Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ХҮНСНИЙ НОГОО ТӨДИЙГҮЙ ЖИМСГЭНЭ Ч ХИМИЙН БОДИСТ ХОРДЖЭЭ
Эх орны хөрсөнд  ургасан хүнсний ногоо иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул дагуулж байна гэсэн цочир мэдээг холбогдох байгууллагынхан судалгаанд тулгуурлан олон нийтэд мэдэгдлээ. Хил, гаалиас эхлээд хяналт, шалгалт тавигдаж,  хоёр, гурван байшин дүүрэн хүмүүс хүнсний аюулгүй байдлын манаанд зогсч байхад “Хэрэглэж байгаа хүнс чинь хортой” гэсэн хоржоонтой мэдэгдэл хийх нь хэр зохистой вэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Юутай ч, улсын аюулгүй байдлын томоохон тулгуур иргэдийн хүнсний аюулгүй байдал хангагдахгүй байгаа нь дан ганц ургац, тариалангийн бус улс эх орны хоолойд хутга тулгасны дайтай томоохон асуудал юм. Ялангуяа, далайд гарцгүй, цөөн улстай хиллэдэг орнуудын хувьд хүнсний аюулгүй байдал нэн чухал гэдгийг олон улсын судлаачид онцолсоор ирсэн нь манай улсад гойд хамааралтай. Учир нь, БНХАУ дэлхий дахинаа химийн бордоог маш ихээр хэрэглэж, хурдан хугацаанд ургуулсан хүнс, хүнсний ногоо экспортолдог гэдгээ 2010 онд зарласан. Тэрбум давсан хүн  амын хэрэгцээг хангахын тулд элдэв янзын химийн бодис хэрэглэх нь тус улсад тулгарсан хүнсний асуудлыг шийдэх гарц яах аргагүй мөн. Гэхдээ бид тус улсын хамгийн чанар муутай, хүнсний ногоог хэрэглэж байгаа нь гурван сая орчим хүн, амын ходоодны хэрэгцээг хангах бодит шаардлага биш юм.
Жишээлбэл, манай улс шиг далайд гарцгүй Өмнөд Африкийн Парагвай улс арвин ургац авахын тулд химийн бордоог ихээр ашиглаж байсан. Үүний улмаас арьсны өвчлөл дэгдэж, тус улс “Хүнсний аюулгүй байдлын бодлого”-оо чангатгаж, чанар муутай импортын бүтээгдэхүүнд хорио цээр тавьж, дотооддоо татвараа хөнгөлснөөр сүүлийн жилүүдэд хүнсний ногооны аюулгүй байдлаа тогтворжуулж чадсан юм. Хэдийгээр манай улс “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг 2011 оноос эхлэн үе, шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч дотоодын болон импортын хүнсний ногооноос хүний биед хортой химийн бодис илэрсэн нь дээрх хөтөлбөрийн үр дүн иргэдэд хүрсэн эсэхэд эргэлзэхэд хүргэнэ. Учир нь, лангуун дээр байгаа бүтээгдэхүүнийг иргэн мэдрэхүйн эрхтнээ ашиглан хянахаас өөрөөр буюу хүнсний ногоонд лабораторын түвшинд нарийн шинжилгээ хийх ямар ч боломжгүй. Бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрэхээс өмнө дээж авч шинжлэх нь мэргэжлийн байгууллагын үндсэн үүрэг. Гэтэл хүн хордсоны мөрөөр шинжилгээ хийж “Энэ хүнсний ногоо хортой” гэх нь хяналт, шалгалтын хувьд байж боломгүй үзэгдэл юм. Энэ удаад ч Монголын хэрэглэгчдийн ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо өнжсөн болон шинэ ургацын жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийсэн байна.

Сэлэнгэ аймгийн хүнсний ногооны 55 хувь нь хортой бодисын үлдэцтэй

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо (МХЭАХННХ) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль (хуучнаар ЭМШУИС)-ийн ахмад багш, доктор, профессор З.Ичинхорлоогоор ахлуулсан баг, хамт олонтой хамтран хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийсэн байна. Судалгаанд хавар, намрын буюу шинэ ургацын болон өнжсөн жимс, жимсгэнэ, хүнсний ногооны 275 дээжийг хамруулахад 40 орчим хувь нь хортой буюу пестицидийн үлдэцтэй гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Зүүнхараа, Алтанбулаг сумаас ирсэн хүнсний ногооны 55 гаруй хувь, Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумын ногооны 34 хувь, Өмнөговиос ирсэн улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, Баянзүрх дүүрэгт тарьсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувь нь тус, тус  пестицидийн үлдэцтэй гарчээ. Харин Хятад улсаас оруулж ирсэн хүнсний ногооны 49 хувьд нь пестицидийн үлдэгдэл маш их, 31,37 хувьд нь нэлээд их буюу 80 гаруй хувь нь хортой гарсан байна.
Мөн шинэ ургацын болон хуучин хадгалсан жимс жимсгэний 80 гаруй дээжинд шинжилгээ хийхэд алим, усан үзэм, гадил зэрэг жимсэнд пестицидийн үлдэгдэл их, “Витамин С”-гийн хэмжээ эрс багассан байна. Харин байгалийн зэрлэг жимсэнд пестицид илэрч байгаа нь жимс боловсорч гүйцэх үе (7-8 сар)-аар хортон шавьж, мэрэгч амьтдыг устгах зорилгоор химийн бодис цацаж байгаатай холбоотой аж. Гэхдээ энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагын зүгээс иргэдэд өгдөггүй учраас химийн бодистой жимсийг түүж, хоол хүнсэндээ хэрэглэх явдал татардаггүй байна.                  
                  
Өвчлөл нэмэгдэж буй улсын тоонд манай улс дээгүүрт орлоо

Шалгалтын явцад илэрсэн пестицид гэх химийн бодис нь төв болон ургал мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд сөрөг нөлөөтэй аж. Түүнчлэн бэлгийн эс хордуулах, ургийн гаж хөгжил, төрөлхийн согогтой хүүхэд төрөх, хүний хромсом, генд нөлөөлөх хорт хавдар үүсгэх зэрэг өндөр аюултай химийн бодист тооцогддог байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар манай улс утаа болон өдөр тутмын чанаргүй хүнсний хэрэглээнээсээ үүдэн 10 жилийн дотор хорт хавдрын цунамид өртөх өндөр магадлалтай орнуудын тоонд зүй ёсоор багтжээ. Өөрөөр хэлбэл, ирэх 20 жилийн дотор хорт хавдраар өвчлөгчдийн тоо 70 хувиар нэмэгдэж, ДОХ, гахай, шувууны ханиад зэрэг гоц халдварт өвчин анхаарлын төвөөс гарах юм байна. Тиймээс манай улсын хувьд “Хүнсний аюулгүй байдал”-ын бодлогын хэрэгжилт, хяналт шалгалт нэн тэргүүнд шаардлагатай байна. Эс бөгөөс энгийн хэрэглээнээс үүдсэн өвчлөл улсын аюулгүй байдалд ноцтойгоор халдаж, эхлэх нь цаг, хугацааны асуудал болж хувирах нь.  

Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
tiim shuu
Yu idej uuh bolj bna, ideh ch yum oldohoo bailaa, tur zasgaas arga hemjee avahgui bol tsuuhun heden mongolchuud chin hordoj duuslaa
Хамгийн их уншсан