Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦДОГ БОЛНО
Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, сэтгэл сэрдхийлгэм хэргүүд нийгмийг цочроож байгааг хүн бүр хэлэх. Энэ асуудлыг нэг тийш шийдвэрлэж, гэр бүлийн гишүүн бүрийг хүчирхийллийн бай болгохгүй байхад төр хоёр жилийн өмнөөс анхаарал хандуулж эхэлсэн. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэх үүрэг авч хоёр жил шахам хугацаанд ажиллажээ. Ажлын хэсэгт багтсан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хуулийн талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Золзаяа хүчирхийллийн хэргийг нийгэмд хэрхэн мэдээлэх талаар сэтгүүлчдэд товч зөвлөмж өгсөн юм.

Шинэ хуулийн гол агуулга нь процессын шинжтэй болс­ноороо давуу талтай. Хуучин хуулийг бүхэлд нь тодорхойлсон, материаллаг шинжтэй, тодорхойгүй гэж үзвэл шинэчилсэн төсөл нь гэр бүлийн хүчирхийлэлд өрт­сөн хүн хэрхэн эрхээ хамгаалуулахыг тодорхой заажээ. Жишээлбэл, хаана хандах, ямар шат дарааллаар хуу­лийн хариуцлага хүлээл­гэх, ямар эрх эдлэхийг нарийв­чилснаараа ойлгомж­той болсон гэнэ. Бусдын биед гэмтэл учруулах, эд материал, сэтгэл санаа болон эрүүл мэндээр хохироох нь эрүүгийн хуулийн заалттай гэмт хэрэг. Гэсэн ч үүнийг байшингийн хана, гэрийн эсгий туурган дунд үйлдэхэд гэр бүлийн маргаан болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, одоо хэрэгжиж буй хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэх тодорхой ойлголт, заалт, зохицуулах механизм байх­гүй. Тийм ч учраас айлд дуудлагаар ирсэн цагдаа аргаа барахдаа захиргааны эсвэл олон нийтийн газар танхайрах үндэслэлээр буруутган өнгөрдөг аж. Олон улсын түвшинд эрх зүйн үндэслэлээр гэр бүлийн маргааныг шууд гэмт хэрэг гэж авч үздэг. Харин манай улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт юуг ойлгох, авч үзэх вэ гэдгийг тодорхойлоогүй нь асуудал даамжрах үндэслэл болж.

Гэр бүлийн хүчирхийлэл үндсэн дөрвөн хэлбэртэй байдаг. Сэтгэл санааны, дарам­тын, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл багтдаг аж. Эдийн засгийн хүчирхийлэл нь ахмад настнуудад элбэг тохиолддог байна. Тодруулбал, хүчээр тэтгэврийн зээл авахуулах, цалинг нь хүчээр авахыг хүчирхийлэлд тооцно. Бага насны охид төрсөн аав, хойд эцгийнхээ эсвэл хамаатны хүмүүсийн бэлгийн хүчирхийлэлд өртөх нь элбэг болсон. Нөгөө талаас хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах асуудал чухалд тооцогддог. Урьд нь, насанд хүрсэн хүмүүсийг л хохирогч гэж авч үздэг тул хүүхэд дунд нь орхигддог байсан аж. Харин одоо хүүхэд хүчирхийлэлд автаж байгааг харсан, сонссон, мэдсэн хэн ч хууль сахиулах байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй болж буй. Эргээд тэдний эрхийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд шийдвэрлэж эхэл­сэн. Тухайлбал, нийслэлд хам­гаалах байр ашиглалтад орсон бол Эрдэнэт, Дундговьд гэрч, хохирогчийг хамгаалах байр нээгдэхэд бэлэн бол­жээ. Түүнчлэн Завхан, Говь-Алтай аймагт бэлтгэл ажлыг хангаж буй гэнэ. Ийн­хүү хамгаалах байртай болсноор гэрч, хохирогчийн асууд­лыг шийдвэрлэх хүртэл хүчир­хийллээс тусгаар­лах, аюулгүй байлгах бололцоотой.

Дашрамд, олон улсын түвшинд гэр бүлийн хүчир­хийлэлд өртсөн хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “хохирогч” гэж ярих, мэдээлэх ёс­той гэнэ. Хэрэв тийм биш бол “даван туулагч” гэдэг байд­­­­­лаар ярихыг эрхэмлэдэг байна.
Хэлэлцүүлгийн үеэр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр бүлийн хүчирхийл­лийг эрх зүйн орчинд зохи­цуулах бололцоо бай­­даггүй гэдэг. Танай ажлын хэсэг үүнийг шийд­вэрлэх хуулийн төсөл боловсруулжээ гэж ойлгож болох уу?
-Уг нь, манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байдаг ч хэрэгжилт хангалтгүй, иргэдийг гэр бүлийн хүчир­хийллээс хамгаалж чадахгүй байгаа нь харагдсан. Тиймээс хуулийг шинэчлэх шаардлага гарч, хоёр жил шахам хугацаанд ажлын хэсэг энэ асуудлыг судаллаа. Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон.

-Хуулийн төсөлд ямар асуудлыг өөрчилж, шинэ­­ч­лэхээр тусгасан бэ. Тодор­­­­­­­­хой өөрчлөлтөөс дурдвал?
-Гол анхаарч байгаа зүйл нь асуудлыг цогцоор нь авч үздэг болъё гэсэн ойлголт. Яагаад гэвэл, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл тус тусдаа, салангид байдлаар шийдвэрлэх бололцоогүй. Дунд нь хэн нэгэн хүн хохирч үлддэг гэж үзсэн. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, эрхийн зөрчил, хохирол амсч байдаг. Тиймээс соёлын асуудал, нийгэмшил, халамж хайрын асуудлыг хүн гэдэг сэдвээр оруулж ирсэн. Өмнө нь, тухайн байгууллагын эрх, үүргүүдийг заагаад өгчихсөн, түүнийхээ хүрээнд л хууль амжилттай хэрэгжиж байгааг тайлагнадаг байсан юм. Чухам юу нь амжилттай яваа юм бэ гэхээр өчнөөн сургалт хийсэн, төчнөөн сурталчилгаа явуулсан гэдэг. Одоо үүнийг зогсооно. Шинэ хуулийн агуулгаар хуу­лийн хэрэгжилтийг дүгнэ­хийн тулд хэдэн хохирогч, хүчирхийллийн үйлдэл гарсан гэдэг утгаар шийдэх юм.

-Хуулийн хамрах хүрээ хэр өөрчлөгдсөн бол?
-Хамрах хүрээг нэлээд өргөтгөсөн шүү. Өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хамрах хүрээ бага байсан. Тэгвэл энэ хуулиар гэрлэсэн хосууд, гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдрагч иргэн, тавиул буюу түр амьдарч, асруулж байгаа хүүхэд баг­тана. Тэр бүү хэл гэрт нь ажил үүрэг гүйцэтгэдэг гэрийн үйлч­лэгч, туслах малчин зэрэг хүний эрхийг шинэ хуулиар хамгаална. Дундаасаа хүүхэдтэй эсвэл салсан ч харилцаатай байгаа ойр дотны хүмүүсийн харилцааг зохицуулах учиртай.

-Хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн эцэг, эх байх эрхийг хасах тухай яригддаг. Энэ асуудлыг хуульд хэрхэн тусгасан байдаг вэ?
-Хүний эцэг, эх байх эрхийг хасах нь аль ч хуульд байдаггүй. Шинэ хуулиар ч тусгаагүй. Яагаад гэхээр энэ нь иргэн хүний хувьд маш эмзэг асуудал л даа. Нөгөө талаас аав, ээж байх эрхийг төр олгоогүй учраас хурааж авна гэх нь үндэслэлгүй. Гэхдээ хүүхэд асран хамгаалагчаасаа хүчирхийлэл амссан бол хамгийн түрүүнд тэднийг тусгаарлах ёстой гэж олон улсад зарчим мөрддөг. Харамсалтай нь, манай улсад ийм зарчим хэрэгжүүлэх бололцоо хомс байна.

-Жилд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, түүнтэй холбогдох асуудал хэр олон гардаг бол?
-Тоо баримтын хувьд их хэцүү. Байгууллага хоорондын тоо баримт ялгаатай. Жишээ нь, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ирж байгаа тооноос цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн нь хоёр дахин бага. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмчид хандаад, эмнэлгээр явж байгаа хүний тоо цагдаагийнхаас хоёр дахин бага байх жишээтэй. Цааашилбал, энэ асуудлаар шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах хүсэлтээ гаргасан нь гурав дахин бага юм. Нөгөө талаас, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох зүйл нь их эмзэг харилцааны асуудал байдаг. Бас хөндлөнгийн гэрчгүй хэрэг байдаг уч­раас илэрсэн, нотолсон нь хангалт­тай биш. Гурван жилийн өмнөөс л манай цагдаагийн бай­гууллага гэр бүлийн хүчир­хийллийн талаар тоон мэдээ гаргаж эхэлсэн. Энэ хугацаанд л гэхэд 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэж байгаа. Гэвч энэ тоо нь хангалттай баримт биш.

-Яагаад?
-Яагаад гэвэл, эрх зүйн ойлголтод гэр бүлийн хүчир­хийлэл гэж юуг авч үзэх, ямар тохиолдлыг тооцох тусгайлсан зүйл, заалт байдаггүй. Ердөө механикаар л энд тэндээс бүрдүүлсэн тоог нийлүүлэхэд 49 болж байгаа. Тэгэхээр хууль хэрэгжээд, түүний шалгуур үзүүлэлтээр шүүгээд үзвэл энэ тоо хэд болж өсөхийг хэлэхэд хэ­цүү. Өнөөдөр байгаа тоо ба­римтад тулгуурлаж, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг дүгнэх болоцоогүй гэ­сэн үг. Тийм учраас иргэдэд хандахад хэрэв таны эр­гэн тойронд, хамаатан, найз нөхдийн хэн нэгэн гэр бүл­­дээ хүч хэрэглэж байгааг хар­вал тэр чинь гэр бүлийн хүчир­хийлэл нийгэмд ямар байгаагийн энгийн илрэл юм шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан