Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аниргүй цагаан дайд” буюу нар баруунаас манддаг нутгаар

Английн алдарт зохиолч Жек Лондоны “Аниргүй цагаан дайд” хэмээх зохиолыг амтархан уншиж билээ. Туйлын аж байдал, амьдралын тухай өгүүлэх эл зохиолд байж болох хамгийн хүйтэн цаг агаарыг гайхалтайгаар зурагладаг. Дулаан хөнжилдөө тухлан уншиж байхад ч эрхгүй даарах мэт сэтгэгдэл төрүүлдэг эл зохиол бол гайхалтай бүтээл туурвил юм. Гэвч, энэ их хүйтнийг биеэр үзэх номноос унших хоёр асар их ялгаатай. Тэр тусмаа манай гарагийн хамгийн хүйтэн цэгт хүрч ажиллаж, амьдрана гэдэг хэрийн хүнд зориглохгүй эрсдэлтэй ажил. Мөн гайхалтай аз завшаан.
Манай улсаас өмнөд туйл буюу Антарктид тивд хөл тавьсан хүн гарын арван хуруунаас хэтрэхгүй. “Аниргүй цагаан дайд”-д алс холын цагаан тивд мөрөө гаргаж алтан соёмбот тугаа мандуулсан эрэлхэг аавын хөвгүүдийн нэг, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаны дарга Д.Чулуунбаттай уулзаж цагаан тивд хоёр жил орчим ажиллаж амьдарсан тухай нь яриа өрнүүлсэн юм.

-Яриагаа Антарктид руу зорьсон тэр үеийн дурсамжаас тань эхэлье гэж бодлоо?
-Нэлээн удаж байна даа. 1982-1984 оны хооронд хоёр жил яваад ирсэн юм. Түүнээс өмнө манай улсаас нэг хүн явж байсан нь Цэрэндэлгэ. Энэ хүн мөн л хоёр жил орчим буюу 1972-1974 оны хооронд яваад ирсэн. Дараа нь намайг явж ирсэнээс хойш манайхаас гурав, дөрвөн ч хүн явсан даа.
Гэхдээ саяхнаас л явж байгаа юм. Миний дараагаар явсан хүн бол манай цаг уурт ажилладаг Батболд гэж залуу. Хоёр сар болоод ирсэн. Бас геологийн ухааны доктор Дүгэржав гэж хүн явсан. Одоо Болгарт суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайд. Тав дахийг нь “Шар айраг”-ийн Ганхүү гэхээр хүмүүс сайн мэднэ дээ. Тэр нөхөр Америкийн хэсэг уулчдын хамт Кингстоны оргилд авираад ирсэн юм билээ. Хамгийн сүүлд Зам,  тээврийн яамны Ганбаатар гэдэг залуу яваад ирсэн. Манай улсын далбаа бүхий гадаадын 300 орчим усан онгоц далайд тээвэр хийдэг. Тиймээс Зам, тээврийн яамны далай хариуцсан мэргэжилтний үүднээс тэр хүн явсан хэрэг. Ингээд Монгол Улсаас нийт зургаан хүн хэн бүхний хүрч очоод байдаггүй өмнөд туйл буюу Антарктидад хөл тавьсан байна.

-Таныг ЗХУ-ын багтай судалгааны ажлаар явсан мөн хамгийн хүйтэн жил нь очсон гэж сонссон?
-Манай дэлхийн хамгийн хүйтэн газар бол Антарктид тив. Товчхондоо, дэлхийн ёроол гэж ойлгож болно. Намайг өвөлждөг жил буюу 1983 оны наймдугаар сард Цельсийн -89.3 градус хүртэл хүйтэрч байлаа. Гэтэл манай улс хамгийн хүйтэн уур амьсгалтай бүс нутагт багтдаг ч сайндаа л 50 гаруй градус хүрдэг шүү дээ. Завханы Тосонцэнгэлд 50 гарч байсан тохиолдол байдаг. Гэтэл туйлд даруй 40 орчим градусаар илүү хүйтэн байх жишээтэй. Дэлхийн хамгийн хүйтэн цэгээс гадна хамгийн хүйтэн салхитай газар. Бид салхийг температур хэмждэгтэй адил багажаар хэмждэг л дээ. Энд, эх газарт дээд тал нь 60 м/сек хүртэлх хурдтай салхи хэмжих зориулалт бүхий багаж байдаг юм. Гэтэл нөгөө багажаа Антрактидад аваачтал эвдэрч байсан юм даа. Тэгэхээр чинь 70, 80 м/сек хүрсэн байх гээд байгаа биз.

-Тийм байна. Жилийн дийлэнх хугацаанд шуурга тавих уу?
-Байнгын цас ороод цасан шуурга шуурч байдаг, сардаа хоёр, гурав хоног л цэлмэг байдаг газар. Өвөлдөө  бол туйлын өдөр нь ч тэр, шөнө нь ч ялгаагүй тас харанхуй байдаг. Цасаар шуурч байхдаа ганц метрийн цаадах ч харагдахгүй бужигнасан цагаан юм л байна. Сардаа тохиодог хоёр гуравхан цэлмэг өдөр нь бид од, эрхсийг ажина. Гэхдээ зундаа л. Миний хувьд жил найман сар байх хугацаандаа тэнгэр, оддыг цөөхөн удаа л харж байсан. Од нь ч тэр манай эндэхийн одноос огт өөр. Таних од нэг ч байхгүй, Алтан гадас, Долоон бурхан гээд бидний мэддэг од нэг ширхэг ч байхгүй. Судлаачдын сайн мэддэг нь “Өмнөдийн хэрээс” гэж од бий. Тэр нь манайхаар зүг чиг баримжаалах алтан гадас юм уу даа. Ер нь, туйлд бүх юм эсрэгээрээ, урвуу байдаг. Нар зүүнээс манддаг гэж бид ярьдаг шүү дээ. Харин тэнд баруунаас манддаг. Зүг чиг нь ч эсрэгээрээ, бидний хойд зүг тэнд урд зүг байх жишээтэй. Ерөөсөө, экватор өнгөрөөд л бүх юм эсрэг болчихдог юм. Тийм газар ажиллаж амьдарна гэдэг төвөгтэй. Анх очсон хүн хэсэгтээ л дасч өгөхгүй. Ёстой л нөгөө ойд төөрсөн сармагчин гэдэг нь болно доо.

-Манайхан ер нь өмнөд туйл руу ямар судалгаа хийх зорилгоор явдаг юм бэ?
-Эхэнд явсан Цэрэндэлгэ бид хоёр бол цэвэр цаг уур, агаар мандлын дээд давхрагын  судалгаа хийх зорилгоор явсан. ЗХУ-ын Цаг агаар судлалын 18 дугаар экспедицэд Цэрэндэлгэ хамрагдаж  явж байсан бол би 28 дугаар экспедицтэй нь арван жилийн дараа очиж байсан. Харин сүүлд явсан дөрвөн хүн зуны экспедицтэй нь явж Антарктидын захад оччихоод ирсэн юм. Цаашаа, бидний очсон гүн рүү нь яваагүй. Тэр хүмүүс Ливингстоны арал гэж Өмнөд Америкийн урдуур тойрч ирсэн Антарктидын нэг хошуунд байх Болгарын экспедицийн хамт очиж ажилласан. Болгар улсын Антарктидын хүрээлэн гэж байдаг л даа. Энэ хүрээлэнтэй манай улсын Антарктидын нийгэмлэг гурван жилийн өмнө таван жилийн гэрээ хийж хамтран ажиллаж эхэлсэн. Нийгэмлэгийн дарга нь Дүгэржав. Миний хувьд нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч гэж явдаг. Бидний хамтран ажиллах гэрээнд Антарктидийн судалгааны ажилд жилдээ 1-2 хоёр монгол хүн хамруулж байя гэж заасан байдаг юм. Энэ гэрээний үндсэн дээр манай судлаачид цагаан тивд судалгаа хийн ажиллаж байна. Сүүлд явсан хүмүүс энэ хүрээнд ажиллаад ирсэн хэрэг.
Монгол хүн яагаад тэр хол, хүйтэн ширүүн уур амьсгалтай газар руу зүтгээд байна гэхээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг уурыг судлах нь энэ гараг дээр амьдарч буй бүхий л улс орны үүрэг. Экваторын халуун агаар хойд туйлын хүйтэн агаартай сүлэлдэж манай орон, бүс нутагт улирал ээлжлэн солигддог. Харин өмнөд туйлд улирал солигдоно гэж байхгүй шүү дээ. Гэвч манай гарагийн цаг агаар, уур амьсгалын байдалд хамгийн ихээр нөлөөлдөг. Хойд туйл, экватор тэгээд өмнөд туйлын хүйтэн цаг агаар гурвын нөлөө бүс нутаг бүрт нөлөөлж жилийн дөрвөн улиралтай нь ч байна, хоёр нь ч байна.

-Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Ямар нэг хил хязгаарт үл хашигдах энэ асуудлыг эртнээс анхаарч байж ээ?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Тиймдээ ч эх дэлхийнхээ цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг судалж цаашид яах тухайгаа болоод байгаль орчин, ургамал амьтнаа хамгаалах тухай асуудлыг шийдэхийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэгүүд ажиллаж байна. Нэг үгээр байгаль цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүчээ нэгтгэж байна.
Долоон тэрбум хүн гэдэг их тоо. Тиймдээ ч зарим улс орны газар нутаг багадаж эхэлж байна. Зарим нь бол томдож ч байна. Гэтэл Антарктидад хүн амьдрахгүй шүү дээ. Оршин суугч гэж байхгүй. Гэтэл тэнд газар нутгийн хувьд манай улсаас арав дахин том. Өөрөөр хэлбэл манай улс 1.5 сая км/квадрат газар нутагтай бол Антарктид 15 сая байх нь. Гэхдээ тэр чигтээ мөсөн тив. Хэрэв мөс нь хайлчихвал доороос нь эх газар гараад ирнэ. Далайн төвшнөөс дээш 4000 метр мөснөөс цухуйсан уулын оргил, газар харагдаж байдаг. Хүмүүс дэлхий таван тивтэй гэж ярьдаг шүү дээ. Харин бид бол зургаан тивтэй гэж ярьдаг.
Би нэг ном бичиж байсан юм. Дэлхийн зургаа дахь тив гэж. Угтаа Антарктид бол эх газар, цас мөсөөр хучигдсан тив юм. Манай дэлхийн эх газрууд нэг бүхэл байсан нь хэдэн сая жилийн тэртээд тасарч тал тал тийш тарсан хэрэг. Тивүүдийн газарзүйн тогтоц, байрлалыг сайтар ажвал нэг цул байсныг анзаарч болно. Тэртээ сая сая жилийн уртад тивүүд салахад Антарктид алс хол өмнөд туйлд хүрсэн. Тиймээс энэ нь эх газар ч мөн, тив ч мөн юм. Тив болохыг нь батлах нэг зүйл бол байгалийн баялаг. Антарктидад органик гаралтай байгалийн баялаг маш их бий. Нефть, чулуун нүүрс, шатдаг хий гээд л...

-Металл бий юу?
-Металл байна, алт, зэс, тэр ч бүү хэл төмрийн хүдэр гэхчлэн маш их эрдэс баялагтай тив.

-Ямар нэг байдлаар нөөц тогтоож, баримжаа гаргаж байсан улс орон байдаг болов уу?
-Нөөцийг одоогоор зарласан юм байхгүй. Антарктид одоогоор дундын эзэмшлийн тив болохын хувьд ямар ч улс орон түүнийг эзэмших, ашиглах, хил хязгаар тогтоох үндэсгүй. Антарктидын олон улсын гэрээ гэж бий. 1957 онд байна уу даа 17 улс нийлж тэрхүү гэрээг байгуулсан байдаг юм. Унаган, нутгийн ард иргэд гэж байхгүй болохоор хил хязгаар тогтоохгүй гэсэн заалттай гэрээ юм. Харин Хойд туйлд Арктикийн далайн чукчанууд гэж байх жишээтэй. Гэтэл өмнөд туйлд тийм хүн нэг ч байхгүй. Судалгааны ажил хийж буй мэргэжилтнүүд л очиж сайндаа жил гаруй болоод ирэхээс цаашгүй. Тийм болохоор ямар ч улсад энэ тивийг эзэмшиж эрх байхгүй. Харин ирээдүйд байгалийн баялагаа тэндээс олборлох хүсэл эрмэлзэл бий. Наанадаж л дэлхийн цэвэр усны нөөцийн 80 орчим хувь нь тэнд байна. Антарктидын асар их мөс чинь бүгд ундны цэвэр ус. Усны асуудал ээдрээтэй болж буй энэ цагт өмнөд туйлаас мөсөн уулыг нь чирч авчрах байдлаар ч юм уу усны нөөц, хэрэглээгээ хангахыг  үгүйсгэхгүй. Антарктид тивээс асар том мөсөн уулс тасарч далайд орох нь бий. Зарим газартаа 100 км урттай, дээр нь нисэх онгоц ч буучихдаг тийм том хэсэг тасарсан байдаг. Эдгээр нь том мөсөн уулууд нь ихэвчлэн далайд суудаг бол багахан уулууд нь нам өргөрөг рүүгээ явах тусмаа хайлна. Ийм байдлаар нөгөө их цэвэр усны нөөц маань далайн давстай усанд уусан шингээд байгаа юм.

