Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТООЦДОГ БОЛОХ НЬ
“Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хуульзүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэм­цэх хуулийн хэрэгжилтийн байдал, уг хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцсэн юм.
2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт амь насаа алдсан гэсэн Цагдаагийн байгууллагын мэдээлэл байна. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан уг асуудалд анхаарал хан­дуулж, “Иргэний танхим”-д хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Гэр бүлийн хүчир­хийлэлтэй холбогдсон хамгийн энгийн зүйлийг иргэний боловсролын хичээ­лээр бага ангийн сургалтад нэмэх, эрхийг нь багаас нь мэдүүлэхийг хөндөж гар­гаж тавьсан. Тэрээр “Хүчир­хийллийн эсрэг нэг­дэц­гээе” хэмээн уриалсан билээ.  
Харин өчигдөр болсон зөвлөлдөх уулзалтаар хууль эрхзүйн талаас нь асуудлыг авч үзэн гарц шийдлийг хамтдаа хайх байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, хүчирхийлэл нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг хэмээн үзэх болсон ч хуулиар хамгаалуулж чад­даггүй байдалтай байгааг НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хэлэв.   
Хуульзүйн яамны Хууль сахиулах бодлогын хэ­рэг­­­жилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд боловсруулж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ту­хай хуулийн шинэчилсэн най­руулгын төслийг танил­цууллаа. Судалгаагаар хүн амины хэргээр ял эдэлж бай­гаа эмэгтэйчүүдийн 30 хувь нь нөхрийнхөө аминд хүрсэн байдаг аж. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойг харуулж байгаа юм. Иймээс тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, эрүүгийн гэмт хэрэгт тооцох зэргээр тусгажээ. Цагдаагаас гадна, эмч, нийгмийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхийг заасан байна. Уг төсөлд дээр дурдсан байгууллагын төлөөлөл болон, шүүгч, прокурор, цагдаагийн ажилтан, өрхийн эмч, нийгмийн ажилтан, ТББ-ынхан хүрэлцэн ирж, саналаа хуваалцсан юм. Иргэний журмаар бус эрүүгийн хуулийн дагуу хэргийг шийддэг болох байр сууриа мэргэжилтнүүд илэрхийлэв. Хохирогчийг хамгаалах ажил хангалттай бишээс болж амиа алдсан тохиолдол гарсныг жишээ татан ярилаа. Нэгэн эмэгтэй гэр бүлээ салгуулах шүүх хурлын өмнө шүүхийн байрны гадаа нөхрийнхөө гарт амь насаа алдсан хэрэг гарч байжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл­тэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд “Миннесота хүний эрхийн хамгаалагчид” байгууллагын эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн гүйцэтгэх за­хирал Хэлэн Рубенстен хөнд­лөнгөөс дүн шинжилгээ хийснээ танилцуулав. Хүчир­хийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран хийсэн судал­гаагаар долоон аймагт ажиллаж, хуулиар үүрэг хүлээсэн нийгмийн ажил­тан, цагдаа, Засаг дар­га, эрүүл мэндийн ажил­тан, хохирогчид, ТББ-ынхан, холбогдох яамдын мэргэжилтэн, шүүгч, прокурор гэх мэтчлэн хүмүүсээс ярилц­лага авчээ. Тэдний ярианд тулгуурлан уг хуулийг сайжруулах шаардлагатайг тогтоосон байна. Ингээд хуульд хүчирхийллийн хэлбэ­рүүдийг тодорхой заах, гэмт хэрэгт тооцох, ял шийтгэл оног­дуулахыг оновчтой бол­гох зэргийг зайлшгүй тусгах ёстойг хэлж байсан юм.   

Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан