Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийг сумаас эхлүүлэхийн учир
Ердөө арван сарын өмнө Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумын төвд шинэ байшин байтугай шав тавьж, суурь цутгасан нэг ч барилга байгаагүй. Харин өнгөрсөн долоо хоногт энэ сумдад очиход бүтээн байгуулалтын ажил ид ундарч, сумын төвийн цогцолбор сүндэрлэжээ. Энд нэг барилгачин дотор засал хийж байхад тэнд нэг малчин хадаас, алх гэхчлэн ойр зуурын юм зөөж, хүн бүр чадах ядахаараа ажиллаж харагдана.
Бууцагаан сумын “Шинэ сум”-ын захиргааны байшинд орвол халаалтаа хэдийнэ авч, халуу дүүгэж байна. Өрөө тасалгаануудын зохион байгуулалт, засал чимэглэл гээд чимхлүүр ажилдаа хэдийнэ оржээ. Нийслэлээс 800 гаруй км-т алслагдсан суманд хэдхэн сарын дотор бүхэл бүтэн цогцолбор барьж дуусч байгаа гэхээр юуны түрүүнд чанарын хувьд хангалтгүй гэж ойлгох байх. 70 жилийн баталгаа өгч буй канад технологийн барилгын 20 ортой хоёр давхар эмнэлгийн байшинг сар хүрэхгүй хугацаанд угсарч байгаа нь зөвхөн жишээ.

“Шинэ сум” төслийн гүйцэтгэгч “Их Модун” ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэн зочдод бүх байшингаа үзүүлж, барилгын ажлынхаа талаар нэг бүрчлэн тайлбарлан танилцуулав. Шинэ сумын төвийг тойрсон авто зам, машины зогсоолтойгоо нийтдээ нэг км орчим болж. Харин 3600 ам.метр явган хүний зам, талбайг бетоноор цутгаж, хэвэнд оруулан хийсэн нь хагарч, бутарч унахгүй эдэлгээ даах чадвар сайтай гэнэ. Модон байшингийн галын аюулгүй байдлыг хэн хүнгүй сонирхон асууж байлаа. Мэдрэгч бүхий галын аюулгүй байдлыг хангасан системтэй учраас айх зүйлгүй гэдгийг тэрээр хэлсэн юм. Сумын захиргааны барилга, 20 ортой сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 180 хүүхдийн дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг гээд цогцолбор байдлаар батлагдсан зураг төслийн дагуу бүтээн байгуулалтын ажил 75-80 хувьдаа хүрээд байна. Сумдад байтугай аймгуудад ч байхгүй хөлбөмбөгийн талбай мөн бэлэн болжээ. Наадмын талбай болгож ч болохоор энэ хөлбөмбөгийн талбайг “Шинэ сум” төсөлд багтаагүй байхад нь Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын санаачилгаар нэмж байгуулсан гэнэ.  

250 орчим ажилчин Бууцагааныг шинэ сумын төвтэй болгохоор ажиллаж байгаагаас талаас илүү нь орон нутгийнхан. Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай “Манай сумаас 100-200 орчим хүн “Шинэ сум” төсөлд оролцож ажиллаж байгаа. Өмнө нь бид хоёр жил тутамд л тойргоос сонгогдсон гишүүдээсээ завсарын мөнгө гуйгаад явдаг байлаа. Сумын төвөө шинэчлэх шаардлагатай гэдгийг ойлгоод энэ төслийн анхдагч болж, Бууцагаан сумынхан ажиллаж хөдөлмөрлөж байна. Цаашдаа аль ч суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхэд барилга байгууламжид 100 хүнтэй баг маань ажиллах чадвартай болсон” гэсэн юм. Бууцагаан, Баянлиг сумын бүтээн байгуулалтад нийтдээ 1300 орчим иргэд, малчид хүч хөдөлмөрөө шингээжээ.

