Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уламжлалт соёлоо хадгалж, хамгаалахаас илүү хэрэглэж, хөгжүүлэх нь чухал байна
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” уншигчдад хүрлээ. Залууст зориулсан цуврал бүтээлийн тэргүүн боть нь гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлэгтэй бөгөөд эдгээрийн хэрэглээ, ёс заншил, төрөл зүйл зэргийг зургийн хамт дэлгэрэнгүй багтаасан энэ чиглэлийн анхны тайлбар толь болж буй юм. Ингээд малчин ахуйгаа танин мэдэх нь залууст ямар ач холбогдолтой болон, бидний мэдэх ёс заншил гэж чухам юуг хэлэх талаар уг тайлбар толийн хувцас, мал ахуйн хэсэгт ажилласан редактор П.Оюунгэрэлтэй ярилцсанаа хүргэе.

-Сар шинийн баяр­тай холбогдуулаад дээл­ний тухай асуултаар ярилц­лагаа эхэлье. Монголчууд Цагаан сараар үндэсний дээл, хувцсаараа их гоё­дог. Зарим нь үүнийг хэт туйлшрал гэх юм. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Сүүлийн үед хүмүүс монгол дээл, хувцсаа цагаан сар, наадам гээд үндэсний баяр ёслолоор их өмсөх болсон. Үүнийг би туйлшрал гэж шүүмжилмээргүй байна. Харин ингэж гоёхдоо өв уламжлал гэдэг утгаар нь бус хэрэглээ талаас нь өмсдөг байгаасай гэж бодох болсон. Өөрөөр хэлбэл дээл, бүс, гутал, малгайг зүгээр нэг чамир­хаж, гангарч өмсөхөөс илүү утга учир, бэлгэдэл зэргийг нь ойлгож, мэ­дэж өмсөх нь чухал.  Энэ ту­хай бид­ний мэддэг хэрнээ мэ­дэх­гүй, бодоод үзвэл нээрээ тийм шүү гэхээр зүйл их байдаг.

-“Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д Баяд, Дөр­вөд, Урианхай гээд олон ястны хувцас, эдлэ­лийн тухай оруулсан бай­сан. Газар, газрын хув­цасны онцлогоос манай уншигчдад товч танилцуулаач?
-Үндэстэн, ястан бүр өөрийн ёс заншлыг хувцас, эдлэлдээ шингээсэн байдаг. Монгол малгайн шовгор орой гэхэд л тэнгэрт тэмүүлж, мандан бадрахыг, оройн 32 ширээс нь нарны цацрагийг бэлгэдэж байдаг. Бас өөр нэг хувилбар нь малгайн оройгоор сүмбэр уулыг дүрсэлж, 32 ширээсээр сүм­бэр уулыг бүчин суусан 32 хөх Монголыг төлөө­лүүлдэг. Малгайн сампин мон­голчуудын бат бэх харилцааг, улаан залаа нь монголчуудыг гийгүүлж буй нарны цацраг, хар хивсэг нь Монголыг бүсэлсэн хар дайсан, хивсгийн арын сэтэрхий нь дайснууд араараа сэт татагдан устаж буйг илэрхийлдэг байна.
Харин баруун монголчууд цаст Алтай уулаа бэлгэдэн цагаан захыг дээл, цэгдэгтээ хийдэг. Энэ цагаан зах нь анх эмэгтэй хүн тэнгэр эцэгт биеэ харуулахгүйн тулд далдалдаг нөмрөг байсан түүхтэй. Сүүлдээ хэрэглээний байдалтай зохицон жижгэрсээр одоо бол зөвхөн мөр хэсэгт нь л үлдсэн.
Буриад эрэгтэй дээлийн энгэр гурван өнгийн эмжээртэй байдгийн дээд хэсгийг цайвар өнгийн эдээр, дунд хэсгийг улаан өнгийн эд, доод хэсгийг хар хилэнгээр эмждэг. Ингэж хар өнгөөр зовлон, улаан өнгөөр заам, цагаан өнгөөр жаргалыг төлөөлүүлснээр зовлонг заамаараа хөөж энгэрээсээ гаргаад жаргалыг үлдээнэ гэсэн утгыг агуулдаг.
Аль ч нутагт дээлийн хан­цуйг хүч чадал, оюун санааны бэлгэдэл гэж үздэг учраас дээлээ тайлаад ханцуйгаараа уяж орхидог. Мөн нударгыг заавал залгаж оёдог гээд маш олон утга учир энд яригдана.

-Нударгыг яагаад заа­вал залгаж оёдог юм бэ?
-Дээлийн ханцуйг доош харсан амтай сав гэж үздэг тул нударга залгаж оён эргүүлж, дээш харсан амтай сав болгон бэлгэдэж байгаа юм. Мөн Манжийн дарангуйллын үед монголчуудыг мал мэтээр дүрсэлж дээлийнх нь ханцуйг туурай хэлбэртэй болгохын тулд нударга залгаж байжээ. Гэтэл үүнийг монголчууд дээш нь эргүүлээд  ембүү болгон бэлгэдэж чадсан. Бэлгэдлийг бэлгэдлээр хариулж байсан энэ мэт үзэгдэл нь монголчууд аливаад ямар гайхалтайгаар ханддаг байсныг илтгэнэ.
Бас энэ үед хүмүүс эрх, ямбаараа ялгарах болс­ноор төрийн хүн мухар ханцуйтай дээл өмсөхөө больж, нударгатай дээл өмсдөг болсон ч гэж ярьдаг. Монголчууд бялдууч зантай, ямбатай хүнийг манж зантай гэж ярьдаг нь үүнээс үүсэлтэй ч байж болно. Түүнчлэн ба­руун Монголын таван ястан унаган туруутай бөгөөд ну­дар­­­­­­­гаа сөхдөггүй. Энэ нь Алтайн 13 савдагтаа нударга сөхөж цацал өргөж болохгүй, сөх­вөл ханцуй шамласантай адил гэж үздэгтэй нь холбоотой.

-Тэгвэл гутлыг дээшээ хар­­­сан сав гэж бэлгэшээдэг нь бас үүнтэй холбоотой юу?
-Тийм байж болно. Монголчууд эртнээс гутлыг өөдөө харсан амтай сав хэмээж, эд хөрөнгөөр элбэг байхын бэлгэдэл гэж үздэг. Тиймээс хээр унтахдаа дэрлэж унтдаг. Энэ нь эд хөрөнгөө хамгаалж байгаа хэрэг юм. Мөн гутлын хоншоорыг газрын эзэн гэх гахайн толгойг дуурайлгаж хийдэг нь газрыг хөндөж сэндийчихгүй, илж хамгаална гэсэн далд утгатай.

-Сүүлийн үед хүмүүс гоёл, загварын дээл их өмсдөг болсон. Дээр дурд­­сан олон утга учир, бэлгэдлийг орчин үеийн эдгээр загвартаа шингээж чадаж байгаа болов уу?
-Угаас хувцасны түүхэнд цаг үе, нийгмийн хүчин зүйлс цаг үргэлж нөлөөлсөөр ирсэн. Орчин үеийн үндэсний хэв маяг бүхий хувцасны загваруудыг бий болгоход үндэсний хувцасны уламжлалт элементүүд чухал үүрэг гүйцэтгэж байна. Суурин амьдралын соёл, хэв маяг дээл хувцсанд нөлөөлснөөр дээлийг Европ чиг хандлагын пиджак, банзал маягаар саланги хийж, дээлийн зах, ханцуй, товч зэргийг шинэ загвараар хийж байна. Миний бодлоор дээл, малгай зэрэг нь монгол хүний нүүр царайны хэлбэр болон биеийн галбирт зохи­цож чаддагаараа онцлог­той. Үүнээс гадна европ хув­цастай хослуулан өмсөхөд ч өөрийн өвөрмөц загвараа хадгалж үндэсний хэв маягаа илэрхийлж байдаг. Энэ ч утгаараа манай үндэс­ний хувцас ямар ч хийц маягт хувирч уусах бүрэн боломжтойг харуулж байна.
Өөрчилж, шинэчилснээ­рээ буруу биш харин дээлийн язгуур хэв загвар, эсгэх, оёх арга, өнгө бүтцийн байдлыг уламжлалт байдлаар нь мэдэж, судлаад, үүнийхээ дараа илүү шинэлэг, өөр загвараар бүтээж чадвал энэ нь нэг том хэрэглээ болж байна гэсэн үг.

“Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг залуу­сын ном гэж онцлон то­дор­хойлсон байсан. Тэгвэл хотын соёлоор амь­­­дарч, шинэ загвараар хув­цас­ладаг одоогийн за­луустай энэ бүх ёс уламжлал, танин мэдэхүйн тайлбарууд яаж холбогдох вэ?
-Нүүдэлчдийн тайлбар толь гэхээр зөвхөн хөдөөний малчидтай л холбоотой, тэдэнд зориулагдсан ном гэж ойлгож болохгүй. Учир нь бидний яриад байдаг уламжлал, ёс заншил гэдэг зүйл малчдын амьдрал, ахуй соёлтой салшгүй холбоотой байдаг шүү дээ. Тэдний амьдрах ухаанаас суурин амьдралд авч хэрэглэж болох маш олон зүйл бий. Хамгийн энгийн жишээ нэрлэхэд, шагайг “хөдөөний” хүүхдүүдийн тоглоом л гэж ойлгодог байсан хандлагыг өөрчлөх цаг болсон. Шагайгаар тоглоход хүүхдийн гарын атгалт, яс мөгөөрс нь чангарч бэхждэг сайн талтайг судлаачид тогтоосон. Мөн шагай шүүрэх, няслах зэрэг нь харааны хурдыг сайжруулж, аливаад төвлөрөх чадварыг хөгжүүлдэг гээд их олон талын ач холбогдолтой байдаг. Тиймээс орчин үеийн эвлүүл­дэг, лего тоглоом зэрэг шиг шагайн төрлийн тог­лоомыг хүүхдэд сайн таниулж, тоглуулж байх хэрэгтэй.

-Өөр ямар жишээ байж болох вэ. Амьдралд хэрэг­тэй, энгийн байх тус­маа хү­мүүс илүү сонирхоно байх?
-Монголчууд цагаан идээгээ хэрэглэх дуртай. Гэх­дээ өнөөдөр ихэнх нь үйлд­вэрийн аргаар боловс­руулсан тараг, сүү ууж байна. Тараг бүрдэг монгол аргаа мэдээд авчихвал бид өөрсдөө элдэв химийн бодис ороогүй, эрүүл таргаа бүрээд уух бүрэн боломжтой. Энэ мэтчилэн монгол малчдын ахуйг таньж мэдсэнээр өөрсдийн амьдралд хэрэглэж болох арга, жишээнүүдийг ашиглах нь чухал юм. Одоогийн амьдралын соёл бол нүүдэлчдийн ахуйгаас олж авсан зүйл юм шүү гэдгийг ойлгох нь бидний номоороо түгээх хамгийн гол санаа. Уламжлалт соёлоо хадгалж, хамгаалахаас илүү хэрэглэж, хөгжүүлэх нь чухал байна шүү дээ.
Тиймээс л энэ бүхнээр дамжуулан өөрийгөө таньж, өрөөлийг ойлгохыг хүссэн хүн бүхэнд, тэр тусмаа залууст “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг зориулж байгаа юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан