Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЭГИЙГ БИШ НЭГЖИЙГ ТЭТГЭЕ
Бид нүүдэлчин, малчин, эзлэн түрэмгийлэгч, дарангуйлагч, булаан эзлэгч, луйварчин, хулгайч үндэстэн юм. Ингээд хэлэхээр уур чинь хүрч, өөрийгөө хамгаалах сэтгэл тань өмөлзөж байвал бид цөс ихтэй, адгуу ард түмэн гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Хувхай хоосон мөртлөө эх орон гэж хашгирдаг, дов жалганы үзлээр эрх ашгаа хамгаалдаг, “Хүн алж болохгүй, Хятадыг алж болно” хэмээн хаа сайгүй бичихдээ хүн чанараа гээсэн зүгээр л хоосон хийрхэгч болж. Хятад бараагаар зах зээлээ дүүргэчихээд тэднийг үзэн ядаж, гурав хүрэхгүй сая хүн амаар 1.4 тэрбум хүнийг устгана гэх өчүүхэн бодлоо өдийг хүртэл өвөртөлсөн, өш санамтгай, халаас хоосон борчууд болж хувирчээ. Тиймээс бид өнгөрсөн XIII зуунтайгаа зууралдаж, дэлхийн талыг эзэлсэн гэлгүй, өнөөдөр бидэнд оногдож байгаа нэг сая 500 гаруй км кв газарт эзэн сууж, үйлдвэрлэлийн эрэн зуунтай дөрөө харшуулан давхих хэрэгтэй. Гэвч өнгөрсөн түүхээс үзвэл бид үйлдвэрлэгч ард түмэн биш аж. 40 сая мал өсгөж чадсан мөртлөө, дотоодын зах зээлдээ томдсон үнээр махаа худалддаг, ноос, ноолууран бүтээгдэхүүн нь иргэдийн хэтэвчнээс давсан эгэл биш эдийн засгийг цогцлоожээ.
Гэтэл ёс, заншлаас илүүтэй идээ засахыг гол болгосон Сар шинийн баярын үеэр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэх уриалга урьд жилүүдээс ч хүчтэй яригдаж байна. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ урд хөршөөс ирэх галт тэрэгний цувааг харахад үндэсний үйлдвэрлэл цэцэглэн хөгжих үндэслэл харагдсангүй. Социалист нийгмийн сүүлчийн “хөшөө” болсон дотоодын үйлдвэрүүд Хятадын бараа, материалын үнэтэй дүйхээр эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаагүй учраас тэр. “Галууг дагаж, хэрээ хөлөө хөлдөөнө” гэгчээр брэнд хөөсөн үйлдвэрлэгчид ч дотоодын зах зээлийг хөөрөгдүүлж байна. Өнгөрсөн зун гэхэд л Монголд үйлдвэрлэсэн жийнсэн хувцасны жижиг, дунд үйлдвэр топ модель цуглуулсан томоохон хэмжээний загварын шоу зохион байгуулсан. Үнэхээр л үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэт санагдсан. Гэхдээ бодит байдалд эсрэгээрээ. Монгол, тэр дундаа монгол брэнд гэх үгийг тоть шиг давтан ашигласан нь нэг талаараа худалдан авах чадвар өндөртэй иргэдэд шууд хандсан хэрэг. Тиймдээ ч тус үйлдвэрийн жийнсэн өмдний дундаж үнэ 45 мянган төгрөг. Эрээнээс хөлөөрөө шахуу ороод ирсэн хоёр өмдний үнэтэй эн тэнцэнэ гэсэн үг. Ийм сонголт тулахад хэрэглэгчийн сэтгэл ханамжтай худалдан авах үндсэн суурь нь өртөг, тоо ширхэгт чиглэгддэг учраас өнөөх үндэсний үйлдвэрлэлийн өмд энэ удаад борлуулагдсангүй гэсэн үг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид дийлэнх иргэдийн худалдан авах чадварт нийцүүлнэ гэхээс илүүтэй, үндэсний гэх үгээр борлуулалтаа ахиулж, брэнд хөөхийг илүүд үзэх болсон байна.
Нөгөө талаас, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлого дутагддаг. Энэ нь татвараас хөнгөлж, толгойг нь илнэ гэсэн үг биш. Зүгээр л жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах үндсэн хөрсийг нь засч өгөхөд оршино. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчийг бус бүтээгдэхүүнд ордог бараа, материалын үйлд­вэрлэлийг өсгөх учиртай юм. Тухайлбал, манай улсад хуванцрын үйлдвэр байдаггүй мөртлөө хуванцар савтай бүтээгдэхүүн хэдэн мянгаараа худалдаалагдаж байна.Үүнд, ундаа гэх бүтээгдэхүүнийг авч үзье.
Заагдсан жорын дагуу ундааг дотооддоо үйлдвэрлэдэг. Харин савлах асуудлыг зохицуулахын тулд хуванцар худалдан авч түүнийгээ урд хөрш рүү галт тэргээр гаргаад, дахин боловсруулж хэвэнд оруулсны дараа эх орондоо авчирдаг. Тиймээс төр засгийн зүгээс ундааны үйлдвэрийг бус савлагааг нь үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрт анхаарлаа хандуулах нь ач холбогдолтой юм. Мэдээж, хуванцар хайлуулж, дахин боловсруулах үйлдвэр нь ганцхан ундааны сав хийхгүй учраас хуванцар ашигладаг бүх л үйлдвэрийн зардлыг тодорхой хэмжээгээр багасгах ач холбогдолтой юм. Энэ нь биеэ даасан нэг үйлдвэрийг бус олон жижиг нэгж байгуулж, тэдгээр нь бие биетэйгээ харилцан үйлчлэлцсэний эцэст, эцсийн бүтээгдэхүүн гаргана гэх гаргалгаа юм. Үгүй бол, бөс бараагаа гадаадаас зөөж, дотооддоо үйлдвэрлэсэн нэр зүүх нь үндэсний үйлд­вэрлэлийн үйл явц биш. Тиймээс өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн Эрээний бараанаас үнэтэй байх нь аргагүй.
Гэтэл дотоодын үйлд­вэрлэл хөгжөөгүй манай улсын хувьд бизнесийн орон зай асар их бий. Даанч тэр зайг нөхөх боломж өнөөдрийн байдлаар гарч ирээгүй. Талх, нарийн боов, архи, сүү, ус, ундааг эс тооцвол бидэнд, бөс бараа, хувцас үйлдвэрлэл зэрэг олон салбарт чөлөөтэй хөрвөх боломж байдаг. Гэсэн ч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн Газрын тогтоол 2011 онд батлагдсанд тодорхой зүйл заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эр­чимжүүлэх, боловсруулах үйлд­вэрүүдийн чадавхийг дээш­лүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зохицуулалт хийсэн байдаг. Тиймээс төрийн зүгээс онцгойлон анхаарахгүй л бол гараанаас дөнгөж гарсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаадын хүчин чадал муутай техникийн хүрээнд үйлдвэрлэлийн дамж­лагаа өргөжүүлж бай­гаа юм. Түүнчлэн хүчин ча­дал сайтай сүүлийн үеийн үйлдвэрийн техник нь тусгай мэргэжилтэн шаарддаг. Харин манай улсын хувьд инженер, технологич мэргэжлээр гадаад улсад оюутан сургах нь ховор учраас зарим талаараа үйлдвэрлэгчид техник, технологидоо голог­дох хандлагатай байдаг.

Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан