
Монголын үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банктай хамтран Чингис бондоор санхүүжих төслийн зээлийг тойрсон асуудлаар өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад 200 гаруй компани, аж ахуйн нэгж оролцсон юм.
Уулзалтын эхэнд оролцогсод тоног төхөөрөмжийн импортын асуудлыг хөндөн ярилцав. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бизнесийн үйл ажиллагаа урд хөршөөс 70 хувийн хамааралтай байгааг онцоллоо. Монголын Үйлдвэржилт хөгжлийн төв нь БНХАУ-ын Бээжин, Шанхай, Шандью, Жиансу, Жэжиан, Хэнанаас үйлдвэр, тоног төхөөрөмжүүдээ оруулж ирдэг байна. Энэ нь хүнд болон хөнгөн үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмжид хамааралтай хэмээн дээрх төвийнхөн ярив. Уулзалтаар бизнес эрхлэгчид төсөл бичиж хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-ийг сайн гаргах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Түүнчлэн банкаар дамжиж буй төслүүд шаардлагын хувьд ямар шатанд явж байгааг оролцогсод сонирхсон юм. Монголын үйлдвэржилт хөгжлийн төвд ирж байгаа төслүүдийн 60-70 хувь нь шаардлага хангадаггүй гэнэ. Тиймээс тус төвөөс эрсдэлтэй төслүүдэд дүн шинжилгээ хийж, тухайн төслийг сайжруулдаг байна. Мөн энэ үеэр Чингис бондын эх үүсвэрээр Голомт банкаар дамжих төслийн зээлийн тухай танилцуулсан юм. Голомт банк хөдөө аж ахуйн салбарын зургаан чиглэлд зээл олгож буй аж. Ноолуур, сүү, хүлэмж, оёдлын чиглэлээр аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид тус банкнаас зээл авах боломжтой юм байна. Чингис бондын зээлийн хүү нь жилийн 8 хувь гэдгийг албаныхан онцолж байв.























