Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн халамжийг түрээслүүлж болдог уу

Нинжин сэтгэл, нийгмийн халамжийн бодлогыг түрээслүүлж болох уу гэдгийг төрийн өндөр, дээд сэнтийд тухалсан дарга нараас асууя. Бусдын юм бусдынх байдгийн адилаар төрийн байранд түрээс төлөн толгой хорогдож буй ахмадууд хэзээ хөөгдөх бол гэх  айдастай аж төрж байгаа учраас дээрх асуулт урган гарсан юм. Ахмадууд “Төрийн буянд байр сууцанд амьдраад болж байна” гэж хэлж байгаа ч өнхрөөд өгвөл үр хүүхдэд нь үлдэх юм байхгүйг битүүхэндээ ухаарч сууна билээ.

Угтаа, ахмадын орон сууц хөтөлбөр нь 1995-2012 оныг хүртэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанд ирсэн 8000 гаруй орон сууцны өргөдөл буюу байртай болохыг хүссэн ахмадуудын хүсэлтийг нэг тийш шувтрахад оршиж байсан.
Гэтэл зорилтот хөтөлбөрийн чиглэл нь хазайж, ахмадаар хаягласан байрыг түрээсийн болгож орхисон нь хийсэн ч, хийгээгүй ч биш ёстой л тайлж чадахааргүй оньсого болчихоод байна. Тиймээс бид ахмадын байранд амьдрал хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн XI хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхийг түр амьдруулах зориулалтаар барьсан ч шошгоо өөрчилж ахмадын түрээсийн байр болсон орон сууцыг зорилоо. 

“Бэрэн констракшн”-ы барьсан хоёр блокоос бүрдэх 15 давхар 300 айлын орон сууц нь 10,9 тэрбум төгрөгөөр боссон бөгөөд нийт 9400 метр квадрат талбайтай, 25,8-37,3 метр квадрат талбай бүхий нэг өрөө байрнуудаас бүрддэг. Харин ахмадуудад нэг метр квадратыг нь 3000 төгрөгөөр түрээслүүлдэг. Энэ нь, түрээсийн төлбөр болон ашиглалтын бүх зардлыг нь нийлүүлэн тооцвол нэг өрх сард 92 мянгаас дээш төгрөгийн зардал гаргадаг гэсэн үг. Юутай ч, энэ нь зах зээлийн ханшаас доогуур үзүүлэлт. Харин эл байрыг өнгөрсөн оны XI сард улсын комисс хүлээн авч, дараа сарынхаа 7-нд нээлтээ хийж, ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ээлжид ашиглалтад орсон байранд 145 өрх гэрээгээ хийж төвхнөжээ. Түүнчлэн тус байр нь нийслэлийн өмч учраас ашиглалтыг хариуцсан аж, ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулан, байрны ашиглалт болоод нийгмийн асуудлыг зохицуулахад чиглүүлсэн байна.
Бид байрны чанар болоод үнэ, хөлсний талаар тодруулахаар тус байрны суугч Д.Гаалиатай ярилцсан юм.

-Энэ байр ашиглалтад ороход танайх түрүүлж орсон юм байна. Чанарын хувьд ямар вэ?
-XII сард ашиглалтад өгсний дараагийн долоо хоногт манайх орсон. Ус авахгүй, галтай ноцолдохгүй сайхан л байна. Өвгөнтэйгөө хоёулхнаа болохоор болж л байна даа.

-Сардаа хэд орчим төгрөг байрандаа зарцуулдаг вэ. Тэтгэврийн мөнгөөр төлж хүрэлцэх юм уу?
-Сард түрээс гэж 80 мянган төгрөг төлдөг. Ус, цахилгаантай нийлээд 100 гаруй мянган төгрөг болдог. Яах вэ, тэгээд хүрэлцэхдээ болж л байна.

-Та байр хүссэн өргөдлөө хэдэн онд нийслэлд гаргаж байв. Олон жилийн өмнө өргөдөл өгсөн хүн зөндөө бий гэж сонссон?
-Би 1975 онд байр, сууцтай болъё гээд өргөдөл өгсөн. Анхнаасаа хотын үүд сахиж, байр авах гэж зөндөө хөөцөлдсөн. Хятадын тусламжийн байрнаас өнөө, маргаашгүй өгнө гэж хэлж байхад би итгээд орон, гэргүй болох шахсан. Төрийн хүнийг худлаа хэлнэ гэж яаж бодох билээ дээ. Усны сав, түрдэг тэргээ хүртэл хүнд өгчихөөд байж байтал надад байр өгөөгүй. Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд нь явсан хүмүүст л өгөөд өнгөрсөн дөө. Шударга бус хүн төрд гарахаараа хүнийг ёстой л нэг уйлуулдаг юм билээ.

-Энэ бол түрээсийн байр шүү дээ. Хувьчлах болов уу, та юу гэж бодож байна?
-Өгч л байгаа юм гэж бодоод залбираад л авсан. Түүнээс биш төрөөс яаж хандах нь дараагийн асуудал байх. Дээр ажиллаж байгаа хүмүүс нэг зүйл бодох байлгүй дээ. Нэгэнт төрийн байр учраас бид төлөх ёстойгоо төлөөд л амьдарч байна. Гэхдээ үхсэнийх нь дараа авна ч гэдэг юм уу, тиймэрхүү яриа жаахан эвгүй л сонсогддог. Олон жил улсдаа ажиллачихаад улсаас үнэгүй байр өгч эхлэхэд нь бид адлагдсан. Үүнд жаахан гомдолтой явдаг.

-Танай байрны сантехник ямар вэ?
-Засуулах зүйл их гарах юм. Крант нь зүгээр байж байгаад л цоорчихдог. Анхнаасаа  ажиллахдаа л муу хийсэн байх. Бусад зүйл нь бол асуудалгүй.  
0 Сэтгэгдэл
Ер нь яагаад түрээсийн сууц байж болохгүй гэж. Болж л байна ш дээ. Үнэгүй юм горьддог ***** сэтгэлээ дар эрхэм бичээч гуай. Хүмүүсийг шордоод байх хэрэггүй.
НАСАН эцэслэсэн хойно нь эргүүлэн авч ДАРААГИЙН ахмадуудад өгөх нь ЗӨВ... Аливаад туйлширч ӨРӨВДҮҮЛЖ болохгүй . Эцэг эхийнхээ нэрээр ДУЛААХАН СУУЦ үнэгүй авахыг горилогсод цаанаас нь ШУРГААД БАЙГАА... ахмадууд эсрэгээрээ баярлаад л байгаа.
Наадуул чинь арван жилийн дараа энэ сууцаа үнэгүй авах эсвэл хөнгөлөлттэй нэрээр хэт хямдхан авах гээд ширэн нүүрлээд дайрах бололттой. Ингэж л даврааж болохгүй, хэн нь худалдаж авдаг хэн нь зүгээр авах ёстой гэж. Би лав олон жил хоол унд, гутал хувцаснаасаа хасан байж л арай гэж байртай болсон дог. Хэрвээ ингээд улсыг шантаажилж бгаад байртай болж болдгийг мэдсэн бол...
Хамгийн их уншсан