Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрд 60 жил зүтгэсэн ахмад дайчин 35 сая төгрөгийн Батламж гардав
Ахмад дайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарч, 2009-2011 онд 1627 ахмад дайчныг орон сууцтай болгосон.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш орон сууцны дэмжлэгт хамраагүй хоцорсон ахмад дайчдад нэг удаагийн мөнгөн тусламж болох 35 сая төгрөгийг олгож эхэлсэн билээ. 2013 онд 30 ахмад дайчинд тусламж үзүүлэх болж, нэг тэрбум 50 сая төгрөг улсын төсөвт суулгасан бөгөөд тавдугаар сарын 9-нд Чөлөөлөх дайны 68 жилийн ойг тохиолдуулан 21, Улсын баяр наадмаар 4 ахмад дайчинд нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлжээ. Харин өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ удахгүй тохиох гэж буй сар шинийн баярыг угтан Ч.Базар, Г.Халтар, Т.Батсуурь нарын зургаан ахмад дайчинд 35 сая төгрөгийн Батламж гардууллаа.

Ингээд Батламж гардсан ахмад дайчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо Эдгээр ахмадуудаас хамгийн өндөр  настай нь 99-тэй Г.Халтар гуай байв.

Тэрбээр, “Би Морин цэргийн сургуульд сурч байгаад 1940-1944 онд Халхын гол, Баян цагаан, Нөмрөгийн голд Нэгдүгээр морьт хороонд цэргийн нууцын холбоочноор ажилласан юм. Тухайн үед бага дарга цолтой байсан Цэргийн мэдээ хүргэхийн тулд халуун, хүйтнийг ч ажрахгүй морьтой давхидаг байлаа. 1944 оны дөрөвдүгээр сард Хэнтий аймгийн зургадугаар морин бригад байгуулагдсан. Би тэнд үүрэг гүйцэтгэж байгаад Ховд голын эхэнд байрлах Шаргын Алгийн заставт томилогдсон. Тэнд ч олон ажил хийсэн дээ. Тогоочоос эхлээд буу үүрч олзны хүмүүсийг хүртэл манадаг байлаа. Тэгээд тухайн ондоо Улаанбаатар хотод ирж офицерын сургуульд Жагсаалын дарга хийж байсан. 1946 оны 10 дугаар сарын сүүлээр офицерын сургуулиас халагдаж Халх голын нэгдүгээр штабд эмчийн туслах хийж байгаад 1967 онд тэтгэвэртээ гарсан. Одоо хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Төрөөс орон сууцны асуудлыг минь шийдвэрлэж өгсөнд туйлын баяртай байна” хэмээн хуучилсан юм.

Ахмад дайчин Т.Батсуурь, “Би одоо 86 настай. 15-тайгаасаа эхлэн морин өртөөний албанд улаа нэхээчээр ажилласан. Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайтай. 30 км тутамд нэг өртөө байдаг байлаа. Би өртөөгөөр явж буй хүмүүсийг дараагийн өртөөнд хүргэж өгөөд морио аваад буцдаг ажилтай байсан. 15 наснаас эхлээд  60 жил төрд зүтгэсэн. Ахмад дайчдад тэтгэврээс гадна сар бүр 200 мянган төгрөг өгдөг. Тэгээд орон сууцны хөнгөлөлт гэж жил бүр 280 мянган төгрөг олгодог. Өмнө нь ахмад дайчдад нэг өрөө орон сууц өгдөг байсан юм билээ. Тэгээд 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар орон сууц авч чадаагүй хүнд 35 сая төгрөг өгдөг болсон. Төрийн төлөө зүтгэснийг минь өндрөөр үнэлж байгаад баяртай байна” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан