Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ Үндсэн хуулийн эхийг Төрийн түүхийн музейд байрлууллаа
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, албаны бусад хүмүүс Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараа Төрийн ордны түүхийн музейд 22 жилийн ойд зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

УИХ-ын дарга З.Энхболд үзэсгэлэнг нээж “Өнгөрсөн жил “Ардчилсан Үндсэн хууль 21 жил” гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг Төрийн ордны Баганат танхимд гаргасан. Энэ жил бид олон нийтэд үйлчилдэг болоод удаагүй байгаа Төрийн түүхийн музейд тусгай танхим нээж “Үндсэн хууль-Төрийн бэлгэдэл” сэдэвт үзэсгэлэн гарган Та бүхэнд толилуулж байна. Нүүдэлчин монголчууд хад чулуун дээр зурж, ахуйн хэрэглэлдээ дүрслэн үлдээсэн тамга, тэмдэг, янз бүрийн бэлгэдэл зүйлс нь төр улс үүсэх явцад төрийн бэлгэдэл болж хувирсан түүхтэй. Бэлгэ тэмдгийн бүхий л дүрслэл дотроос төрийн сүлд, туг, тамга, дуулал бол хамгийн эрхэм нандин бэлгэ тэмдэг болдог. Тийм учраас ардчилсан Үндсэн хууль батлагдсан энэ өдөр төрийн бэлгэдлийн түүхтэй Та бүхэн танилцах болно” гэлээ.
Үндсэн хуулийн цэцийн дарга, доктор Ж.Амарсанаа Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг иргэн бүр сайн ойлгож мэдэрч, хуулиа даган мөрдөж, төрийн бэлгэдлээ зөв ойлгож, зөв хэрэглэж сурах хэрэгтэйг зөвлөөд энэ талаар бичсэн шинэ номоо Төрийн түүхийн музейд бэлэглэв.

Үзэсгэлэнг нээхээс өмнө Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслол болсон юм. Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн эхийг залах хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Ц.Мөнхтүвшин нар оролцлоо.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эх дээр гараа тавьж тангараг өргөдөг билээ.
Түүнээс гадна уг үзэсгэлэнд Үндсэн хуульд заасан төрийн бэлгэдлүүд болон төрийн есөн бэлгэ, долоон эрдэнэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр төрийн сүлдний талаар иргэдээс ирүүлсэн загварууд зэргийг дэлгэн тавьжээ. Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд Жавзундамбын хэрэглэж байсан төрийн алт, мөнгөн тамга, шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагинын хэрэглэж байсан мөнгөн тамгыг авчирч тавьсан байна. Үндэсний түүхийн музейгээс Халхын Очирбат түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг олон нийтэд үзүүлэхээр авчирчээ. Үзэсгэлэнгийн энэ хэсэгт ардчилсан Үндсэн хуулийн хэвлэмэл эхүүд, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеийн түүхэн баримт зэргийг үзүүлэхээр дэлгэжээ.
Төрийн түүхийн музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр бий аж. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан