Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорих ангид хүний эрх бий юу

Хүний эрх, эрх чөлөөний тухай болон түүний зарим нэг хязгаарлалтын талаар олон мянган хуудас хууль, дүрэм бий. Тэдгээрийг амны уншлага болтол цээжлэх нь иргэн бүрийн үүрэг биш ч хуулийн дагуу амьдрах нь орчин цагийн нийгмийн бодит шаардлага болоод зохицуулалтын үүргийг давхар гүйцэтгэдэг. Тиймээс иргэд өөрийн эдлэх эрхийн хэм хэмжээг мэдэж байх нь чухал. Гэхдээ олон мянган хуудас хууль, дүрэм нь “Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэх алдарт афоризмтай агаар нэг учраас зүйлчлэл бүрийг тоть шиг давтах шаардлага төдийлөн тулгардаггүй. Харин дээрх энгийн л нэг ойлголтыг эвдэж, эрх, эрх чөлөөгөө хасуулж, дүрэм, журмын диктатурт амьдарч байгаа иргэн олон бий. Гэхдээ дүрэм, журмын доор гэх ойлголтыг хязгаарлалт гэхээс илүүтэй “Дүрэм, журам нь хүмүүст аливаа зүйлийг хэрхэн хийхийг зааж өгдөг болохоос биш, юу хийхийг заадаггүй” гэдэгтэй жишиж болно.

Тодорхой тайлбарлавал, бусдын эрх, эрх чөлөө болоод улсын хууль дүрмийг зөрчиж, эрхээ хязгаарлуулсан иргэн ялтан болдог. Тиймээс нийгэмших эрхээ хасуулсан ялтанд “Шорон юу хийхийг нь заах бус аливаа зүйлийг хэрхэн хийхийг зааж өгдөг” гэсэн утга юм. Тиймээс шоронд “хүмүүжих” гэсэн хэллэг байдаг болов уу. Юутай ч, хүний эрхийн хүрээнд авч үзвэл, ялтан нийгмээс тусгаарлагдсан ч цаашид нийгэмших эрхээр хангагдах, баталгаатай амьд явах зэрэг олон эрхээ эдлэх учиртай. Гэхдээ манай улсын засан хүмүүжүүлэх, цагдан хорих, түр хугацаанд саатуулах байранд хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагддагт олон хүн эргэлздэг. Тиймээс өнөөдрийг хүртэл шорон хүнийг эвддэг үү, эвлүүлдэг үү, гэх асуулт хариултаа олоогүй байна. Тухайлбал, хүн төрсөн цагаасаа хойш баталгаатай эдлэх учиртай хүний эрхийн талаарх Олон Улсын гэрээ, конвенцид заагдсан хэм, хэмжээг хорих ангийн ялтнууд эдэлдэггүй гэх албан ёсны дүгнэлт бий. Энэ нь ялтны ял эдлэх хугацаандаа өнгөрөөж буй хорих ангийн байр байдал, орчин нөхцлөөс шууд хамаарах талтай. Тиймээс “Хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд эхэлсэн нэгдсэн хорих анги нь ялтны эдлэх эрхэд ямар нөлөө үзүүлж болох талаар хүргье.

Хорих ангийн нөхцөл байдал

Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Тогтоол гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрээр баривчлах, цагдан хорих болон хорих ялыг албадан эдлүүлэх үүргийг хэрэгжүүлдэг. Харин тус байгууллагын хэмжээнд гяндан, онцгой дэглэмтэй хорих, баривчлан ял эдлүүлэх анги тус бүр нэг. Жирийн дэглэмтэй хорих болон чанга дэглэмтэй хорих анги тус бүр 11, цагдан хорих байр 26, Баривчлах ял эдлүүлэх байр 13 байна. Энэ нь нийт 600 байр, байгууламж, 64 нэгжид хорих, цагдан хорих үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Харин ачааллын тухайд зарим хорих анги нь байх ёстой багтаамжаасаа 100-120 ялтнаар илүү байдаг тул нэг өрөөнд 6-10 ялтныг байрлуулан ял эдлүүлж байна. Энэ нь 22 хувиар илүү буюу 5491 ялтны багтаамжтай байранд 6700 орчим ялтан ял эдэлсэнтэй тэнцэх юм.

Орчин нөхцлийн байдал

Багтаамж нь хэтэрсэн хорих ангиудад тулгамдаад байгаа хоёр дахь асуудал нь орчин нөхцөл болоод алба хаагчдын нийгмийн асуудал, үйл ажиллагааны хүрээнд хязгаарлагдаж байна. Тодруулбал, ихэнх нь хот, суурин газраас 20 км-ээс дээш алслагдсан, хорих ангийн барилга, байгууламж нь зориулалтын бус буюу эмнэлэг, цэргийн анги, граж зэрэг зориулалтаар баригдсан байдаг. Тиймээс хүний эрхийн талаарх Олон Улсын гэрээ, конвенцид заагдсан жишиг хэм хэмжээг хангаагүй байдаг нь илт юм. Түүнээс гадна мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагын шалгалтаар ашиглах боломжгүй гэж тодорхойлсон бөгөөд холбоо, зам, харилцаа, дэд бүтэц нь орхигдоод буй. Харин алба хаагчдын хувьд өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох орчин нөхцөл бага байдгаас гадна эмнэлэг, сургууль, соёлын байгууллагаас алслагдсан байдаг. Үүнээс үүдэж, суурин газраас хэт алслагдсан зургаан хорих ангид ажиллаж буй 550 алба хаагчийн 850 орчим хүүхэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд хамрагдах боломжгүйн улмаас эцэг, эхээсээ тусдаа эмээ, өвөө, хамаатан, садныдаа амьдарч байна. Мөн алслагдсан хорих ангиудад ялтныг хуяглан хүргэх ажиллагаанд жилд дунджаар 270 удаагийн тээвэрлэлтээр 3000 орчим ялтныг хүргэхэд 65 сая төгрөг зарцуулжээ. Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай ялтнуудыг хорихын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд жилд дунджаар 2900 орчим ялтныг хуяглан хүргэхэд 18.3 сая төгрөгийн зардал гаргасан байна.

Гадаад орны хорих ангийн орчин нөхцөл

Гадаадын хорих байгууллагууд нь хүний эрхийг хангах, ял эдлэж буй ялтныг тохилог орчинд дасгах болон гадаад орчинтой ойртуулж өгөх, тэднийг суллагдан гарахад нь туслах, нийгэмд ойртуулах, сэтгэлзүйн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн орчныг бүлдүүрэн ял эдлүүлдэг аж. Харин төвлөрсөн хорих анги нь 5-10 мянган ялтны багтаамжтай, нэг алба хаагчийн хяналт тавих ялтны тоо дунджаар 3-5 ялтан, хоригдогч байдаг байна.

Манай улсын нэгдсэн хорих

Манай улсад баригдаж байгаа нэгдсэн хорих анги нь Олон Улсын практик, гадаадын зарим орнын хууль эрх зүйн орчныг судалсны үндсэн дээр баригдаж байна. Тухайлбал, ялтныг ял эдлүүлэхдээ оногдуулсан ялын хэр, хэмжээ, хувь хүний зан байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хохирол, төлбөрийн хэмжээг нь харгалзан A,B,C,D гэсэн зэрэглэлд ангилж, хорих ялыг албадан эдлүүлэх байрны орчин нөхцөл, өрөө, тасалгаа харуул хамгаалалт зэргийг зохих шаардлагын түвшинд загварчилсан стандартын төсөл боловсруулсан байна. Нийт талбайн хэмжээ нь 55 мянган ам метр бөгөөд 42 тэрбум төгрөгөөр босохоор төлөвлөгджээ. Харин гүйцэтгэлийн тухайд хорих ангийн барилгын А, Б, В блокийн 1-4 дүгээр давхар, техникийн давхрын хучилт бүрэн дуусч, дөрвөн давхрын өрлөгийн ажил 80 хувьтай явагдаж байна. Тиймээс шинээр баригдах нэгдсэн хорих анги нь стандартад нийцсэн, хүний эрх, эрх чөлөөг эдлэх боломжийг бүрэн хангахад суурилсан хэмээн харагдаж байгаа юм.

Эдийн засгийн хэмнэлт

Өнөөдөр ажиллаж буй 25 хорих ангийг нэгтгэн төвлөрүүлснээр удирдах болон гүйцэтгэх албан тушаалын орон тоог 15 хувиар багасгаж, 0.6 тэрбум, бараа үйлчилгээ болон бусад урсгал зардлаас хоёр тэрбум төгрөг хэмнэх юм. Түүнчлэн дэглэмийн хэлбэрээс хамааран хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа 1200 орчим ялтан ажлын байраар хангагдаж, цалин, хөлс авах, нийгмийн даатгалд хамрагдах, гэм хорын төлбөрийг барагдуулах зэрэг олон талын ач холбогдолтой аж.
0 Сэтгэгдэл
өршөөлийн хууль юу болсон бэ? сонин уншиж, бохь зажилж, утсаар ярьж хөхрөлддөг 76 нөхөд хүндээ хэрэгтэй тустай ажил хийгээсэй,сар шинээр нэг ч гэсэн айл элэг бүтэн шинэлээсэй билээ.
өршөөлийн хууль юу болсон бэ? сонин уншиж, бохь зажилж, утсаар ярьж хөхрөлддөг 76 нөхөд хүндээ хэрэгтэй тустай ажил хийгээсэй,сар шинээр нэг ч гэсэн айл элэг бүтэн шинэлээсэй билээ
өршөөлийн хууль юу болсон бэ? сонин уншиж, бохь зажилж, утсаар ярьж хөхрөлддөг 76 нөхөд хүндээ хэрэгтэй тустай ажил хийгээсэй,сар шинээр нэг ч гэсэн айл элэг бүтэн шинэлээсэй билээ.
Tor barij baisan MAH avligachidaas asuu?
Хамгийн их уншсан