Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭНДЧИЛГЭЭ
Монгол түмэн уламжлалт сар шинийн баяраа хөдөлмөр бүтээлийн өрнүүн амжилт, хүрэх ирээдүйн зорилго, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмэр, энх мэндийн ерөөл бэлгээр угтан тосдог уламжлалтай билээ.
Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох зургаа дах удаагийн  сонгуулиар Хонгор нутгийн ард түмний  сонголтын үр дүнд байгуулагдсан аймгийн ИТХ, түүнээс сонгогдон томилогдсон аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээд  бүтэн  жил гаруй   хугацаа  болж байна. 

Аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газар  нь хуулиар олгосон үүргээ биелүүлж нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай нягт  хослуулах замаар орон нутгийн ажил үйлсийг уялдуулж зохицуулах төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэдийнхээ эрүүл саруул аж төрж, нийгмийн баялгаас хүртэх эрхийг хангах, эдийн засгийн олсон ололт, хүрсэн үр дүнг бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилгод чиглүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар иргэдийн хөдөлмөрлөх, бүтээх, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох эрхийг хангах зэрэг чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирлээ.
2013 онд аймгийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтууд амжилттай хэрэгжиж, гадаад харилцаа өргөжиж, эдийн засгийн гол салбар болсон мал сүрэг таван төрөл дээрээ өссөн, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөн жил байлаа. Бид түүхэндээ анх удаа 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.Мөн баатарлаг малчдынхаа уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хөдөө аж ахуйд амжилт бүтээл оргилсон жил байж малчдын дундаас улсын сайн малчин дөрөв, улсын тэргүүний тариаланч нэг, аймгийн сайн малчин 25, шинэ хот айл 23 төрөн гарч олон арван хүн шилдэг ажилтнуудаар шалгарч, аймгийн хөдөлмөрийн аваргаар 19 хүн тус тус шалгарсныг бахархан тэмдэглэж байна.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, авилга, аливаа хүнд суртлаас ангид байлгах зорилгоор  төрийн байгууллага бүрт ил тод байдлын самбар ажиллуулж, дотоод журамд нь архидалт, авилгаас урьдчилан сэргийлэх заалтууд оруулж, өрх бүртээ бодлого шийдвэрийн эмхэтгэл, өрхийн дэвтэр хүргүүлж, иргэдээрээ анх удаа аймаг, сум, багийн гурван шатны ажлын тайланг хэлэлцүүлж үнэлэлт дүгнэлт өгүүллээ.

Орон нутагтаа бүтээн байгуулсан ажил, иргэддээ хүргэх төрийн үйлчилгээний чанарт гаргасан ахиц, төрийн хууль тогтоомжийг биелүүлсэн зэрэг ажлын амжилтаараа улсын хэмжээнд эхний таван байрт шалгарч ард түмэн Та бүхэнтэй хамтран хийсэн бүтээснээ Засгийн газраараа  ийнхүү үнэлүүллээ.
Цаашид бид морилон ирж буй 2014 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж иргэдийнхээ саналд тулгуурлан аймаг, сум орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж зорилго зорилтоо тодорхойлж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг ард түмнийхээ “Амьдралын чанар”-ыг сайжруулахын төлөө үр бүтээлтэй зүйлд зарцуулж иргэдийнхээ амгалан тайван аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
Өвөг дээдсийн минь гал голомтоо асаан, үеийн үед бишрэн дээдэлсээр ирсэн Хонгор нутагт маань  ямагт хийморийн салхи шившиж байг. Түмний минь сэтгэл ямагт баяр жаргалаар дүүрэн байх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан