Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгост хамтарсан хээрийн сургууль эхэлжээ
Өмнөд Солонгос ба Америкийн цэргийнхэн “Key Resolve” ба “Foal Eagle” гэсэн хамтарсан хээрийн сургуулиа эхэллээ. Хээрийн сургуулийн болж байгаа хугацаа нь Хойд Солонгосын Кымгансанд болж байгаа дайны улмаас салж хагацсан хоёр Солонгосын гэр бүл, хамаатан саднын уулзалттай давхцаж байгаа юм. Иймээс Өмнөд Солонгос ба америкчууд хээрийн сургуулийг бага хэмжээний далайцтай зохион байгуулж байгаа тухай  “Ренхап” агентлаг мэдээллээ. Хээрийн сургуульд стратегийн цөмийн бөмбөгдөгч, нисэх онгоц тээгч цөмийн хөдөлгүүрт усан онгоц зэргийг оролцуулахгүй байхаар шийдсэн аж.
Өнгөрсөн жил энэ хоёр хээрийн сургуульд Өмнөд Солонгосын 220 мянган цэргийн албан хаагч оролцсон бол Америк нь тавдах үеийн сөнөөгч онгоц F-22, цөмийн бөмбөг тээх чадвартай стратегийн бөмбөгдөгч В-52, нисэх онгоц тээгч зэргийг оролцуулж, улмаар хоёр Солонгос цөмийн дайн хийх дээрээ тулаад намжиж байсныг уншигч та санаж байгаа байх.
Энэ удаагийн хээрийн хоёр сургуулийн нэг нь гуравдугаар сарын 6-нд, нөгөөх нь дөрөвдүгээр сарын 18-нд дуусах юм. Хойд Солонгос нь жил болгон явагддаг энэ хээрийн сургуулийг “Нэг талаас өрсч цохилт хийхийг сургуулилж, цэргийн хүчээр сүрдүүлж байгаа явдал. Нөгөө талаас хээрийн сургуулиар шалтаглан бөөгнөрүүлсэн их хэмжээний цэргийн хүчээр жинхэнэ дайралт хийхийг завдсан оролдлого” гэж үздэг. Иймээс жил болгон л хээрийн сургуулийг болиулахыг шаарддаг бөгөөд өдөөн хатгалга хийгдвэл хамгийн эрс шийдэмгий хариу өгнө гэж анхааруулдаг уламжлалтай гэж болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан