Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд ямар ч шийдвэр гаргасан бид газар нутгаа худалдахгүй

Саяхан даа, өнгөрсөн оны төгсгөл дээр Цөмийн энергийн газрын 50 жилийн ойн хурал болж Засгийн тэргүүн айлчилж эрдэмтэн багш нарт ураны талаар сургаалиа айлдаад авсан. Гэхдээ энэ хурал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөөдөр мал үхсэн шалтгааныг тодруулж чадахгүй байна. Иргэний нийгмийнхэн уранаас болсон гээд давшаад байна. Тэгэхээр эрдэмтэн, мэргэд минь ураныг хоргүй гэдгийг хэлээд намайг өмөөрөөд өгөөчээ, уран бол ашигтай учир ашиглах цаг нь ирээд байна” гэх утгатай үгийг чулуудсан. Харин үүний дараа эрдэмтэд ураны талаар юу гэх бол гэж нийгэм, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэн чих тавьж байсан ч өнөөдрийг хүртэл нам жимхэн л байна. Эрдэмтэд энэ аюултай бодис гэдгийг нь мэдсээр байж, олон орон энэ эрсдлийг давж гарч чадахгүй байгааг харсаар байж Ерөнхий сайдын талд үг дуугарахаас эмээсэн бололтой.

Гал үндэстэн”, Гамшгийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо, “Монголын дуу хоолой” ТББ зэрэг есөн байгууллагын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан. Учир нь, Улаанбадрах сумын бүх багуудын хурал нэгдүгээр сарын 22-нд болжээ. Хурлаар Улаанбадрах суманд ураны хайгуул хийж байгаа “Кожеговь” компанийнхан очиж яриа, таниулга хийх гэж байгаа талаар сонссон учраас ийн Иргэний нийгмийн байгууллагууд тус нутгийг зорьжэээ. Мэдээж хэрэг малчид “Кожеговь”-ын талаар ямар ойлголт, бодолтой байгааг тандахаар явцгааж.

Энэ үеэр 18.00 цагийн орчим “Арева”-гийн Орон нутаг дахь хөгжлийн бодлогын газрын дарга Зулгэрэл, мөн хамтын ажиллагаа хариуцсан Анжела зэрэг хүмүүс Улаанбадрах суманд ирсэн байна. Тэд Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй энгийн уулзалт хийсний дараа малчидтай яриа хийхийг хүссэн боловч малчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Дөрвөн багийн 1000 гаруй малчин “Арева” компанийн талаар нэг ч үг сонсохгүй гэжээ. Учир нь тус компани нь тухайн орон нутагт одоо хэр нь шийдээгүй асуудлыг төр захиргааны байгууллагаар шийдээд яваад байгаад малчид дургүйцэж байгаа аж. Тухайлбал, “мал үхсэн асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар тодорхойлоогүй байна. Мөн 2013 оны долдугаар сарын 31-нд аймгийн Иргэдийн хурлын шийдвэр гарсан. “Арева” компанийг мал үхсэн асуудал тодорхой болтол үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр одоо хүртэл хэрэгжихгүй “Кожоговь” компани дураараа өрөмдлөг хийж байгааг” малчид эрс эсэргүүцэж байгаа аж. Тиймээс л “Арева” компанийн төлөөллийг малчид хурлын танхимаас хөөж гаргасан байна. Гэхдээ “Арева”-гийнхан 13 мэхнийхээ нэгийг хэрэглэж малчдад урлагийн тоглолтоор бэлэг барьжээ. Ингээд тоглолтын дараа буюу шөнийн 23.00 цагт малчидтай дахин уулзах гэж оролдсон ч амжилт эс олжээ.

Малчид “Нутгийг маань орхиод зайл, Улаанбадрах бол эзэнтэй нутаг юм шүү. Эзэн нь бид байна. Иргэний нийгмийнхэн хамгаалсан, хамгаалаагүй эзэнтэй нутаг” хэмээн хашгирч байсан. Тэр байтугай “Ерөнхий сайд ямар ч шийдвэр гаргасан бид газар нутгаа худалдахгүй” гэж хэлсэн тухай Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар хэвлэл мэдээлэлд ярьсан байсан. Арга ч үгүй. Мал төллөх дөхсөн энэ үед ямар төл гарах бол гэж түгшсэн малчид олон байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан