Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гавьяатай гавьяатуудаа хүндэтгэл үзүүллээ
Түүхэн 90 жилийн ойгоороо төрөөс Сүхбаатарын одонгоор шагнуулсан Төв аймгийнхан өнгөрсөн жилд шинэхэн есөн гавьяат, нэг Хөдөлмөрийн баатар, улсын гоц мэргэн, заан цолоо  өлгийдөн авчээ. Тийм ч учраас сар шинийн босгон дээр амжилт бүтээлээрээ бусдыгаа хошуучлан хөдөлмөрлөсөн гавьяатнууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Төв аймгийн ард түмэн үнэхээр мэдлэг чадвартай, хичээл зүтгэлтэй, тэсвэр тэвчээртэй гэдгийг боловсрол, урлаг, спортын салбараас төрсөн гавьяатнууд илтгэнэ. Гавьяагүй гавьяатнуудын тоо нэмэгдсэн энэ цаг үед гавьяат шагналын нэр хүндийг өргөсөн, нүдээ олсон шийдвэр байсныг ч дурдах нь зүй. Гавьяат цолны нэр хүнд насаараа хүний өөрийн гэсэн хоёргүй сэтгэлээр ирээдүй болсон хүүхдүүдийн сурган хүмүүжүүлэх үйлст зүтгэсэн гавьяат багш Ш.Бямбажав, Ш.Мөнхбат нарын тоолж барахгүй шавь нарын сэтгэлд оршдог юм аа гэж хүндэтгэл үзүүлэн бөхиймөөр. Гавьяат цолны алдрыг шигшээ багийн анхны тамирчин гэдэг алдрыг өндөрт өргөж яваа, “гимнастикийн” Хишгээ гэж алдаршсан Гавьяат багш, дасгалжуулагч Д.Хишгээгийн хөдөлмөр зүтгэлээр мөн бататгана. 47 жилийн турш урлагтай ханилж, аймгийн Соёлын ордонд ажиллаж, хүйтэн халууныг үл ажран аймгийнхаа сумдыг тойрон аялан тоглолт хийж явсан Гавьяат жүжигчин, дуучин Ж.Цэцэг эгчийн үнэнч сэтгэлд гавьяат гэдэг эрхэм алдар нь хадгалагддаг, “Энэ жил 2000 төл авна даа” хэмээх гавьяат малчин Я.Нямдоржийн бүтээлч амьдралаас гавьяат цолны үнэр хэрхэн ханхалдгийг үнэхээр мэдэрсэн өдөр байлаа.

Мөн гавьяат цолны хүндлэл Монголын биш дэлхийн хэмжээний тамирчны энгэрт гялалзаж байдгийг энэ өдөр харсан юм. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аварга мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин нар ч Төв аймгаар овоглодог.

Эдгээр хүний энгэрт гялалзах гавьяатын тэмдэг хэр их хөлс хүчээр ирснийг тэд өөрсдөө л мэднэ. Амжилтын амтыг мэдрүүлсэн тэр их бартаа саадыг хуваалцаж, унах цагт нь түшиж, дутах цагт нь нөхөж явсан төрөлх нутгийнхан нь ч энэ баярыг хуваалцах бүрэн эрхтэй. Тийм ч учраас аймгийн Засаг дарга Д.Баярбат “Ийм олон гавьяаттай нэг зэрэг уулзана гэдэг үнэхээр их аз завшаан. Жил бүр бид төрийн хайр хүндлэлийг хүлээсэн гавьяатнуудаа хүлээн авч хүндлэл үзүүлдэг. Гэхдээ энэ жилийн хувьд дэлхийн тавцанд нэрээ гаргасан хөдөлмөрч хоёр дүү маань гавьяат цолоор шагнуулсан нь бидний хувьд маш их баяртай үйл явдал” хэмээн бахархсан сэтгэлээ илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан