Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газарт байгаа “мөнгийг” хятадууд түрүүлж хардаг уу
Зах, зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш манай улсад гадаад зах зээлийн тэлэлт маш хурдацтай явсан нь өнөөг хүртэл агшаагүй байна. Учир нь, 90-ээд оноос хойш газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн салбарт анхаарал хандуулах төрийн бодлого давамгайлж байсан нь төдийлөн өөрчлөгдсөнгүй. Улмаар аж, үйлдвэрийн тогтолцоонд их хэмжээний түүхий эд, техник, тоног төхөөрөмж, хэрэгцээт бараа материалын импорт хийхийг шаардсан эдийн засгийн тогтолцоог бий болгосон нь гадаад худалдааны цар хэмжээ өндөр байгаа гэхээс илүүтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бага буйтай холбоотой. Хэдийгээр хүн ам цөөн, иргэдийн орлого төдийлөн өндөр биш зэрэг үзүүлэлт дотоодын үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээнд тодорхой хязгаарыг үүсгэдэг ч бидэнд өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж асар их бий.

Тэдгээрийн нэг нь сав, баглаа боодлын үйлдвэрлэл. Өнгөрсөн оны судалгаанд тулгуурлан зах зээлийн чадамжийг  тооцоолоход 300 орчим тэрбум төгрөгийг зөвхөн сав, баглаа боодлын хэрэгцээнд зарцуулсан гэсэн тоо гарчээ. Харин тэдгээрээс дотоодын үйлдвэрлэгч 80-90 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Үлдсэн 200 гаруй тэрбум төгрөгийн 90 орчим хувь нь урд хөрш рүү гарч, 10 гаруй хувь нь бусад улс руу валют болон гарчээ. Хэдийгээр манай улсад сав, баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж, ахуйн нэгж байдаг ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай үйлдвэр байхгүй. Гэтэл АНУ-д пластик материалыг хайлуулж дахин боловсруулах 1600 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, автомашины суудал хийх үйлдвэрлэлийн дамжлагадаа хүртэл өргөн ашиглаж байна. Харин манай улсын хувьд сав, баглаа боодлын үйлдвэрлэлээр тэргүүлэх хэмжээний хоёр үйлдвэр байгаа нь Дархан-Уул аймгийн “Сан Оргиу” болон  “Төв төгөлдөр” компани. Тэд ашигласан ундааны савыг хайлуулж, дахин сав үйлдвэрлэх чадамжгүй ч одоогоор сандал, ширээ хийх технологийг нэвтрүүлжээ. Бусад үйлдвэрийн хувьд гялгар уут, баглаа боодлыг үйлдвэрлэж байгаа ч пластик материалыг хуванцар хэлбэрээр нь шахаж, прэслээд урд хөрш рүү гаргахаас хэтэрдэггүй. Нөгөөтэйгүүр, манайд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн эздийн тал орчим хувь нь Хятад улсын иргэн. Тухайлбал, 19 дүгээр хороололд “Пума”, “Баялаг” нэртэй хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёул хятад эзэнтэй. Тэд хүйтний улиралд өдөрт доод тал нь 330 мянга орчим төгрөгөөр хаягдал хуванцар төвлөрүүлж, хуванцар хэлбэрээр нь шахаж прэслээд урагшаа гаргадаг. Харин зуны улирлын хувьд хаягдал ихэсч, нэг кг хуванцрын үнэ 350-500 төгрөгт хүрдэг тул  өдөрт 5-6 машин 21 удаагийн зөөлтөөр зургаа орчим  тонн хуванцар татан, төвлөрүүлдэг байна. Энэ нь, өдөрт дунджаар хоёр сая 400 мянган төгрөгийг хаягдал худалдаж авахад зориулан эргэлдүүлж байгаатай дүйх юм. Гэтэл эргээд нэг кг хуванцрын үнэ 800-1000 төгрөгт хүрч худалдаалагддаг байна. Зөвхөн прэслэх дамжлагаар орсон хуванцар сав гэх хог нэг кг тутамдаа хамгийн багадаа хоёр дахин өндөр ашиг өгдөг. Энэ зах зээлээ бид дотоодын компаниудаар дүүргэхэд л ашигтай ажиллах боломж харагдаж байна. Цаашлаад хуруу шилний хэмжээнд үйлдвэрлэсэн ундааны савыг халуун уураар үлээлгэж бидний өдөр тутам хэрэглэдэг ундааны савтай адил болгох технологийг нэвтрүүлж чадвал сав, баглаа боодлын зах зээлийг бид дангаар эзлэх хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадна.
Гэвч зориулалтын лаборатор, салбарын эрхзүйн орчин, санхүүжилт, татварын орчин зэрэг асуудлын улмаас дотоодын үйлдвэрлэгч нар өндийж чадахгүйд хүрдэг байна. Хэрэв төрөөс сав, баглаа боодлын салбарыг дэмжих, бодлого хөтөлбөр хэрэгжүүлж, экспортын бараа материалд оногдох хувь хэмжээнд анхаарахгүй бол ирэх таван жилийн хугацаанд энэ салбарын чадамж бүр ч илүү хумигдах талаар салбарынхан ам нэгтэй байна.

Учир нь, одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар боловсруулах үйлдвэрүүд хотын төвд байрлалтай, хортой химийн элементийг ихээр ашигладаг учраас орчны агаарыг бохирдуулж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг байна. Тиймээс үйлдвэр технологийн парк байгуулж, сүүлийн үеийн техник, төхөөрөмжийг суурилуулах, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, кластерийн системээр хөгжих бодлогыг барих нь зүйтэй хэмээн үйлдвэр эрхлэгчид үздэг. Үүний тулд тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж 50 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох, үйлдвэр, технологийн парк байгуулах зэрэг асуудлыг нэн түрүүнд ажил хэрэг болгох шаардлагатай аж. Ингэвэл дотоодын үйлдвэрлэл таван жилийн дараа гэхэд сэргэж сав, баглаа боодлын хэрэгцээний 70 орчим хувийг дотоодоосоо бүрдүүлэх өргөн боломжтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан