Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАЛЫН ШИНЖЭЭЧИД ЧАДВАРГҮЙГЭЭС ТҮЙМРИЙН ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ БАЙНА
Хаврын ид хуурайшилтай энэ үед ой хээрийн түймэр олон гарч, байгаль экологид үнэлж баршгүй хохирол учруулаад байна.  Энэ жил гарсан ой, хээрийн түймрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин, учирсан хохирлын хэмжээ ч хэд дахин өссөнийг албаныхан мэдээлж буй. Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймэрт нэг хүн амь насаа алдаж, хэд хэдэн хүн түлэгдэж, гэр байшин, мал шатаж үлэмж хэмжээний хохирол учирсан. Тиймээс түймэр тавьсан хэмээн сэжигтэнг цагдаагийнхан шалгаж байна гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. Түймрийн хэргийн илрүүлэлт хэр байгаа, эрсдэлийг хэрхэн бууруулж болох зэрэг ой хээрийн түймэр тойрсон асуудлаар зарим мэргэжилтнээс тодрууллаа.

Б.Машбат: Гал түймрийн хэргийн газрын үзлэг муу байна   

Гал түймрийн гэмт хэрэг илрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн дэд профессор, докторант, дэд хурандаа Б.Машбат судалжээ. Түүнтэй судалгааных нь талаар ярилцлаа.


-Ой хээрийн түймрийн олон­хи нь хүний санаатай болон са­намсаргүй үйлдлээс гардаг. Манай улсад түймрийн гэмт хэрэгтэнг илрүүлж чадаж байна уу?

-Дэлхийн бусад орны статистик мэдээлэлтэй харьцуулахад манай улсад гал түймрийн хэргийн илрүүлэлт маш муу. Илрүүлсэн ч олонхи нь хэрэгсэхгүй болгодог. Эцэст нь, экологи, төр, эх орон хохироод үлддэг. Тэгэхээр цаашид Цагдаа, Онцгой байдлын байгууллага уялдаатай ажилласнаар хэргийн газрын үзлэгийг шинжлэх ухааны үндэстэй, маш зөв зохион байгуулдаг болох ёстой.
-Түймрийн шалтгаан нөхцө­лийг цагдаагийнхан тогтоо­дог болсон. Гал түймрийн хэргийн газрын үзлэгийг ч цагдаагийнхан хийж байгаа гэсэн үг үү?
-Хэрэг бүртгэлд онцгой байдлын талаас шинжээчид оролцдог. Гэхдээ улсын хэмжээнд тоолбол таван хуруунд багтахаар цөөхөн л дөө. Тэд ээлжинд гарч байхдаа тухайн үед гарсан хэрэгт л шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж өгдөг. Бас нэг асуудал нь бид галын шинжээчээ мэргэшүүлж чадахгүй байна. Галын шинжээчид чадваргүй байгаа нь манай сургуультай холбоотой болж таардаг. Бид тусгайлан шинжээч бэлтгэж чадахгүй байгаагаас галын техник, галын эрх зүйч мэргэжлээр төгссөн хүмүүсээр энэ ажлыг хийлгэдэг юм. Гэтэл ОХУ-д галын академидаа шинжээч нарыг тусгайлан бэлтгэдэг байх жишээтэй. Ядаж, хөдөө орон нутагт нэг, нэг шинжээч байвал гал түймрийн хэргийн илрүүлэлт маш шуурхай болно.
-Одоо цөөн шинжээчтэй болохоор цаг алддаг  байх нь ээ?
-Тийм ээ. Хөдөө орон нутагт гал гарлаа гэхэд хотоос шинжээч очдог. Ингэхдээ цаг их алддаг. Өөрөөр хэлбэл, яг халуун мөрөн дээр нь шинжилгээ хийж чаддаггүй. Наад зах нь галын голомтоо зөв тогтоож чадахгүйд хүрдэг.
-Ой хээрийн түймрийн олонх нь эзэнгүй хэрэг болж таардаг байх. Түймрийн хэргээр ял шийтгүүлсэн хүн хэд байдаг вэ?
-Миний судалгааны хугацаанд буюу 2010 он хүртэл ганцхан хүн жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл 2013 онд 43 хүнийг шалгасан байна лээ. Илрүүлэлт нэмэгдсэн ч ял авсан хүн алга. Хариуцлагыг нь өндөрсгөвөл урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой. “Нөгөө Дондог үнсээ ил хаяад түймрийн хэргээр ял сонссон байна” гэхээр бусад нь тийм алдаа гаргахгүйг хичээнэ. Өөрөөр хэлбэл, ял шийтгэлгүй болохоор урьдчилан сэргийлэх ач холбогдол нь орхигдоод байна гэсэн үг.
-Санамсаргүй гал алдаж түймэр тавьснаас иргэн болон экологид их хэмжээний хохирол учирсан гэж бодъё. Тухайн иргэн хохирол барагдуулах мөнгөгүй бол яах вэ?
-Олонхи нь тийм. Хохирлын үнэлгээг тогтоодог. Гэхдээ тогтоолоо гээд төлбөрийн чадваргүй хүнийг яах ч билээ. Эцсийн эцэст, нөгөө хүн санаатайгаар гал тавиагүй, хүндрүүлэх заалт байхгүй гээд хэргийн бүрэлдэхүүн нь хөнгөрдөг. Ихэвчлэн мөрдөн байцаах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгоод өнгөрдөг. Түймрийн хохирлыг тогтоохдоо экологийн үнэлгээ буюу байгаль орчинд учирсан хохирлыг тооцдог. Мөн шууд хохирол буюу түймрээс үүдсэн эд материалын хохирол шууд бус хохиролд түймэр унтраахад улсаас гаргасан хөрөнгө гэхчлэн гурван төрлөөр гаргадаг юм.
-Гэхдээ одоо тогтоож байгаа үнэлгээ бага гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийлнэ.
-Ингэхэд гал түймрийн хэрэг бүртгэлийг цагдаагийн бай­гууллага хийх нь хэр зөв юм бэ?
-Онцгой байдлын байгууллага хэрэг бүртгэлийн ажил хийдэг байсан. Хэргийн газрын үзлэгийг цаг  хугацаа алдахгүй хийхээр илрүүлэлт нь төдий чинээ сайн байв. Гэтэл Цагдаагийн байгууллагад шилжүүлсэнээс хойш илрүүлэлт муудсан. Галын мэргэжлийн хүн л үнэлэлт дүгнэлт өгнө шүү дээ. Тэгэхээр Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн программд техникийн шинжилгээ гэсэн хичээл оруулж өгөх хэрэгтэй гэж боддог.   
-Шинжээчээ мэргэшүүлэх, чадваржуулах олон болгох боломж хэр байна вэ?
-Боломж байгаа. Мэргэжлийн шинжээчийн анги нээх хэрэгтэй. Шинжээч мэргэших нь маш ач холбогдолтой. Наад зах нь, гэмт хэрэгтэн хэргийн ул мөрөө баллахын тулд санаатай гал тавьсан байж болно. Үүнийг нь илрүүлдэг болохын тулд мэргэшүүлэх шаардлага байна.

Н.Эрдэнэсайхан: Монгол Улс түймрийн эрсдэлтэй бүсээ тогтоогоогүй

Байгаль орчин, гамшгийн менежментийн зөвлөх үйлчилгээний “Энвайрон” ХХК-ийн захирал, докторант Н.Эрдэнэсайхантай ярилцлаа.  Тэрээр Монгол орны ой хээрийн түймрийн эрсдэлтэй бүсийг тогтоожээ.

