин 1933 онд засгийн эрхэнд гарсан Гитлер шууд л автобаны ач холбогдлыг өндрөөр үнэлэн байгуулж эхэлжээ.

 Чанар сайтай  өргөн замаар цэрэг, зэвсэг техникийг өндөр хурдаар шилжин хөдөлгөж болох төдийгүй тухайн үеийн бөмбөгдөгч онгоцууд газардаг, хөөрөх зурвас болон ашиглах боломжтой байлаа. Өнөөдөр Германы хамгийн урт автобан нь А7 бөгөөд Дани ба Австрийг холбон бараг 1000 км урт үргэлжилдэг. Замыг Дэлхийн хоёрдугаар дайны эхэнд л барьж дуусгажээ. 1970-аад оны дундуур А7 зам дээр Эльба мөрөн доогуур гардаг гурван км урт туннель барьсан нь усан доогуур тавигдсан дэлхийн хамгийн өргөн туннелийн нэг гэж тоогддог. Жуулчид ямар ч өөгүй, ганц мм хүртэл тэгшлэн төгс болгосон зам дээгүүр цагт 200 км хүртэл хурдлах дуртай байдаг.


“Манали – Ле”

Энэтхэгхийн Ле дэх Манали зам нь цаст Гималайн өндөр уулс, өөр гараг дээр байна уу гэмээр хачин үзэмж гээд олон сонин содон зүйлстэй. Энэ зам нь азаа үзэх дуртай зүрх зоригтой, заримдаа тэнэг ч гэмээр юм шиг мотоцикль унасан тээвэрлэгчдийн явах дуртай зам.

Хурдны зам нь Бага Төвд нэрээр алдаршсан Ладак нутгаар дамжин өнгөрдөг. Мөн Кулл, Лахул ба Спити хөндий, Далай ламын амьдардаг Химачал Прадеш муж, Пакистантай булаацалддаг Жаму Кашмир мужаар дайран өнгөрнө. Замын нөхцөл үнэхээр хатуу. Дэлхийн хамгийн өндөр гэж тооцогддог 5000 метрийн өндөрт байдаг даваагаар давах хэрэгтэй болно. Үүгээр давж гарахдаа жуулчид өөрсдийгөө уулын өвчтэй эсэхийг шалгадаг гэдэг. Хурдны замын урт нь 500 км.
0 Сэтгэгдэл
zarim zamaar ni yvj uzmeer sanagdchilaa
Хамгийн их уншсан