-Антарктид руу, таны хэлснээр дэлхийн ёроол руу явах нь хамгийн эрсдэлтэй аялал байх?
-Намайг явдаг жил одоогийн Санкт-Петербург буюу тухайн үеийн Ленинградаас хөдөлж байсан. Мэдээж туйл руу явдаг тусгай онгоцоор явна шүү дээ. Усаар явж болно гэхдээ бид онгоцоор явсан. Ленинградаас Молодёжная гэж станц хүртэл тасралтгүй 30 цаг нисч байлаа. Энэ нь дэлхийн хамгийн холын нислэг. Явсаар Мозамбек улсад очиж цааш нисэхээр Антарктидын агаарын байдлыг харзнан долоо хонож байсан. Агаар нь тогтож өгөхгүй байнгын цасан шуургатай долоо хоносон. Тэгээд шуурга гайгүй болмогц Мозамбекийн нийслэл Мапуто гэдэг хотоос цааш мөн л тасралтгүй найман цаг нисч байж зорьсон газраа очно. Тэр замд ямар ч эх газар, арал гэж байхгүй. ИЛ-18 онгоцоор ойролцоогоор найман мянга орчим км нисч хүрдэг. Зам зуур агаарын байдал муудлаа л гэвэл буцна. Гэвч замын талаас хэтэрсэн бол ямар ч сонголтгүй. Цаашаа цас шуурсан тивд онгоц буух ямар ч аргагүй. Буцаад Мозамбек рүү ниснэ гэвэл шатахуун хүрэхгүй. Нэг үгээр үхэл рүүгээ ниссэнээс өөрцгүй болж байгаа нь тэр. Онгоцны шатахууны сав мөнөөх Антарктид хүртэл л нисэх бензиний багтаамжтай. Тиймээс эрсдлийг бодолцож нисгэгч замын талд дөхөж ирмэгц асууна л даа. Буцах цэг гэж тогтсон цэг байдаг юм. Тэр цэгийнхээ өмнө ирээд “За замын талд ирж байна. Антарктидад байдал ямар байна вэ. Шууд нисэх үү, эсвэл Мапуто руу буцах уу” гэж. Хэрвээ Антрактидад буу гэвэл үргэлжлүүлж ниснэ. Тэр дөрвөн цаг нисэх хооронд цаг агаар гэнэт муудаж шуурга тавибал бид ямар ч аргаар бууж чадахгүй. Түрүүн хэлсэн, өмнөд туйлын шуурга гэдэг зүгээр нэг явган шуурга биш. Тив бүхэлдээ бужигнасан цагаан юм болно. Запас аэродром гэж байхгүй ганц онгоцны буудал нь цасанд хаагдвал...

-Буух боломжгүй, буцах сонголтгүй?
-Яг тийм, ямар ч сонголтгүй болж байгаа нь тэр. Тиймээс энэ бол маш их эрсдэлтэй нислэг. Тив хооронд нисч буй онгоцнуудад запас аэродром гэж байдаг л даа. Өөрөөр хэлбэл Солонгосоос Америк руу нисч байтал саатал гарвал Японд ч юм уу буух зөвшөөрөл хүсч шууд л газардах эрхтэй. Хаана ч байсан хамгийн ойр газар буух боломжтой. Гэтэл туйлын нислэгт ямар ч тийм юм байхгүй. Цэлийсэн хөх усан далай.

-Ер нь, энэ тивийг хэдэн онд хэн гээч хүн нээж байсан юм бол?
-Анх Антарктид тивийг нээхэд Англи, Норвегийн уулчид, судлаачид оролцож байсан юм. Амундсен, Скотт гэж. Тухайн үед эдгээр улсын уулчдын экспедиц өмнөд туйлын хамгийн өндөр цэг, торгон орой дээр очих гэж уулын хоёр талаас уралдаж гарахаар болсон гэдэг. 1912 онд хоёр экспедиц хоосон тивийн ноён оргил руу хоёр өөр замаар явсан байгаа юм. Амундсен гэж Норвегийн алдарт уулчин хүн экспедицийнхээ хамтаар уулын оргилд гарч Норвегийн тугийг хатгачихаад бууж л дээ.
Гэтэл Английн Скоттын баг араас нь очтол Норвегийн туг хатгаатай байж. Тэгээд л сэтгэлээр унаж. Нэгэнт гарсаных тугаа зэргэцүүлэн хатгачихаад буцаж явахдаа цасан шуурганд орж долоон хүнтэй экспедиц майхандаа хөлдөж үхсэн гэдэг. Угтаа уулчид уулын оргил өөд авирахдаа замдаа хэсэг яваад л нэг майхан байрлуулж хоол хүнсээ ч үлдээдэг юм. Өөрөөр хэлбэл буцах замаа тэмдэглэхийн хажуугаар нөөцөө үлдээж байгаа хэрэг. Скоттоор ахлуулсан Английн экспедиц уруудаж явахдаа шуурганд боогдож майхнаасаа ч гарч чадахгүй мишокондоо хэвтсээр осолдсон нь тэр байж л дээ. Шуурганы дараа эрлийн баг олоход авирахдаа тэмдэглэсэн нэг цэг буюу хоол хүнс гээд бусад зүйлстэй майхныхаа хажууханд байсан гэдэг. Дараа нь америкчууд дурсгалыг нь хүндэтгэн Антрактидийн орой буюу бүх уртрагийн огтлолцдог цэгт АмазиСкотт гэдэг судалгааны станц байгуулсан нь одоо хүртэл ажиллаж байгаа. Тэр станц, баазыг тойроод 50 гаруй улс орны судалгааны станц байдгаас хамгийн олон нь Орос, Америкийнх. 1984 оноос хойш манай урд хөрш ч ихээр хүч түрэн орж байгаа. Станцуудаа байгуулсан. Саяхан дахин нэг станц нээсэн нь хот шиг л асар том юм болчихоод байгаа. Япончууд хоёр станцтай, өмнөд солонгосууд ч очсон байна.

-Хятадууд 17 улсын гэрээнд оролцсон болов уу?
-Одоо тэр 17 улс нь 56 болчихсон байна. Манай улс ч тэр гэрээнд нэгдэхээр сая Засгийн газрын хурлаар орсон нь дэмжигдсэн. Одоо их хурлаар орж хэлэлцэх байх.

-Наанаа судалгаа шинжилгээний ажил гэгдэвч энэ олон улсын алсыг харсан, ашиг сонирхлын асуудал ч байдаг бололтой?
-Тэгэлгүй яахав, эрдэс баялгийн их нөөцтэйгөөс гадна цэвэр ус гэдэг ямар ч алт эрдэнэсээр орлуулшгүй их баялаг бий. Түүнээс гадна Антарктид олон тивүүдийн яг голд байдгийн хувьд газарзүй, геополитикийн хувьд хамгийн ашигтай бүс нутаг. Ази, Австрали, Америк гээд бүхий л тивд хамгийн ойр. Ер нь хоёр туйлын давуу тал нь энэ юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед томоохон улс, гүрнүүд хоёр туйлд цэргийн бааз байгуулж тэндээсээ аль ч тив, улс руу довтлоход ойрхон байсан. Энэ нь цэрэг арми, стратегийн хувьд асар том давуу тал юм.

-Монгол хүн цагаан тивд удаан хугацаагаар байхад дасан зохицох нь ямар байдаг бол?
-Монгол хүн хүйтэнд их тэсвэртэй, биед ямар нэг зовиур байхгүй. 1979 онд би Номхон далай, Энэтхэгийн далай, экваторын бүс нутгаар судалгаа хийж, гурван жил явж байлаа. Тэр үед их халуунд ажиллана гэдэг маш хэцүү байсан. Өдөр, шөнө ялгаагүй 30 гаруй хэмийн халуунд ажиллана гэдэг асар их тэвчээр шаарддаг.
Гэтэл манайд өдөр 25 хэмийн дулаантай байсан бол шөнөдөө дунджаар 10 градус буурч сэрүүн хонодог шүү дээ. Харин экваторын бүсэд тийм биш. Тиймдээ ч монгол хүний бие махбодийн онцлог хүйтэн сэрүүн нөхцөлд илүү дасамтгай ямар нэг байдлаар зовиурлах юмгүй байдаг.
Энэ завшааныг ашиглан, мэргэжил нэгт үе үеийн цаг уурчиддаа удахгүй болох Монгол Улсад ус, цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ж.ГЭРЭЛЧУЛУУН
0 Сэтгэгдэл
saihan medee bna hen hunii hiideg ajil bish shuu tand amjilt husie
тийм байна, өөрөө туйлд очсон юм шиг л боллоо. сайхан сонирхолтой яриа байна
Saihan sonirholtoi yariltslaga bna shuu
Хамгийн их уншсан