Бууцагаан сумын хувьд барилгын гүй­цэтгэл 75-80 хувьтай байна. Өвлийн ули­­­ралд барилга угс­ралтын ажилд то­дорхой хэмжээний хүндрэл гардаг. Ба­гаж хэрэгсэл амар­хан эвдэрч гэмтэх, ца­хилгааны утас хөлдөж царцах зэрэг бэрхшээл тулгардаг гэдгээ төслийн гүйцэтгэгч “Ти Ти энд Би” ХХК-ийн захирал Г.Цэдэнсодов хэллээ.
Бууцагаан, Баянлиг сумын шинэ сумын барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд гуравдугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Хоёр суманд нийтдээ 20.9 тэрбум төгрөг баталж өгсөн ч энэ нь хангалттай хүрч чадахгүй байгаа аж. Хямд, хэмнэлттэй өртгөөр, чанартай барилга барих зорилтоо “Ти Ти энд Би” ХХК-ийнхан нэгдүгээрт тавьсан хэмээсэн.
Энэ жил гэхэд улсын хэмжээнд 16 сумыг “Шинэ сум” төсөлд хамруулахаар Шинэчлэлийн Засгийн газраас шийдээд буй. Иймээс эдгээрийн төсөв мөнгийг зураг төслийн дагуу баталж өгөх, ажиллах боловсон хүчинг орон нутагт бэлтгэх, сургах нь чухал гэдгийг “Их Мондун”, “Ти Ти энд Би” ХХК-ийнхан хэлж байсан юм.  Хил гааль дээр бараа материал саатаж, үүнээс нь болж барилгын ажил удааширсан учир үүнийг анхааралдаа авах хэрэгтэй гэлээ.

“Шинэ сум” төслийг хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Замын-Үүд суманд канад технологиор бус карказан цутгамал сумын төвийн барилгуудад  нийтдээ 15 тэрбум төгрөг зарцуулж, ажлын явц 45 хувьтай байна. Тэгэхээр канад модон технологийн барилга цаг хугацаа бага шаарддаг, хөрөнгө мөнгө ч харьцангуй хэмнэдэг нь харагдаж байгаа юм.  Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Бууцагаан суманд болсон “Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлэгт “Шинэ сум” төслөө танилцуулж, иргэдийн сонирхсон мэдээллийг өгсөн. Түүнээс гадна энэ үеэр 16 аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарынхан төслийн явцыг сонирхохоор Бууцагаан суманд ирсэн билээ. Цогцолбортой танилцаж дуусаад тэд аймагтаа ийм сумын төвүүдтэй болох хэрэгтэйг нүдээр үзэж л ойлголоо гэж байв.

Бууцагаан суманд бүтээн байгуулалтын ажил эхлээд 10 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Сум орон нутаг төсөлд яаж оролцож байгаа вэ гэж хүмүүс маш их сонирхож, бусад аймгийнхан асуудаг. Анхнаас нь бид бүтээн байгуулалтдаа идэвхтэй оролцсон. Орон нутаг хөгжүүлэх сангийн 350 сая төгрөгөөсөө эхний ээлжинд трактор авч ашиглаж байгаа. Энэ санд орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалтын ажилтайгаа уяж, орон нутгаасаа ажиллах хүч, байр хоол гээд тэрбум орчим төгрөг гаргах боломжтой юм билээ. Ер нь аль ч суманд ийм хэмээний хөрөнгө оруулалт өөрсдөө гаргах боломж бий. Энд ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь малчид хэмээн Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай хэллээ.
Шинэ сумын төвийн ойр орчмын газрыг иргэд авч, амины орон сууц барих сонирхол нэлээд бий аж. Бууцагааныхан шинэ сумынхаа өнгө төрхөнд тохируулж, гэр хороолол, хуучин барилгуудаа цогцоор нь шийдэхээр болж. Гэр хороолол, хуучин барил­гуудаа Шинэ сумынхаа инженерийн байгууламжинд холбох гээд ажил ч эхэлжээ.
Ингээд Бууцагаан сумынхан 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө гаргаад нутгийн иргэдээрээ хэлэлцүүлээд баталсан байна.
Бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн жил хүрэхгүйн хугацаанд зөвхөн Бууцагаан суманд оёдлын цех хоёр, хүнсний цех, мал мах бэлтгэлийн цех байгуулагдсан гэнэ. 2014 онд улсын тэргүүний загвар сум болгохоор Бууцагаан сумынхан хөдөлмөрлөөд завгүй.

Орон нутгийнхнаас гадна Монголын малчдын нэгдсэн холбооны тэргүүн Д.Балдан-Очир “Монгол хүн өссөн төрсөн нутагтаа сайхан амьдрах ёстой. Малчид хүнд нөхцөлд ажиллаж, амьдардаг.
“Шинэ сум” бүтээн байгуулалтыг бүтэн тойрч үзлээ. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл сонсч байсан. Зураг төслийг нь ч харж байсан. Хүнд сэтгэл байвал ажил бүтдэг юм байна гэдгийг л энд харлаа. Удахгүй ашиглалтад өгнө гэлээ. Ийм орчинд хөдөө суманд амьдрах нөхцөлийг бүрдүүлчихвэл Улаанбаатарт утаанд шигдэж суух шаардлагагүй. Интернэт сүлжээтэй, утастай, цахилгаантай, сайхан эрүүл орчинд аж төрөх боломжтой. Тиймээс энэ төсөл Монгол орны бусад суманд хэрэгжих бүрэн боломжтой юм байна. Зарим аймгийн кино  театрын барилга 24-30 тэрбум төгрөгөөр батлагдаж. Тэгэхэд энэ иж бүрэн цогцолбор сумын захиргаа, соёлын төв, сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг үндсэндээ 14 тэрбум төгрөгт багтана гэж байна. Нэг ам.метрийн өртөг нь 700 мянган төгрөгөөр гарч байна гэлээ. Тэгэхээр Монгол Улсын бүтэн гурван жил зарцуулдаг хөрөнгө оруулалтыг нэг жилд багтааж 30-40 хувийн зардлаар төв суурин газрынхантай ижил нөхцөлд ажиллаж, амьдрах бололцоо бүрдэж байна. Цаашдаа “Шинэ сум” төсөл, “Шинэ малчин” төсөл улам эрчтэй, цар хүрээтэй өргөжин тэлэх юм байна” гэж ярьсан.

“Ти Ти Энд Би” ХХК-ийн Баянлиг сумыг хариуцсан төслийн менежер Б.Хүрэлтөгс “Бууцагаан сумын ажил зарим талаараа түрүүлж, зарим нь хоцорч яваа. Жишээ нь, гипсэн хавтангийн ажил сургууль, цэцэрлэг дээр 70-80 хувьд хүрсэн. Харин гадна чимхлүүр ажил хоёр сум өөр өөр явцтай байгаа” гэж ажлаа танилцууллаа. Гүйцэтгэгчид нь нэг компани учир ажил ерөнхийдөө зэрэг явж, тулгарч байгаа бэрхшээл ч адилхан гэж байсан юм.
Аймгийн төвөөсөө 180-250 км, нийслэлээс 800 орчим км-ийн алслагдсан 3500 хүн амтай энэ хоёр сум хамгийн анхны жишиг сум болох цаг ойртжээ. Хөрш, зэргэлдээ сумынхан ч гэсэн Шинэ сумын төвийн сургаар байнга ирж, үзэж, харан битүүхэндээ атаархаж сууна. Гэхдээ тэдэнд ч гэсэн сумын төвөө шинэчлэх боломж нэг шатаар ойртсон. Баянхонгор аймгийн бүх суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхээр зураг төслийг тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар хийлгэсэн. Шинэ тохилог сумын төвтэй болохын ач холбогдол хот сууринг чиглэсэн нүүдэл багасч, хөдөөд ч гэсэн сайхан амьдрах тэгш боломжийг бий болгож байна.  3500 хүнтэй энэ хоёр сум нь шинэчлэгдсэнээр хүн ам нь 5000-д хүрч томоохон суурин газар болох төлөвтэй байгааг Баянхонгор аймгийн удирдлагууд ярьж байлаа. Хөгжлийг хөдөөнөөс, тэр дундаа шинэ төвтэй сумаас эхэлж болохын жишээ энэ.     
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан