Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засал номын их ажил эхэллээ


Дашчойлон хийдэд хүн байтугай тагтаа ч алга


Модон морин жил гараад тав хонолоо.  Шинийн 15-ндаа хийлгэсэн засал ном түм бумаар арвиждаг ёсыг бодож манайхан эдгээр өдрүүдэд гандан хийд рүү жим гартал зорьдог. Ингээд энэ жилийн өнгө, лам нарын ном айлдах үнэ ханшийг тандахаар Дашчойлон хийдийг зорилоо. Гандангийн хашаа эл хуль. Урд хөршид саяхнаас газар аваад буй шувууны ханиаднаас гадна хийдийн өнгө үзэмжийг хамгаалах үүднээс хашаанд тагтаа хооллохыг хориглосон бичиг үүдэнд угтав. Ганц уут будаа аваач гэж царайчилсан харцаар харж, өөдөөс сарвайдаг өнөө ганц хоёр хөгшин ч алга. Харин хэн хэзээ будаа цацахыг хүлээх шиг тагтаанууд тэнгэрт эргэлдсээр л.
Шар дээлэн дээрээ улаан орхимж нөмөрсөн лам нар гандангийн хашаанаас цувран гарч ийш тийш одно. Урд талын дуган руу орох гэсэн боловч урт модон сандлаар хаалгыг таглажээ.

Касс руу орж асуувал хурал завсарлажээ. Гэхдээ билэгтэй сайн өдрийг алдахгүй гэсэн цөөн тооны хүн эзэнгүй дуганаар орж бурхан шүтээнд мөргөн энэ жилийн хүслээ нууцхан шивнээд буцах аж. Дашчойлон хийдийн өглөөний хурал 12:00 цагаас завсарлаад 16:00 цагт дахин нэг хурж байгаа юм байна. Шинийн 15 хүртэл өдөр бүр хуралтай тул заавал 15-ныг хүлээлгүй хүн багатай өнөөдрийнх шиг өдрүүдийг алдмааргүй л баймаар гэж бодон хийдийг орхилоо.
“Зуруулсан хүний сүсэг л мэднэ дээ. Буян хорох болов уу гэж бодоод өгснийг нь л авдаг даа” хэмээн “Өглөө” кинон дээр марзан Шарав гуай хэлдэг үгийг манай шашин номынхон хэлдэг боловч номын нэрсийг бичээд ард нь үнэ хөлсийг нь дараалуулан бичсэн самбар ихэнх хийдэд байдаг болсон. Гэхдээ Дашчойлон хийдийн хувьд хэдэн ч ном уншуулсан ёстой сүсгээрээ л өгөхөд болдог ганц бурхан номын хийд билээ.

Гандантэгчинлэн хийдийн зурхайчид ачаалал ихтэй байна

Харин нийслэлчүүдийн дийлэнх нь очдог Гандантэгчинлэн хийдийн хувьд тогтсон үнэ хөлс байдаггүй гэх боловч иргэд уншуулах номоосоо шалтгаалаад өөр, өөр хэмжээний өргөл барьц төлдөг. Аль ч хийдэд төрсөн он, жилээ хэлээд тухайн жилдээ ямар ном уншуулан засал хийлгэх, эсвэл тусгайлан засалтай эсэхээ бичүүлээд лам нараар уншуулах боломжтой. Сүүлийн жилүүдэд сүсэгтэн олон шинэ оны засал номдоо нухацтай хандах болсон нь зурхайч нарын үүдэнд үүсэх болсон урт дарааллаас харагдана. Өмнө бол төрсөн он, жилээ хэлээд л болдог байсан бол сүүлийн жилүүдэд тусгай засал ном, гай барцдаа арилгуулах гээд л лам нарт хандах нь их болсон юм билээ. Морь жилийн заслаа Гандантэгчинлэн хийдэд хийлгэхээр очсон нэг гэр бүл дунджаар 30 орчим мянган төгрөг, тусгайлан засалтай бол үүнээс илүү хэмжээний мөнгөтэй байхад болно гэдгийг тус хийдийн хэвлэлийг албанаас хэлж байна.

Дуудлагаар лам үйлчилнэ

Хэдийгээр шинийн 15-ныг хүртэл бүх хүрээ хийд хуралтай ч ажлынхаа хажуугаар “хаагаа” хийх лам нар ч байна. Үнэндээ сар шинийн өдрүүдэд лам нар шиг эрэлттэй бөгөөд ховор хүн үгүй. Үүнийгээ дагаад лам нар бизнесийн ухаанд гаргууд суралцаж, интернэт, сонин хэвлэлээр зар тавьж, гэрээр үйлчилдэг болоод удаж байна. Утас цохиход л хаягаар үйлчилдэг лам нарын үйлчилгээ амар хялбар сонсогдож байгаа ч тэд хийд дээрээ уншдаг номоо халтуурдах нь их юм билээ. Саяханы нэг өдөр гэрт маань ажил явдал гарсан учраас билэгт сайн өдөр заавал гэртээ ном уншуулах хэрэг гарав. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэдгийн үлгэрээр хоёр гурван хийдээр ороод лам олж чадаагүй учраас нөгөөх дуудлагын үйлчилгээг авч хоёр лам гэртээ засав. Хүргэн ах маань багадаа хийдэд шавилж байгаад хар болоод зургаа долоон жил болж буй. Биднийгээ бодвол лам нарын уншлагыг сонсоод ямар ном гэдгийг нь таньчихдаг нэгэн. Өнөөх хоёр лам ч зурхайчийн бичиж өгсөн номын жагсаалтыг харчихаад л уншиж эхлэв. Гэтэл таван номыг 30 гаруйхан минутын дотор уншчихлаа. Энэ хооронд утсандаа ирсэн дуудлага бүрийг ээлжлэн авах хоёр ламд хүргэн ах маань энэ жагсаалтын ном тус бүрийг бараг 30 минут унших ёстой байтал товчлоод уншчихлаа гэхэд “Бид олон айлд ном уншдаг. Тийм учраас номыг нэг бүрчлэн унших аргагүй. Хураангуйг нь уншлаа” гэсэн тайлбар хийсэн. Хагацал зовлон үзсэн хөгшин настай хүмүүсийн итгэлийн галыг бөхөөж үнэнийг мэдэгдэхгүй гэсэн үү, лам нартай маргаан үүсгээд яах вэ гэж бодсон уу ах маань тэгсгээд чимээгүй болсон доо.
Утас цохиж гэртээ ном хуруулахаас гадна бүр интернэтээр холбогдоод ном хуруулж, өглөгөө дансаар шилжүүлдэг үйлчилгээ ч гэсэн байдаг юм гэнэ билээ. За яахав бизнес хийхэд ухаан хэрэгтэй. Яаж хийх нь чухал биш ч хамгийн гол нь сүсэгтэн олны итгэлийг даасан лам нар нь номоо чанартайхан уншчихдаг болоосой.

Шинийн 15 бөө нарт ч хамаатай

Зөвхөн лам гэхгүй бөө, удгануудын эрэлт ч ихэсчээ. Орц, гудамжинд шөнөжин цан хэнгэрэг дэлдэх явдал шинийн 15-ны дотор нэлээд гарах байх. Учир нь эдгээр өдрүүдэд хаврын урь орж буй учраас дээд тэнгэрийн үүд ч гэсэн нээгдэж байгаа гэнэ. Тиймээс бөө, удганууд ч эдгээр өдрүүдэд буулт ихтэй байгаа сурагтай.
Сүсэг бишрэлээр амьдардаг ард түмний минь сар шинэ хуучирсан ч засал ном хийлгэх ажил ундарсаар.
1 Сэтгэгдэл
Алтанхайрцаг нээх үү
Хамгийн их уншсан