Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архивлагдаагүй ард түмэн
Улстөрчид өөрсдийгөө гэрээ сахиж боргодог банхартай зүйрлэх нь бий. Дүр төрхөөрөө төсгүй ч “хуцдаг”, хамгаалдаг чанар нь нэг учраас “хоточ нохойн” үүргийг хамгийн сайн биелүүлдэг гэлцдэг. Гэхдээ хэвтрээсээ холдож, хүн амаасаа тусгаарлагдсан 76 гишүүн битүү байшин дотроос хэчнээн боргосон ч нэмэргүй. Гаргасан шийдвэр, хийсэн ажил нь хөрсөн дээр буулгүй, иргэдийн болоод эх орны ирээдүйд аюул заналхийлж эхлэв. Тиймээс тэднийг эзнээ хамгаалж, хуцдаг банхараас илүүтэй эрх ашгаа хамгаалж, биеэ оторлодог нэгэнтэй жиших нь зөв. Учир нь, хүн болж төрөөд хөрстийн чулууг хөдөлгөж байсан гэх иргэнийхээ баримтыг, Манжийн үеэс эхлээд мандан бадарсан эх орны түүхийг хадгалж ирсэн Архивын ерөнхий газар (АЕГ)-ыг эцсийн замд нь үдэхээр зэхжээ.
Хэдийгээр энэ нь хотын төвөөр шавсан хуучин барилгуудын нэг юм шиг санагдах ч өвөг, эцэг үүх, түүхээрээ бахархдаг Монгол Улсын үнэн зөв баримтууд хадгалагддаг чухал объект юм. Өөрөөр хэлбэл, XIII зуунд Их Монгол Улсыг байгуулсан эзэн Чингис хаан төрийн албан хэргийг хөх бэхээр цагаан цаасан дээр бичиж, үүрд хадгалж байх зарлиг гаргаж байжээ. Энэ нь, улс эх орны мандан бадрах хийгээд мөхөн доройтох мөчид хэн нь биднийг түшиж, хэн нь биднийг орхин одож байсныг гэрчлэх нотолгоо болон үлдсэн хэрэг. Тэрхүү баримтыг түүх болгон үлдээсний ачаар, хожмын үр удамдаа, улс орноо сахин хамгаалах, ар нуруундаа хутга барьсан “анд нөхрийг” таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тиймээс түүхийг бичихэд үнэн, зөв баримт болдог архив гэдэг нь улсын үүдийг үнэнч сахих жинхэнэ хоточ банхар юм. Гэтэл АЕГ гэх байгууллага өөрийн болоод өрөөлийн байранд гол зогоож, 1957 онд ашиглалтад орсон өвгөн барилгад байршсаар өнөөдөртэй золгов. Мөөгөнцөртөж, хана, туурга нь цуурсан хуучин барилга насжилт нь дууссан учраас хэзээ нурахыг хэн ч хэлж мэдэхгүй. Харин энэ үед нь архивын хөгжлийг нэг шат ахиулах алхмыг төрийн өндөрлөгүүд чөдөрлөж, түүхээ баллуурдахаар зэхээд байна.
Тухайлбал, манай улсад 35 төрлийн архив үйл ажиллагаа явуулж иржээ. Тэдгээрийн байрлаж буй барилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, боловсон хүчин гээд бүх зүйл нь өөр, өөр байдаг. Гэхдээ бүгдэд нь нэг нийтлэг тал бий. Тэр нь, зориулалтын бус гэх өдийг хүртэл шийдэгдээгүй асуудал. Гэтэл Үндэсний төв архивт гэхэд л 1674-1911 оны Манжийн үеийн, 1911-1921 оны Богд хаант Монгол Улсын, 1921 оноос хойших Ардын засгийн үеийн нэн чухал бүх баримт хадгалагдаж байдаг. Тэдгээрийн дийлэнх нь цаасан суурьтай бөгөөд кино, гэрэл зураг, дуу авианы баримтууд учраас зориулалтын хадгалалт гэдэг хамгийн чухал асуудал. Тиймээс АЕГ-ыг зориулалтын байранд нүүлгэн шилжүүлэх, түүхэн ач холбогдол бүхий баримтуудыг стандартын дагуу хадгалах ажил 2010 оноос эрчимтэй өрнөж эхэлсэн юм. Улмаар хувь иргэний болоод хувьсгал, өрнөлийн бүх баримтыг хамтатган хадгалах шинэ цогцолборыг нисэхэд барьж эхэлсэн байдаг. Гэтэл нэрэн дээрээ АЕГ-т хаяглагдсан тус барилга нидэр дээрээ эрх мэдэлтнүүдийн өмчлөлд шилжихээр яригдаж байна.
Тиймээс архивын газрыг айлын шоовдор хүүхэдтэй адилтгаж болох юм. Төрийн статустай барилга байтугай томоохон албан тушаалтны оролцоотой баар, пааб, зочид буудал Чингисийн талбайг тойрон сүндэрлэж байхад үндэсний хэмжээний архивын газарт үнэндээ л багтаж, шингэх зай олдсонгүй. Гэтэл бусад улс оронд архивын баримт бичгээ цаасан болон цахим хэлбэрээр хадгалж, шилэн хоргонд хийж, үнсэж, үнгэх нь холгүй байна. Харин монголчууд мөөгөнцөртэй барилгын хаа нэгтээ хадгалж, хэзээ зориулалтын байртай болох бол хэмээн олон жилийг ардаа орхижээ. Аман яриагаар аюулд ороод буй архивын газар энэ ондоо багтан албан тасалгаагаа солих учиртай байсан. Гэтэл албан ёсоороо бол мөөгөнцөртэй байрнаасаа толгойгоо ч цухуйлгаж болохгүй, хөл хорионд орчихоод буй. Энэ нь өдгөө 90 хувийн гүйцэтгэлтэй, 2.1 тэрбум төгрөгөөр боссон барилга хэн нэг эрх мэдэлтний харцыг булаасантай холбоотой. Ихэнхдээ, эрх мэдэлтнүүд эд хөрөнгөнд дурладаг учраас байршил сайтай байшин, савыг анхны харцаар эзэмдэх нь элбэг тохиолдол. Юутай ч, үндэсний хэмжээний архивыг хадгалах анхны шинэ байр аль нэг улс төрчийн шуналын бай болов. Тиймээс 2007 онд газрыг нь товлож, 2010 онд барилгын ажлыг эхлүүлж байсан нь энэ онд эцэслэн дуусч, эх орны түүх найдвартай хадгалагдах байв. Гэвч үнэн түүх, үндэсний хэмжээний архивыг үл хөдлөх хөрөнгөнөөс  дорд үзсэн нь үндэс угсааг үгүйсгэж, ирээдүйд олноороо ойд төөрөхийн шинжийг илтгэнэ. Тиймээс архивын газрыг болоод унаж, боссон эх орныхоо үнэн түүхийг хэн гэгч нь булаан эзлэх гэж байгааг үргэлжлэлээр хүргэх болно.

Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан