Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Физик, химийн 200 багш шинэ технологид суралцана

Улаанбаатар хотод өнөөдөр физик, химийн лаборатори нийлүүлсэн сургуулиудын байгалийн шинжлэх ухааны /физик, хими/ хичээлийн 200 багшид зориулсан сургалт болж байна.

Физикийн хичээлийн сургалтыг нийслэлийн 44 дүгээр сургуулийн байранд, химийн хичээлийн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн байранд тус тус зохион явуулж байгаа юм. Сургалтын зорилго нь багш нар шинэ лабораторитой танилцаж, түүнийг хичээлийн туршилтад ашиглах арга зүй, аргачлалыг эзэмшихэд оршино.

Боловсрол, шинжлэх ухааны яам Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа юм. Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь ЕБС-ийн байгалийн ухааны хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх зорилт агуулсан байдаг. 

БШУЯ энэ удаад нийслэл, дүүрэг, аймаг, сумын ерөнхий боловсролын 100 сургуульд физик, химийн хичээлийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг нийлүүлсэн. Багш нар тусгай сургалтад оролцож, БШУЯ-наас шинэ лабораторийг хүлээн авах юм. Үүний үр дүнд 100 сургуулийн физик, химийн хичээлд сурагчид орчин үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан туршилтын хичээл явуулах боломжтой болно. Ингэснээр сургалтын чанар эрс дээшилж, сурагчдын байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгт тодорхой дэвшил гарч, амьдралд ойртсон үр ашгаа өгөх мэдлэг, туршлагыг эзэмших юм.

Физикийн лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломж бүрдэх юм. Химийн лаборатори нь хоёр иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар химийн хичээлийн хөтөлбөр дэх туршилтыг хийх өргөн боломж бүрдэнэ. Нэг сургуульд физикийн нэг иж бүрдэл багаж, тоног төхөөрөмж бүхий лаборатори, химийн иж бүрдэл нэг ширхэг, туршилтын ширээ бүхий иж бүрдэл долоо ширхэгийг тус тус нийлүүлж байна.

Цаашдаа тус яамнаас бусад ЕБС-д ийм лабораторийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

http://montsame.gov.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан