Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Завханы хүүхдүүдээ шатрын спортоор хичээллүүлэх Хөдөлмөрийн сайдын санаачилга биеллээ олжээ

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл суманд ажиллаж, ард иргэдтэй уулзаж, төр засгаас явуулж байгаа бодлого шийдвэр болон Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны талаар танилцуулан, иргэдийнхээ санал бодлыг нь сонссон байна. Түүнийг аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн хүүхэд багачуудыг шатрын спортоор хичээллүүлэх бодлого өнөөдөр ид ажил хэрэг болж, цэцэрлэг, дунд сургуулийнхан олноор энэ спортоор хичээллэх болсон талаар нутгийн иргэд ам сайтай байв.

Дэлхий нийтээр шатрыг оюуны их спорт хэмээдэг. Бид ч бас сүүлийн жилүүдэд хүүхдэд суурь боловсрол төлөвшил олгох, нөгөөтэйгүүр өв соёлоо хөгжүүлэн уламжлуулах гэсэн зорилгоор энэхүү спортод ихээр анхаарах болсон. Үүний нэг жишээ нь Завхан аймаг. Тус аймагт хэрэгжиж эхэлсэн гурван-тулгуурт бодлогын хүрээнд энэ жил 9999 шатарч хүүхэд нэгэн зэрэг оюунаа уралдуулахаар бэлтгэгдэж байна. Үүний бэлтгэл болгож бүх сумын сургуулиуд сорилго тэмцээн зохион байгуулжээ.

Долоон мянга гаруй хүн амтай Завхан аймгийн Их-Уул суманд сургуулийн насны 1000 орчим хүүхэд бий. Эдгээрээс 700 гаруй нь өнөөдрийн байдлаар шатрын спортоор хичээллэж, 9999 шатарчны нэг болох бэлтгэлээ базааж буй.
Ч.Амгаланбаатар шатрын багш: Бага ангийн багш нар үндсэндээ шатрыг өөрсдөө заах сонирхолтой болж байна. Учир нь шатар сонирхсон хүүхэд математик сэтгэлгээ нь илүү хөгжиж, цаашдын амьдралд нь суурь мэдлэг болдог гэдэг утгаараа манай багш нар их сонирхох болсон. Манай шатрын клуб хагас сайнд 10:00 цагаас эхлээд оройн 17:00 цаг хүртэл дүүрэн хүүхэдтэй байдаг. Энд 300- 400 хүүхэд байнгын бэлтгэл хийдэг Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ энэ спортоор хичээллэхэд анхаарал хандуулах болсон нь сайшаалтай байна.
Их-Уул сум гудамж хашаа, айл хөршөөрөө шатраар наадаж сурах эрмэлзэлтэй гэж байлаа. Учир нь шатрын спорт өөрөө хүүхдэд суурь боловсрол давхар тэсвэр тэвчээртэй байх цаашлаад амьдралын ухаанд сургадаг хүмүүжлийн зэвсэг гэж багш сурагчид ярьсан юм.

“Би шатраар хичээллэх дуртай. Тэмцээнд ороод алтан медаль авсандаа баяртай байгаа” хэмээн 5 настай Мөнхбаяр хүү бидэнд ярьсан бол “Шатрын спорт бол оюун ухаан тэлдэг болохоор манай ангийнхан бүгдээрээ хичээллэдэг. Цаашид ч тууштай хичээллэнэ гэж бодож байгаа” хэмээн том ангийн эгч нар нь баяртай байна.

Харин Тосонцэнгэл сум аймагтаа хамгийн том, 10 мянган хүнтэй. Тус сум хүүхэд бүрийг шатарчин болгох зорилтыг хичээлээс гадуурх боловсролын хөтөлбөртөө багтаажээ. Үүний үр дүнд 400 гаруй хүүхэд амжилттай шатар тоглож байна гэж багш нар нь бахархан ярьсан юм Амжилттай тоглож байгаа 400 хүүхдээ ирэх намар болох 9999 шатарчин арга хэмжээнд оролцуулах зорилготой гэнэ.
Шатраар хичээллэх нь цагаа үр ашигтай өнгөрүүлэх, хүмүүжлийн асар ач холбогдолтой хэмээн эцэг эх хүүхдүүд дүгнэж буй юм.
Харин 8 настай Ууганжаргал охин шатрын сорилго тэмцээнээс Алтан медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахдаа шатрын спортыг сонирхож тоглох дуртайгаа хэлж байсан юм.

Тосонгийн хүүхдүүд шатрын амжилт арвин, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс өнгөрсөн онд хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль мөн таван хүүхэд шагналт байранд шалгарчээ. Амжилт үзүүлсэн эдгээр шатарчид  гуравдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ хангасан гэлээ. Аймгийн аваргаас эхлээд Ази тивийн аварга хүртэл энэ сумаас төрсөн нь бахархалтай байна.
Хөдөлмөрийн сайдын эхлүүлсэн ажлын үр дүнд өнөөдөр тус  аймагт 9000 орчим хүүхэд багачууд шатрын спортоор хичээллэх болсон таатай мэдээлэл буй. Түүний эхлүүлсэн ажил ийнхүү биеллээ олж, нутгийнх нь хүүхдүүд оюуны спортод шимтэх болсонд Хөдөлмөрийн сайд ч ихэд талархалтай байлаа. Тэрээр өчигдөр Тэлмэн, Нөмрөг, Идэр суманд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонслоо.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан