Гаалийн байгууллага өнгөрсөн онд
нийт 3020 захиргааны зөрчил, 117 эрүүгийн шинжтэй зөрчил илрүүлэн
харьяалах хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Тухайлбал, гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 773-ыг илрүүлэн, 1,2 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 506,0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Гаалийн харилцаанд оролцогчид гаалийн хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих явдал буурахгүй байгаа ба гурван төрлийн зөрчлүүд нийтлэг үйлдэгдэж байгаа аж. Үүнд, татвар төлөхөөс зайлсхийх зөрчил нийт зөрчлийн 34,6 хувь, Бараа мэдүүлэх журам зөрчсөн үйлдэл 28,5 хувийг, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх үйлдэл 15 хувийг тус тус эзэлж байна. Дээрх 3 төрлийн зөрчил нь нийт зөрчлийн 78 орчим хувийг эзэлж байгаа тул Гаалийн байгууллагаас онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болжээ.
Иргэд гаалийн харилцаанд оролцохдоо хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих нь тухайн байгууллагатай холбоотой зөрчлийн болон эрсдлийн мэдээллийн санг үүсгэж байдаг тул хууль тогтоомжоо мөрдөн, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж байхыг Гаалийн байгууллагаас анхаарууллаа.























