Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мах, өөх дагнасан 1 ширхэг бууз 185-215 (200) ккал агуулдаг
Сар шинийн баярын гол зоогийн илчлэгийг тооцон бодвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 ккал(килокалори), нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал агуулдаг байна.

Монголчууд золголт хийж явахдаа дор хаяж таван айлаар орж, айл болгонд гурван бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө 4325 ккалорийг хоол хүнсээр авна гэсэн үг юм.

Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг, дундаж насны эрэгтэй хүний хоногт авах илчлэгийн хэмжээ дунджаар 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Тэгэхээр жишээ болгон тооцсон дээрхи илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их гарч байна. Баярын үеэр уг тооцооллоос ч олон айлд орж, төдий чинээ олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Тиймээс дээрх тооцооллоос ч их илчлэгийг хуримтлуулна гэсэн үг.

Хүний хэрэгцээт илчлэгийг тооцохдоо нас, хүйс, биеийн өндөр, жинд нь тохируулан гаргадаг.

Жишээ:
63 кг жинтэй, 164 см өндөртэй, 43 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эрэгтэй хүн 2150 ккал илчлэгийг өдөрт хоолоор авах ёстой.

69 кг жинтэй, 165 см өндөртэй, 49 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эмэгтэй хүн өдөрт 1700 ккал илчлэгийг хоол тэжээлээр авах ёстой.

Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр жин нэмэгдүүлдэг. Харин жингээ тогтмол барихын тулд өдөрт дор хаяж 250 калори шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм.

Зөв зохистой хооллох, эрүүл мэндээ анхаарахад тань дараах зөвлөмжийг хүргэж байна.

1.    Та хоол, хүнсээ өөрийн биеийн онцлогтоо тохируулан хэрэглэ. Ялангуяа хэт их өөх тостой бууз, мах, хоол нь ходоод, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг цочроож, ачааллыг нь нэмэгдүүлж улмаар өвчлөхөд хүргэдэг.

2.    Төрөл бүрийн хоол, хүнсийг замбараагүй хольж хэрэглэхгүй байх.

3.    Хөлдөөсөн айргийг халааж хэрэглэх үедээ хэт халуунаар хэрэглэхгүй, хоол идсэнээс хойш 30 минутын дараа хэрэглэх.

4.    Хэрэв та хүнсний харшилтай бол танд харшдаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Эмч, мэргэжилтнүүд сүү, өндөг, самар, мөөг, цитрусын төрлийн зарим жимс, улаан лооль, шоколад, кофе, загас, вандуй, дарсан болон нөөшилсөн зарим ногоо, хоол амтлагч мэт уургийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хамгийн их харшил өгдөг гэж анхааруулсан байна.

5.    Хоол, цайныхаа давсыг тохируулан хэрэглэх. Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх, судасны өвчин, цусны даралт ихдэх өвчний эрсдлийг ихэсгэдэг. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжөөр хүний хоногт авах нийт давсны хэмжээ 6гр-аас ихгүй байх ёстой. Монголчууд бидний хоол, сүүтэй цай, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй далд давс зэргээс авах хоногийн давсны хэмжээ хоёр дахин их байдгийг судалгаагаар тогтоосон. Хүнсний бүтээгдэхүүн бүр их бага хэмжээгээр давс агуулж байдаг ба үүнийг далд давс гэнэ. Жишээ нь: Чипс, нөөшилсөн, даршилсан ногоо, хиам, хоол амтлагч гэх мэт хүнсний бүтээгдэхүүний давсны агууламж өндөр байдаг.

6.    Архийг бүү хэтрүүлэн хэрэглэ. Судалгааны дүнгээр Монгол хүний цусанд архи задлах фермент маш бага байдгийг тогтоосон ба стандарт хэмжээгээ хэтрүүлснээр хэрэлдэх, агсагнах, уурлах зэрэг гаж урвалуудыг үзүүлдэг байна. Насанд хүрсэн Монгол эрэгтэй хүн стандарт хэмжээнээсээ (долоо хоногт 38-42%-ийн архийг 100 гр, эсвэл 5,5%-тай 500 мл-ийн шар айргийг 3 ширхэг, эсвэл нэрмэл архи 50 мл) хэтрүүлэн уух хэрэггүй юм. Мэдээж эмэгтэй хүний стандарт уултын хэмжээ үүнээс арай бага байх ёстой.

7.    Хэрэв ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, бөөлжих, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Эрүүл мэндийн яам

Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан