Билгийн

Доллар (USD)

2848.0

Улаанбаатар

+18°C
Хүний эрхийг хангах төрийн үүрэг


1993 оны Дэлхийн хүний эрхийн бага хурлаар баталсан Венийн тунхаглалд “Хүний эрх бол бүх хүнд заяасан төрөлх эрх бөгөөд хүний эрхийг хамгаалах нь төр засгийн байгууллагуудын анхдагч үүрэг юм” хэмээсэн байдаг. Хүний эрх нь бүх хүний нэр төр, алдар хүндтэй хамт угаас заяагдсан төрөлх чанартай агаад нас, хүйс, арьсны өнгө, хэл, үндэс угсаа, язгуур, шашин, улс төрийн үзэл бодол үл харгалзан эрхээ бүгд тэгш эдлэх үндсэн зарчимд тулгуурладаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан билээ. Эндээс үзвэл хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нь төр засгийн сайн санааны үйлс бус, харин Үндсэн хуулиар төр засагт ард түмнээс ногдуулсан үүрэг юм.
“Хүний эрхийг зөрчих явдал улс орны хуулийн эрх мэдлээс гадуур сансар огторгуйд бус, харин улс орны дотоодод, голчлон төр засаг, иргэдийн хооронд үүсдэг” гэж Харвардын их сургуулийн профессор, хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхийлэн судалгаа хийдэг багш Хэнри Ж.Штайнер хэлсэн байдаг. Хүний эрхийг хангах төрийн үүрэг нь дан ганц тухайн улс хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хууль болон бусад хуульдаа зааж өгөх, түүнчлэн хүний эрхийн асуудлаарх олон улсын гэрээнд элсэн орох явдлаар хязгаарлагддаггүй. Харин тухайн улсад хүний эрх, эрх чөлөө нь үндэсний болон олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан эсэх, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хязгаарлах эрсдэл гарахаас сэрэмжлэх чадавхитай эсэх, зөрчигдсөн тохиолдолд сэргээх шударга шүүхийн тогтолцоо ажиллаж чадаж байгаа эсэхээс хамааран хүний эрх, эрх чөлөө хангагдах шалгуур болдог.
Төр нь дотооддоо хүний эрхийг хангахдаа өөрийн тогтолцоог сайтар ажиллуулах үүрэг хүлээдэг. Эдгээр тогтолцоог нийтэд нь хүний  эрхийг хамгаалах төрийн механизм хэмээн нэрийдэж байна. /Төрийн механизм нь нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах ёсны болон иргэний нийгмийн байгууллагуудын тогтолцоотой нэгдэн хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлдэг/

Хүний эрхийг хамгаалах төрийн механизмд дараах байгууллагууд хамаарна. Үүнд: хууль тогтоох эрх мэдлийн байгууллага буюу Монгол Улсын Их хурал; гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын яам, тусгай газар, агентлагууд, аймаг, нийслэл, сум, дүүрэг, багийн засаг захиргааны нэгж; шүүх эрх мэдлийн байгууллага буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, бүх шатны прокурорын байгууллага зэрэг болно.

Эдгээр байгууллага дор бүрнээ хүний эрхийг хангах талаар ямар үүрэг хүлээж ажиллах ёстойг авч үзье.

а/ Хүний эрхийг хангах хууль тогтоох байгууллагын үүрэг

Улсын Их Хурал нь хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Мөн олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор шинээр хууль тогтоомж гаргах, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт “Улсын Их Хурал нь хууль тогтоомжийг судалж, хүний эрхэд харшилсан заалтаас цэвэрлэх үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Жишээлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй” гэж заасантай нийцүүлэх зорилгоор баривчлах, саатуулах зөвшөөрөл олгох эрхийг прокурор өгч байсан журмыг өөрчилж, энэ зөвшөөрлийг шүүгч олгож байхаар өөрчлөн найруулсан нь Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүргээ биелүүлж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болох юм.

Үүнээс гадна Улсын Их хурал нь хууль тогтоох замаар хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэг бүхий байгууллага, бүтцийг бий болгох, шийдвэрийнхээ биелэлтийг хянан шалгах замаар хүний эрхийг хангах үүргийг хүлээн ажиллах ёстой.

б/ Хүний эрхийг хангах гүйцэтгэх байгууллагын үүрэг

Засгийн газар төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох хувьдаа олон улсын гэрээ, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хангах үүрэг хүлээдэг. Тухайлбал, төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллагаас хүний эрхтэй холбоотой хуулийн биелэлтийг хангах арга замыг тодорхойлж, уг ажлыг нэгтгэн удирдах, хуульд тусгайлан заасан тохиолдолд зарим хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс журам, дүрэм батлан гаргах, хүний эрхтэй холбоотой шинээр гарсан олон улсын гэрээнд нэгдэх, шинэ хууль гаргах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санаачилга гаргах ажлыг үүнд хамааруулан ойлгож болно.
Жишээ нь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн гуравдугаар нэмэлт протоколд нэгдэн орох асуудлаар 2013 онд Засгийн газар, яамдад санал хүргүүлж, уг саналыг Засгийн газраас дэмжиж, улмаар гэрээнд нэгдэн орохоор гарын үсэг зураад байна.
Түүнчлэн Засгийн газар нь төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчимд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, тэдгээрийн шийдвэрийг хууль буюу хүний эрхийг зөрчсөн гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох эрхийг эдэлдэг. Мөн хууль тогтоомжийн биелэлтийн байдалд улсын хэмжээнд, эсхүл тодорхой бүс нутаг, салбарын хэмжээнд хяналт шалгалт хийж, түүний мөрөөр тодорхой бодлого боловсруулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаарх илтгэлийг боловсруулж, НҮБ-ын холбогдох хороодоор хэлэлцүүлэх, хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг тооцож, Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй билээ.

в/ Хүний эрхийг хангах шүүх эрх мэдлийн байгууллагуудын үүрэг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиар байгуулагдсан, шүүх эрх мэдлийн хүрээнд хамаарах, хүний эрхийг хамгаалах төрийн томоохон механизм юм. Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянаж дүгнэлт гаргах, Үндсэн хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэг хүлээн ажилладаг. Цэц нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, олон улсын гэрээ гэх мэт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэдэг.
Хэдийгээр хувь хүн өөрийнх нь эрх, эрх чөлөө шууд зөрчигдсөн асуудлаар Цэцэд хандах эрхгүй хэдий ч Үндсэн хууль нь бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгод чиглэгдэн батлагдсан учир гарч буй маргааны дийлэнх нь хүний эрхтэй холбоотой байдаг.
Үүнээс гадна Монгол Улсад бүх шатны шүүхүүд хараат бус зарчмаар ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд: “Хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд нь хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, тодорхой хэмжээнд хянан шалгах эрхтэй байдаг бол шүүх нь зөвхөн хүний эрх зөрчсөн тухай тодорхой маргааныг хянан эцсийн шийдвэр гаргаж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хохирлыг барагдуулах үүрэгтэй. Шүүх нь төрийн байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар ажиллаж, зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргах, хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх баталгааг бүрдүүлэн ажиллаж чадвал хүний эрхийг хамгаалах хамгийн том баталгаа болж чадах юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох;” нь шүүхийн эрхэм зорилго болохыг тодорхойлсон ба шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх зарчмыг хуульчилсан билээ.

г/ Хүний эрхийг хангахад хүний эрхийн үндэсний байгууллага ямар үүрэгтэй вэ?

Төр өөрөө байгуулсан боловч төрийн өөрийн үүрэг функцийг хэрэгжүүлдэггүй, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй Хүний эрхийн үндэсний байгууллага буюу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийг хамгаалах бие даасан механизм юм.

Хүний эрхийг хамгаалах бие даасан механизм болох Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааг үндсэндээ Парисын зарчим хэмээх нэрээр танил болсон НҮБ-ын Хүний эрхийн Комиссын 1993 оны 54, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 48/134-р тогтоолоор батлагдсан баримт бичгээр тодорхойлдог. Уг баримт бичигт дурдсанаар хүний эрхийн үндэсний байгууллагад хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах эрх мэдэл олгосон байх, үйл ажиллагааны цар хүрээ, эрх мэдлийг нь Үндсэн хууль, эсхүл бусад хуулиар тогтоосон байх шаардлага тавьдаг.

Хүний эрхийн үндэсний байгууллага нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах асуудлаар төрийн аль ч байгууллагад санал, зөвлөмж илгээх, хууль тогтоомж, захиргааны практикт анализ хийх, эдгээрийг хүний эрхийн тулгуур зарчмуудтай уялдуулах талаар зөвлөмж гаргах, шаардлагатай гэж үзсэн хүний эрхийн ямар ч зөрчилтэй асуудлын талаар зөвлөмж, илтгэл хүргүүлэх, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орохыг дэмжих, олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар НҮБ-д илгээх Засгийн газрын илтгэлд санал өгөх, зэрэгцсэн илтгэл хүргүүлэх, хүний эрхийг заах, судлах хөтөлбөрийг боловсруулахад туслалцаа үзүүлэх, хүний эрхийг сурталчлах, бүх төрлийн ялгаварлан гадуурхалттай тэмцэх үйл ажиллагаа явуулах зэрэг үүргийг хүлээдэг.    
    
Монгол Улсад бие даасан, хараат бусаар ажиллах чиг үүрэгтэй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2000 онд баталж, Комисс 2001 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Орчин үеийн нийгмийг эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны зарчимд үндэслэсэн хүний эрхгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Хүнээс түүний жам ёсны эрх болох амьд явах, халдашгүй дархан байх, эрүү шүүлтээс ангид байх, өөрийн амьдрах аргаа чөлөөтэй сонгох эрх, шүтэж бишрэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, хувийн амьдралын бие даасан байдал болон бусад эрхийг хэн ч хасах эрхгүй бөгөөд төр тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хангах, хамгаалах үүрэгтэй билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Ү давхар
Утас: 262786, 262902,  Факс: 976-51-262786

Цахим хаяг: www.mn-nhrc.org, Цахим шуудан: info@mn-nhrc.org

Иргэдээс гомдол хүлээн авах,
хууль зүйн зөвлөгөө өгөх утас 70000222

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан