Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дансны хулгай, далд эдийн засагтай төр дайтаж эхэллээ

Бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн ашигтай ажиллах, хөгжиж дэвшихэд саад болдог ганц зүйл нь татвар мэтээр санах ойлголт түгээмэл. Гэвч Монгол Улсын хуулиар зохицуулагдсан энэ орчинд хүн бүр адил тэгш, хуулиа дагаж мөрдөх ёстой. Татвар төлөгч ч тэр, татварын үйлчилгээний ажилтнууд ч ялгаагүй.
Татварын ерөнхий газар өчигдөр өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, энэ жил хэрэг­жүүлэх шинэчлэлүүдээ танилцуулав. ТЕГ-ын дарга Т.Батмагнай хэвлэл мэдээллийнхэнтэй зангиагүй уулзалт хийх үеэрээ энэ салбарт бугшсан хүндхэн асуудлыг ч нуулгүй дэлгэлээ.

Татвараас далдлагдсан эдийн засаг

Энгийн ойлголтоор тунгаавал иргэн, аж ахуйн нэгж хуульд заасан татвараа цаг хугацаанд нь үнэн зөв төлөх үүрэгтэй бол татварын алба хуулийн хэрэгжилтийг хангаж, улсын төсөв бүрдүүлэх ёстой. Үндсэндээ татварын мөнгө гэдэг улсын хөрөнгө юм. Гэвч бизнес эрхлэгчид “Биднийг хэтэрхий олон шалгалаа” гэх маягаар гомдоллодог. Хуульд зааснаар хоёр төрлийн л шалгалт явуулдаг гэнэ. Юун түрүүнд та татвараа ямар нэг асуудал, хүндрэлгүй, тогтмол төлдөг бол таван жил тутамд нэг удаа шалгах боломжтой. Харин хууль зөрчиж, “хулгай хийх” зарчмаар ажиллаж, түүнээс болж улс, өрсөлдөгч нэгжүүдээ хохироож байвал хуулийн байгууллага шалгана, мөрдөнө. Товчхондоо, хөндлөнгийн мэдээллээр таныг хэзээ ч шалгаж болох аж.

Өнгөрсөн онд татварын хяналт шалгалтад нийт 11331 татвар төлөгч  хамрагдаж, 3.9 их наяд төгрөгийн зөрчил илэрч, 234.7 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосон байна. Үүний дотор төлөвлөгөөт шалгалтаар 8953, НӨАТ-ын зөрчилтэй холбоотой 1573, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэж 2378 татвар төлөгчийг шалгажээ. Ингэснээр төлөвлөгөөт шалгалтын дүнд 708 тэрбум төгрөг, НӨАТ-тай холбоотой 128.7 тэрбум төгрөгийн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж буй гэнэ.

Тодруулбал, татвар төлөгч, бизнес эрхлэгчид орлогоо нууцалж, ажил үйлчилгээндээ хууль бус арга хэрэглэснээр далд эдийн засаг бий болгож буй хэмээн татварын албаныхан томъёоллоо. Далд эдийн засаг юунаас үүдэж бий болдог вэ гэсэн асуултад ТЕГ-ын дарга Т.Батмагнай “Татвар төлөгчийн ухамсар, хуулийн мэдлэг, санаатай болон санамсаргүй үйлдлээс улбаалдаг. Мөн татварын албаны үйл ажиллагаа нөлөөтэй” гэж хариулав. Товчхондоо, далд эдийн засаг үүсгэх анхдагч нөхцөл байдлыг компани, аж ахуйн нэгж бий болгож байгаа ч түүн дээр нэмээд татварын байцаагч, ажилтнууд ч асуудал үүсгэж буй гэнэ.
Тиймээс далд эдийн засагтай тэмцэхийн тулд ТЕГ эрсдэлийн удирдлага хэрэгжүүлж, татварын ногдуулалтын хяналтын ажиллагааг чанаржуулах аргачлал боловсруулжээ.

Үхсэн хүний нэрээр компани байгуулжээ

Өнгөрсөн онд татварын байгууллагад өрнөсөн нэгэн шуугиантай хэрэг нь Нэмүү өртгийн албан татварын падаан зарах, хий шилжүүлэн бичих гэхчлэн дансны хулгай байв. Тодруулбал, нэг хүний нэр дээр олон компани байгуулж, ажиллуулах, улмаар хууль бус аргаар ашиг олж буй. Хамгийн том жишээг дор сийрүүлье.
Иргэн Л.Эрдэнэтуяаг эрхэлсэн ажилгүй байхад танилууд нь түүний нэр дээр компани байгуулахыг санал болгожээ.

Мөн өөр хоёр ч хүн хэрэгтэй байгааг хэлээд, нэг компани байгуулахад 20 мянган төгрөг өгье гэсэн байна. Улмаар Л.Эрдэнэтуяагийн нэр дээр 10 компани, түүний эгч Л.Эрдэнэсувдын нэр дээр дөрөв, эгчийнх нь найз Б.Нямсүрэнгийн нэр дээр дөрвөн компани тус тус байгуулжээ. Тохирсон ёсоор, Л.Эрдэнэтуяад 200 мянга, бусдад нь дөрвөн компанийн тус бүр 80 мянган төгрөг өгсөн гэнэ. Түүнээс хойш компани байгуулсан хүмүүс “компанийн эзэдтэй” огт холбогдоогүй. Гэтэл нэг л өдөр Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагынхан гурван эмэгтэйг хайж олж, их хэмжээний татвараас бултсан гэдгийг дуулгаж. Тэр хүртэл гурван бүсгүй өөрсдийгөө хэдэн тэрбумын эргэлттэй компанийн эзэн гэдгээ огт мэдээгүй явж. Тухайлбал, Б.Нямсүрэнгийн нэрээр бүртгэлтэй “Хашийн цагаан орд” констракшны борлуулалт 3.6 тэрбум, “Илбийн цэнхэр зэрэглээ” констракшны борлуулалт 1.9 тэрбум, Ховор боржин чулуун ордын борлуулалт 2.6 тэрбум, “Хасаг халууж тулга” констракшны борлуулалт 2.5 тэрбум төгрөг байдаг. Иргэн Л.Эрдэнэсувдын нэрээр дөрвөн компани бүртгэлтэй. “Баян намсрай жав” трейд констракшны борлуулалт 10.3 тэрбум, Дугарзайсан констракшн, “Одон бөмбөлөгт” констракшны борлуулалт 2.5 тэрбум, “Өргөн мөнх” трейдийн борлуулалт 4.1 тэрбум төгрөг хүрчээ.

Иргэн Л.Эрдэнэтуяагийн нэрээр “Содбилэгт эрдэнэ”, “Хүчитхас уул”, “Хөөрхөн торомгор” трейд, “Гялалзах үйлсийн өргөө”, “Үлэмж үйлсийн өргөө”, “Жавхлан бат туяа” трейд, “Их өрнөх үлэмж” трейд, “Нахиухуст” трейд, “Хайсын булаг” трейд, “Есүгэн эх” нэртэй аж ахуйн нэгж бүртгэлтэй. Түүний нэр дээрх компаниудын нийт борлуулалт 45.7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд бүх татварыг Л.Эрдэнэсувд төлөөгүй учраас татвараас зайлсхийгч болж хувирч буй юм. Энэ бол иргэдийн эрхзүйн мэдлэггүй, зарим талаар эмзэг давхаргын, боловсролгүй байдлыг далимдуулан ашиглаж төрийн хөрөнгөөс завшсан хэрэг юм. Одоо дээрх хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаах, шалгах шатандаа яваа аж.

Далд эдийн засгийн данс “гүйлгэх” хулгайн ажил үүгээр зогсоогүй. Хятадад суралцдаг залуу оюутан эх орондоо амралтаараа иртэл түүний нэр дээр олон сая төгрөгийн өр төлбөр гарчихжээ. Үүний учрыг олуулахаар холбогдох газарт хандахад түүний хувийн мэдээллийг ашиглан хулгайн компани байгуулаад байсан аж. Өөр нэг хүнийг ТЕГ-аас дуудаж, өр төлбөрийн асуудлаар ярилцахад “Би иргэний үнэмлэхээ хаячихсан байсан, одоо шинийг авчихсан” гэж хариулжээ. Тэр ч бүү хэл нас барсан хүний нэрээр компани байгуулж татвар, төсвийн мөнгөнөөс завших тохиолдол гарсан байна. Үхсэн хүний мэдээлэлд баталгаа гаргаж өгч буй нотариатчид ч буруу бий.

Татварынхан, өөрчлөлтийг өөрөөсөө...

Энэ мэтээр татварын ертөнцөд хууль зөрчиж, хэдэн тэрбум, саяар үнэлэгдэх хөрөнгө, мөнгө зувчуулсаар байгааг ТЕГ зогсоохоор шийдсэн. Ингэхдээ “Өөрчлөлтийг өөрөөсөө” эхэлье гэдэг уриа дэвшүүлсэн байна. Л.Эрдэнэтуяа нарын холбогдсон олон тэрбумаар хэмжигдэх хөрөнгийн гувчууллыг жирийн иргэн бүү хэл дээд сургууль дөнгөж төгссөн эдийн засагч ч төдийлэн ойлгохгүй. Тиймээс хуулийн сиймхий, хяналтын сулралаар далим хийж ашиг олох бололцоог харсан мэргэжлийн татварын байцаагч, албан хаагч холбогдсон гэж хардах үндэслэлтэй.
Ийм учраас ёс зүй, мэргэжлийн онцлог, ажлын зарчмаа чанд баримтлах хэрэгтэй. Ядаж бусдад татварын учрыг тайлбарлаад өгөх таатай харилцаанаас ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс энэ тухай “Татвар төлөгчийг тайлан тушаах үед нь хөндлөнгийн мэдээллийг ашиглан алдааг нь илрүүлж, залруулах үйл ажиллагаа” хэмээн томъёолдог. 2012 оны дүнгээр 3787 татвар төлөгчийн 519.8 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж, тайланг залруулжээ. Ингэснээр татвар төлөгчийг 27.8 тэрбум төгрөгийн татварын хариуцлага хүлээх эрсдэлээс хамгаалж чадсан гэнэ. Энэ мэтээр өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, олон жил зохицуулалт, хуулийн хатуу алхаар цөмрөөгүй хана хэрэм мэт болсон хүнд суртал, буруу бодлыг арилгах боломжтой. Шинэчлэл 2014 оноос эхэлж буй юм.

Нөгөө талаас татвар төлөгчид ч харьцангуй шударга, бусдыг хуурч мэхлэх, татвараас зайлсхийх асуудлаас ангид байхыг уриаллаа. 2013 оны татварын тайлангийн нэгдсэн дүн гараагүй байгаа тул зарим мэдээллийг 2012 оныхоор жишээ татан ярихаас аргагүй юм. Жишээ нь, 2012 онд манай улс дахь байгууллагуудын санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр нийт борлуулалтын орлогын хэмжээ 16.9 их наяд төгрөг болжээ. Үүнийг 2007 оныхтой харьцуулж үзвэл 59 хувийн өсөлт гэнэ. Жинхэнэ шударга тоо, тойм, тооцоо гэж харагдаж болох хэдий ч өөр шалгуураар жишиж үзэхэд гууль нь цухуйх аж. 2007 оныг 2012 онтой зэрэгцүүлэхэд борлуулсан бүтээгдэхүүний өртөг 123 хувь, урьдчилж орсон орлого 594 хувь, өр төлбөрийн дүн 321 хувиар тус тус өсчээ. Дээр өгүүлсэн борлуулалтын орлогоос зарим нь 2-6 дахин өндөр дүн. Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Бусад үзүүлэлт ийм өндөр гарч байгаа бол борлуулалтын орлого 59 хувь байх ямар ч үндэслэлгүй, үүнийг ямар ч эдийн засагч тооцоолж, багцаалж чадна” гэсэн юм. Гэлээ ч татварын орлого, тооцоо, тайлангаа нуун дарагдуулсан татвар төлөгч, хууль зөрчсөн хэн боловч хэзээ нэгэн цагт илэрдэг нь сайхан билээ.
0 Сэтгэгдэл
bayartsogtiig shalgaad uguuchee mongold vnen gej bainyy
Ooriinhoo ner deer urtguulsen kompanaa ooroo avchihaach. Erkh ni neelttei sh dee. Tegeed l bayan bolchinho. setge setge
Хамгийн их уншсан