-Та түймрийн эрсдэлийг тооцох судалгаа хийж байгаа гэв үү. Ямар ач холбогдолтой юм бэ?
-Монгол Улсад ой хээр маш их шатсанаас байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, баялаг үгүйрч байна. Бид түймэр тэнд энд гарлаа гээд суух биш хамгийн эрсдэлтэй газрыг газарзүйн болон хиймэл дагуулын мэдээлэл ашиглан тооцож гаргах хэрэгтэй. Ингэснээр хуурайшил ихтэй үед төлөвлөлт хийх, хүн хүч, хэрэгслээ зөв хуваарилахаас гадна  эдийн засгийн ач холбогдолтой.
-Манай улсад түймрийн эрсдэлийг тогтоосон судалгаа байдаг уу?

-Эрсдэлийг тогтоож байгаагүй. Би хэдэн жилийн өмнөөс судалгаагаа эхлүүлсэн ч  амьдралд нэвтрээгүй л дээ. Зураг зүйгээ гаргачихсан. Энэ зургийг яаралтай ашиглан түймрийн улирлын үед хүч хэрэгслээ зөв хуваарилах, эргүүл хэрхэн явуулах талаар ажиллах хэрэгтэй юм. Эрсдэлийг тооцож, авах арга хэмжээг тодорхой болгосон. Одоо бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлмээр байна.
-Та түймрийн эрсдэлийг яаж тооцсон юм бэ?
-Олон арга байдаг. 1963 оноос эхлээд ой хээрийн түймрийг улсын хэмжээнд бүртгэсэн ч түймэр гарсан гэснээс өөр тодорхой мэдээлэл дутмаг. 14 жилийн өмнөх хиймэл дагуулын мэдээг давхцуулан дунд­жийг нь гаргана. Үүн дээрээ үндэслэн шатамхай материалын тархацыг тооцон байнга түймэр гардаг бүс нутгийн давтамжтай давхцуулахаар эрсдэлтэй бүс гарч ирдэг юм. Ер нь, хиймэл дагуулын мэдээллийг ашиглахгүй бол манайхан мөд эрсдэ­лийн зураг гаргаж чадахгүй л дээ.
-Түймрийн хамгийн эрсдэлтэй газрууд хаана байна вэ?   
-Ойн түймрийн хамгийн эрс­дэлтэй бүс Сэлэнгэ, Булган аймаг. Харин хээрийн түймрийн ангилалд Дорнод аймаг орно. Гэхдээ эрсдэлтэй ч галын эх үүсвэр байхгүй бол зүгээр. Галын эх үүсвэр гэдэг нь хүн. Хүн ихтэй байх нь эрсдэл нэмэгдүүлдэг юм.
-Та судалгаагаа албаныханд өгчихөж болохгүй юм уу?
-Хэлэлцүүлж байна.  Мэргэжлийн хүмүүс сайн, муу болсон эсэхийг нь ярилцаад арга зүйн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлээд дэмжинэ, дэмжихгүй гэдгээ хэлэх байх.
-Судалгаанаас тань үндэслээд нэг зүйл асуумаар байна. Ой хээрийн түймрийн үнэлгээ, хэрэгтэнг шийтгэх тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Маш эмзэг асуудал. Ой хээрийн түймрийн хохирлын үнэлгээний арга зүй гарсан ч, цаашид боловсронгуй болгох шаардлагатай юм шиг санагддаг. Хэдийгээр хариуцлага хүлээнэ гэж хуульд заасан ч хэрэгжүүлэх механизм байхгүй. Түймрийн хэргээр ял авдаг хүн маш ховор. Түүнчлэн шатсан газрын үнэлгээ хэтэрхий бага байна. Дээхэн үед нэг га газрыг 50 мөнгөөр үнэлдэг байсан. Гэтэл тэр газрын өвсийг хадаад хадлан болгоод зарвал хэдэн төгрөг болох вэ. Ой шатлаа гэхэд хөрс нь гүний ус татах чадваргүй болж, гол ширгэдэг. Энэ мэтээр бодоход үнэлж баршгүй их хохирол юм. Хариуцлагын механизмыг боловсронгуй болгохгүй л бол ой хээрийн бүс маань хуурайшаад цөл болж дуусах юм шиг байна.
Г.Болортунгалаг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан