Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, ЮНЕСКО хамтран ажиллана

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл өнөөдөр Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

ЮНЕСКО /Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага/ мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх замаар үндэстэн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан хүний эрх, эрх чөлөөг хангаж харилцан хүндлэлийг бий болгох, цаашлаад дэлхийд энх тайвныг тогтоохоор ажилладаг.

Иймд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын үйл ажиллагаа, үзэл санаа Монголын Сэтгүүлчдийн Эвлэл (МСЭ)-ийн ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг эрхэмлэх үйл ажиллагааны үндсэн болон эрхэм зорилготой нийцэж байгаа тул дээрх хоёр байгууллага цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зуржээ.

Санамж бичгийн хүрээнд ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн 4 чиглэл болох боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүрээнд Монгол улсад авч хэрэгжүүлэх аливаа арга хэмжээг МСЭ дэмжиж, хамтран ажиллах аж. Мөн  Монгол улс нэгдэн орсон ЮНЕСКО-гийн конвенциуд, Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвүүд, ЮНЕСКО-гийн тэмдэглэлт өдрүүдийг олон нийтэд таниулах, сурталчлах чиглэлээр талууд төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн МСЭ-ийн гадаад харилцааг хөгжүүлэх, сэтгүүлчдийн чадавхи чадамжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан