Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨР ТЭЭВРИЙН САЛБАРААС ГАРАА ТАТЪЯ
-Үнэ тогтворжих ганцхан боломж нь энэ-

Халамжийн системийг хангалттай хүртсэн бид Гандангийн тагтаа шиг гар харж амьдардаг болжээ. Далавч байлаа ч нисэхгүй, хошуу байсан ч тоншихгүй, амаа ангайж зооглосоор зах зээлийн жамаар амьдарч байгаа гэдгээ ч хүлээж авах чадваргүй болтлоо сульдлаа. Үүний нэг жишээг нийтийн тээврээр зорчих тасалбарын үнэ өссөнтэй холбон тайлбарлаж болно. 100 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн зах зээлд зарагдахаа больсон өнөө цагт тасалбарын үнэ 100 төгрөгөөр өсөхөд нийгмийн бухимдал даруй нэмэгдэж, иргэд хуйхаа зулгаахад хүрэв. Улмаар ялархуу зандаа хөтлөгдөн “Та нар төрөөс мөнгө авдаг биз дээ. Муу сайн шулаач нар” гэж нийтийн тээврийн салбарыг буруушааж байна. Нөгөө талдаа, төрийг шантаажилж, үнийг тогтвортой барьж чадаагүйн төлөө огцор гэх нь холгүй. Юутай ч, 100 төгрөгийн зөрүү нийгэмд ямар хүчтэй цохилт болж байгааг дээрх үйл явдлаас харж болохоор байлаа. Гэтэл энэ удаагийн үнийн өөрчлөлт хэсэг хугацаанд тогтворжоод цаашид дахин нэмэгдэнэ гэдгийг нийтийн тээврийн тогоонд насаараа чанагдсан эрхмүүд дуу нэгтэй хэлж байна.
Энэ нь, зах зээлийн жам болоод халамжийн хавтгайрсан бодлогын гай гэдгийг учир мэдэх хүмүүс ч өгүүлж байгаа юм. Тиймээс энэ салбарт төр оролцсоноор гай болох уу, гавьяа байгуулах уу гэдгийг хоёр талын байр суурийг судалсны үндсэнд хүргэж байна.

Хавтгайрсан халамжийн бодлого

Улс төрийн нам, фракцууд амлалт өгч, түүндээ ороогдсоор бэлэнчлэх сэтгэлгээтэй монголчууд даруй өсөв. Үүнийг нийтийн тээврээр зорчих иргэдийн тодорхой хувь нь үнэгүй зорчиж байгаагаас харж болно. Тодруулбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа гээд 210 гаруй мянган хүн нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчдог.
Үүнээс 117 мянга нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, 113 мянга нь оюутан, 4600 нь цагдаагийн алба хаагч. Тиймээс төрийн халамжид багтсан дээрх иргэдэд өнгөрсөн жил нөхөн олговор гэж 53 тэрбум төгрөг гаргажээ. Энэ жилийн хувьд ч мөн хэмжээний нөхөн олговрыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад олгохоор болсон. Гэсэн ч дээрх хэмжээний нөхөн олговрыг авсан ч алдагдалтай ажиллах нь тодорхой болсон учраас тасалбарын үнийг нэмсэн юм. Гэхдээ нэмэгдүүлэхгүй байх гарц байсан уу гэвэл байсан. Өөрөөр хэлбэл, нийслэлээс “нөхөөсний” мөнгийг нэмэгдүүлэх гарц байв. Гэтэл төсөв мөнгөгүйн улмаас  автобусны үнийн өсөлт шийдвэр гаргах түвшинд яригдаж чадаагүй юм. Үүнээс үзэхэд, төр татаасны мөнгөө цаашид нэмэгдүүлэхгүй юм бол үнэ, ханш тодорхой хугацааны дараа нэмэгдэх нь гарцаагүй гэдгийг харж болох нь. Түүнчлэн үнийн өсөлтөд нөлөөлөх өөр үндсэн шалтгаанууд бий. Зах зээлийнхээ хуулиар нийтийн тээврийн хэрэгслийн гол хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдэхэд л үнийг өсгөхгүй гэх бодитой шалтгаангүй хоцрох болж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад зориулсан нөхөн олговрын мөнгийг нэг хүнд 400 төгрөгөөр тооцон энэ оны төсөвт тусгасан тул тасалбарын үнэ нэмсэн ч нийтийн тээврийн алдагдал хэвээр байгаа. Тиймээс маргааш эсвэл нөгөөдөр тасалбарын үнийг өсгөнө гэхэд нийслэлээс үгүй гэх үндэслэлгүй юм. Тиймээс төрийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад татаас мөнгөө нэмж өгөх эсвэл өгөхөө болих хоёрхон арга замтай тулгарч байна. Харин татаас мөнгийг болиулж, иргэн бүр тасалбараа авч, зорчино гэхээр хэт их халамж хүртсээр байгаад сурчихсан иргэдэд энэ нь боломжгүй мэт санагдах нь мэдээж. Тиймээс  төр нэгэнт эхлүүлсэн “татаас” гэх буруу зуршлаасаа болж өнөөдөр ацан шалаанд орчиход буй нь энэ.

Зорчигч бүр хөлсөө төлбөл ямар өөрчлөлт гарах вэ

Автобусны үнийн өсөлтөд ажилтай, орлоготой аль эсвэл ажилгүй гэртээ суудаг иргэд ихээр өртдөг. Бусад нийгмийн бүлгийнхэн өнөөх халамжийн системдээ багтчихсан. Тиймээс нийтийн тээврийн салбарыг алдагдлаас гаргах хамаг ачаа нь нийгмийн цөөнхөд оногдож байна гэсэн үг. Гэтэл бие эрүүл, ухаан саруул хүмүүс бие дааж амьдрах нь байгалийн жам байдаг.  Халамжид багтсан 210 гаруй мянган хүн дотор ч дээрх жамыг дагах ёстой иргэд бий.
Нэн түрүүнд, цагдаагийн алба хаагч нар нэрлэгдэнэ. Үүргээ гүйцэтгэж яваа цагдаа үнэгүй зорчих эрхтэй гэж заасныг эс тооцвол тэд “цоо эрүүл” хүмүүс. Харин үүргээ гүйцэтгэхээр автобус хөлөглөдөг  цагдаа хэд вэ гэдгийг сонирхвол бас л сонин тоо гарна. Гэтэл улсаас тэднийг автобусаар үнэгүй зорчуулахын тулд 1.5 тэрбум төгрөг төсөвлөж байна. Үүнийг үргүй зардал гэх үү эсвэл сэжигтнийг барихад автобусны үүрэг оролцоо их байдаг гэх үү, юутай ч цагдаа нар 1.5 тэрбум төгрөгийг төрөөс гаргуулдаг.
Үүний дараагаар оюутнууд байна. Манай улсын хамгийн их халамж хүртдэг нийгмийн бүлэг гэхэд буруудахгүй. Энэ жилийн хувьд 113 мянган оюутныг халамжид багтаасны улмаас улсаас 28.7 тэрбум төгрөгийн татаас автобус компани руу урсаж байна. Гэтэл 10 жилийн сурагчид автобусанд 200 төгрөг төлж зорчдог. Насных нь хувьд аваад үзвэл сурагчид үнэгүй зорчиж, оюутнууд 200 төгрөг төлөх нь зохилтой юм шиг харагддаг. Гэтэл сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авч, ажил хийх боломж нь харьцангуй дээрдсэн тэд өнөөдрийг хүртэл нийгмийн халамжаас татгалзаж үзсэнгүй. Угтаа, дээрх бүх тэтгэлэг нь суралцах явцад тулгарч болзошгүй нийгмийн асуудлыг нь шийдэж, зөвхөн сайн суралцахдаа анхаарлаа төвлөрүүл гэж олгодог мөнгөн дэмжлэг мэт харагддаг. Гэвч 70 мянган төгрөг нь буусан өдөр баар, ресторанууд орлогожиж, сурлагын түвшин нь муу байдгаас үзвэл тэдэнд олгодог төрийн дэмжлэг үр дүнгээ өгдөггүйг сануулж буй хэрэг юм. Тиймээс оюутнуудад оногдуулдаг олон янзын дэмжлэгийг эргэн нэг харахад буруудахгүй болов уу.
Харин хөнгөлөлт эдэлдэг хэрнээ автобусны үнийн асуудалд хамгийн эмзэг хандсан нь өндөр настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Хэдийгээр тэд хийж бүтээх насаа өнгөрөөсөн ч амь зуулгаа болгоод байх хэмжээний халамжийг сар бүр хүртдэг. Сануулбал, 2008 онд Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ахмад настны нийгмийн хамгааллын, Цагдаагийн, Боловсролын тухай хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ нь, улсаас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад олгодог мөнгийг иргэдэд өгч бүх хүнийг автобусанд мөнгө төлж зорчихоор хуульчилсантай  холбоотой юм.
Гэтэл энэ хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцэн мөлхөө жагсаал хийснээр дээрх хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан байдаг. Гэтэл хэрэгжсэн бол өнөөдөр автобусны үнэ 500 төгрөг хүртлээ өсөхгүй байх боломжтой байв. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд орлого, татаас гэсэн хоёр төрлөөр санхүүгээ бүрдүүлдэг. Тасалбар авах иргэд хэдий чинээ их байна, төдий чинээ санхүүгийн чадамжтай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд оногдох зарлага багасах эдийн засгийн тогтолцоо үйлчлэх юм. Тиймээс иргэн бүр тасалбарын мөнгөө төлдөг бол цаашид үнэ буурах бүрэн боломжтой.
Харин нэгэнт нэмэгдсэн үнэ эргэж буудаггүй одоогийн нөхцөлд үнийг цаашид тогтвортой барих боломж олдох юм. Гэсэн ч нийгмийн нийт иргэдийн бус өөрсдийн авч буй өнөөдрийн халамждаа хэт их анхаарал хандуулсны улмаас нийтийн тээврийн салбар алдагдалтай шалтгаанаар төрийг шантаажилж, тасалбарын үнийг нэмэх нь хэвийн үзэгдэл болоод байгаа юм. Хэрэв бид алхам тутамдаа авдаг төрийн дэмжлэгээс татгалзаж, автобусанд адил тэгш мөнгө төлдөг бол цаашид үнэ удаан хугацаанд тогтворжиж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хооронд зах зээлийн өрсөлдөөн үйлчилж эхэлнэ. Ингэснээр үйлчилгээ, чанар, стандартад тавигдах шаардлага ч нэмэгдэх нь гарцаагүй билээ.          

Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
zuvuu buh hun munguu tuldug boloe ter halamjaa humuust ni uursud ni ugsun ni deerr ene oyutanuud bol uneheer iluu bna suragchid munguu tuluud yavj bhad arai dendej bna deer ni sar bur 70n myangiig avna
Гараа тат.
нийтийн тээврээс төр гараа татах нь зүйтэй. үүний тулд хүн бүр мөнгөө төлөх, 2-рт ОНӨ гэх баазуудыг менежментээр хувьчлах.тэгээгүй цагт захиргааны зардал ихэссэнээр алдагдалд орж байна.цагдаа автобусанд үнэгүй зорчиод ямар үр дүн байна. 10 жилийн хүүхэд мөнгө төлөөд байхад 70000 авсан оюутан яахаараа үнэгүй зорчиж байна. энэ бүхэн сонгуульд ялхын тулд явуулж буй халамжийн бодлого мөн
бас кондуктар жолооч нар нь орлогоосоо иддэгээ болих хэрэгтэй
Зөв шүү оюутан, цагдаа,тээврийн хэрэгсэлээр зорчиж л байгаа бол үнээ төлөөд л явая л даа.Ямар төр засгийн төлөө амьдарч байгаа биш ...
Хамгийн их уншсан