Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Филипп Киркоров ба түүний хүүхдүүд

Филипп Бедрос Киркоров нь 1967 оны 4 сарын 30-нд Болгар улсын Варна хотод төрсөн. ОХУ-н алдарт дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин, продюсер гэх олон чимэг түүний нэрийг дагадаг. Эдгээрээс хамгийн том нь ОХУ-ын Ардын жүжигчин цол. Түүнд энэ цолыг одоогоос 16 жилийн өмнө буюу 2008 онд гардуулсан юм. Түүний эмээ Виктория цорын ганц хүүхэд төрүүлсэн нь нэрт дуучны эцэг Бедрос Киркоров аж.

Филипп багадаа маш бие султай хөвүүн байсан гэдэг. Тийм болохоор аав ээж нь түүнийг бусдад найдаж үлдээдэггүй. Үргэлж аялан тоглолтдоо авч явдаг байжээ. Анх удаа Филипп 1974 онд аавтайгаа хамтран “Хүү” гэдэг дууг дуулж тайзан дээр гарсан гэдэг. Энэ үед тэдний гэр бүл Москва хотод суурьшихаар Болгараас нүүж очжээ.

Багаасаа л хэтэрхий эрх дураараа өссөн Киркоров хүссэн бүхнээ авдаг байв. Зун болгон Болгар явж далайн эрэг дээр амарна. Өдөр бүр хичээлдээ хүргүүлнэ. Сургуулийнхаа хоолноос амсдаг ч үгүй, өдөр бүр тусгай хоол бэлдүүлэн авч явдаг байж. Түүний бага насны амьдрал Москвагийн тохилог дүүргүүдийн нэг болох Таганкад өнгөрсөн юм. Жаалхүү хэдий эрх дураараа өссөн ч хөгжмийн сургуульдаа төгөлдөр хуур болон гитарийн ангид зэрэг суралцдаг байлаа. Энэ үеийнхээ тухай дурсахдаа тэрээр “би нэг удаа ч болов гадаа гарч, бусад хөвгүүд шиг хөл бөмбөг тоглохыг маш их хүсдэг байлаа” гэж өгүүлсэн байдаг. Хүссэн бүхнээ авдаг, түүнийхээ төлөө тэмцэж сурсан Филипп анхны хайр нь болж ирсэн хөрш айлынхаа улбар шаргал үст Танькаг ч зүгээр л явуулсан гэдэг. Тэрээр Танькад хайртай болсон тухайгаа хамгийн анх итгэж өөрийн найздаа хэлсэн байна. Гэтэл тун удалгүй Киркоровын хайрыг булаасан охиныг нөгөө сайн найз нь дагуулан алхах болжээ. Энэ явдлаас болж тэр маш их шаналж байсан ба хүнд үеийг давахад нь Аллагийн дуунууд л хань болж байсан тухай одоо ч дуучин маань нуухгүй дурсдаг.

Филипп анх Кристина Орбакайтетай найз байжээ. Тэгээд нэг удаа гэрт нь хамт очсон байна. Киркоровт хүүхдүүдтэй хамт тоглох уйтгартай санагдсан тул өөрөөнүүдээр сонирхон явж байгаад ирээдүйн эхнэр болох Аллаг телевизор үзээд сууж байхад нь олж харсан гэдэг. Телевизор биш Аллагаас харцаа салгаж чадахгүй байхыг нь анзаарсан дуучин бүсгүй “ явж хүүхдүүд дээр очиж тогло” гэжээ. Өрөөнөөс нь ингэж хөөгдөөд гарсан ч би буцаад өөрийн мэдэлгүй ороод хараад л суугаад байсан гэж анхны уулзалтынхаа тухай дурсжээ. Алла Киркоров хоёрын тавиланг Ванга хүртэл зөгнөсөн байдаг . Филиппийг хүндээр өвдөхөд Ванга “Хүү тань гурав хоногийн дараа анх харсан бүсгүйтэйгээ гэрлэх юм байна” гэж хэлсэн гэдэг. Удаан өвдсөн хүү нэг өглөө нүдээ нээн, хөл дээрээ босох үед аав нь “Золотой орфей” үзэж байсан гэнэ. Яг тэр мөчид тайзнаа Алла Пугачёваг зарласан гэдэг юм.

Алла Пугачеватай тэр 11настай байхдаа танилцсан ба тухайн үед түүний аав Аллатай нэгэн тоглолтонд хамтран ажиллаж байсан байна. Харин түүнээс хойш Филиппын эмээ,Аллагийн ээж хоёр нэг эмнэлэгт хэвтэж байсан ба тэр үед эмээ нь алдарт дуучинд өөрийн ач хүүг харж хандаж байгаарай хэмээн захиж байсан байх юм. Энэ үед Филипп ирээдүйн эхнэрийнхээ гарын үсгийг анх авсан түүхтэй.
Сургуулиа алтан медалтай төгссөн тэрээр ГИТИС-д (Росси́йский университет театра́льного иску́сства-ГИТИС (сокращённо РУТИ-ГИТИС) Оросын театр урлагийн их сургууль) хоолойны чадвар хүрэхгүй, 1-2 жил хүлээгээд дахин ирээрэй гээд буцаагдсан байна. Гэвч Киркоров хүлээхээр шийдсэнгүй, Гнесин нэрэмжит хөгжмийн коллежид “шидтэн” хэмээгддэг Маргарита Иосифовна Ландагийн ангид элсэн орсон байна. Хожим нь нэгэн нэвтрүүлэгт оролцож байх үедээ Маргарита Иосифовна: ”Киркоров маш хэцүү, хүнд характертай хүүхэд байсан. Нотоо хаядаг, уурлаад ангийн хаалгыг саваад л гараад явдаг байсан ч бусад үед тэр маш толгой дээгүүр явдаг байсан. Би байнга бусдад нь хандан “Зам тавь, Ирээдүйн од явж байна” гэж хэлдэг байсан. Хэдийгээр хэцүү хүүхэд байсан ч тэр надад маш их таалагддаг байлаа. Аав нь хүртэл нэг удаа ирээд би толгойгоороо андгайлья тэр хэзээ ч дуучин болохгүй гэж хэлсэн. Түүний анхны тоглолтын дараа харин тэр “Би танд зориулж алтан хөшөө босгомоор байна” гэж хэлсэн хэмээн хайртай шавийнхаа талаар дурссан байна. Хоёрдугаар курсээсээ маш амжилттай олонд танигдаж эхэлсэн тэрээр 1988 оны 12 сарын 1-нээс Алла Пугачёватай хамтарч ажиллаж эхэлсэн байна. Аллаг даган маш олон хүмүүстэй танилцаж, мэргэжлийн карьераа өсгөхийн хажуугаар 1990 оны алтан хит дуунууд дээрээ ажиллаж эхэлсэн. Аллагийн “Дууны театр”-тай хамт тэрээр Австрал, Сингапур, баруун Берлин, дундад ази гээд олон орноор хамт аялан тоглолт хийж явсан юм. Энэ үед Филиппыг бүгд “Аллагийн эрх амьтан”, “Аллагийн хайр” хэмээн цоллодог байв. Филипп 1989 онд “Дууны театр”-аас гарсан ба шалтгаанаа “Алла бол өөрийн сая сая шүтэн бишрэгчидтэй гайхалтай дуучин. Ард түмэн Аллаг дагадаг. Харин би “Аллагийн эрх муужгай ”-гаар олонд танигдах биш Киркоров гэдэг хүн юу хийж, хаана хүрч чадах вэ гэдгийг харуулахыг хүссэн. Тэгээд л тэндээс гарсан” гэж тайлбарласан. 1990 онд тэрээр Санкт-Петербургт бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба энэ онд анхны бие даасан “Мелодия” цомгоо гаргасан юм. Энэ үеэс түүний карьер тасралтгүй өссөн ба сайны хажуугаар саар гэгчээр дуучны маань муухай ааш маш их асуудал дэгдээж байв. Түүний армян хольцтойгоос ч болоод тэр үү, хүмүүс түүнийг Чөтгөрийн Филипп гэж хүртэл чичилдэг болоод байлаа. Филипп нэг удаа “Первый канал” телевизийн найруулагч Марина Яблочковад гар хүрсэн тухай бөөн шуугиан цацагдсан. Тэрээр Кремлийн ордонд тоглолтын бэлтгэл хийж байхдаа М.Яблочковад гар хүрч, бүр өшиглөсөн гэж байгаа. Үүнийхээ дараахан тэр уучлал гуйж “Миний сэтгэл санаа хааяа тогтворгүй болчихдог. Тэр үедээ хийсэн бүхнээ дараа нь ерөөсөө санадаггүй. Гэхдээ ямар ч тохиолдолд би гар хүрэх ёсгүй байсан. Өөрийгөө уучилж чадахгүй нь” гэж ярьсан. Бас нэгэн сэтгүүлч бүсгүйг хэвлэлийн бага хурлын үеэр олны өмнө муухай үгээр харааж шуугиан тариад зогсохгүй эцэст нь шүүх Киркоровыг буруутай гэдгийг нь нотлон 60 мянган рублийн торгууль ногдуулснаар энэ хэрэг дууссан. Нэгэн шууд нэвтрүүлгийн үеэр Филипп уурлан телевизорийг гараараа цохин эвдлээд, цонхоор гаргаж шидсэн. Бас хөгжмийн зохиолчид болон мэргэжил нэгтнүүдтэйгээ багагүй муудалцдаг байлаа. Энэ талаар Филипп “намайг алчуур шиг эсвэл бэлгэвч шиг өнөөдөр ашиглаад маргааш хаядаг хүмүүст би маш их дургүй. Би олон нийтэд ашиглагдахаар бүтээгдсэн зүйл биш” хэмээн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байв.

Хувийн амьдралынхаа тухай сэтгүүлчдээс тэр маш их нууцалж байсан ба ”Би төгс эмэгтэйгээ олоогүй л байна. Миний хувьд ээжээс минь өөр төгс эмэгтэй хүн одоохондоо алга” хэмээн олны амыг таглаж байжээ. Гэвч энэ үед түүнийг Азиза, Маша Распутин зэрэг олон дуучидтай холбон бичиж байв.

1993 онд Аллаг нөхрөөсөө албан ёсоор салсны дараа Киркоров түүн рүү өдөр бүр сарнай явуулж эхэлсэн гэдэг. Өдөр бүр тэр цэцгийнхээ тоог нэмж байсан ба 12 сарын 13-нд хамгийн анхны 113 сарнайгаа явуулсан байна. Яг сарын дараа тэрээр алтан сүйх тэрэгтэй Алла дээр очжээ. Тэр хоёр маш даруухан сүй тавих ёслолоо хийсэн ба зочдын тоонд бидний сайн мэдэх хөгжмийн зохиолч Игорь Крутой, Юдашкин, Буйнов нар ирсэн байна. Дараа нь дөрөвдүгээр сард нь хосууд нэг гэрт орсон байна.

1994 оны 4 сарын 30-нд буюу Филиппын төрсөн өдрөөр түүний ээж Виктория Киркоров удаан хэвтэрт байсаар нас баржээ. Ээжийгээ Болгарт оршуулсны дараа Киркоров шууд Израиль руу аялан тоглолт хийхээр шийджээ. Христийн хамгийн ариун газар гэг-дэх Иерусалимд Алла Киркоров хоёр гэнэт хуримаа хийв. Аллагийн хувьд энэ нь түүний дөрөв дэх хурим байсан ба хосууд маань “гэр бүлийн өдөр” 5-р сарын 15-нд батлуулсан юм. Гэрлэсний дараах эхний нэг жил санаанд оромгүй явдал болсон байна. Хосуудын багагүй мөнгөө оруулсан “Властилин” хэмээх алдарт фирм дампуурсанаар эдийн засгийн асуудал нь хүндрэв. Тэд өрөө төлө-хийн тулд Линкольноо хүртэл зарахад хүрсэн гэдэг. Ийм хүнд үед Филипп яаж мөнгөө гамнаж, өөрт нь үнэтэй бэлэг өгсөөр байдаг байсанд Алла маш их гайхдаг байснаа хожим дурссан. Харамсалтай нь 2005 онд алдарт хосууд албан ёсоор салж байгаагаа мэдэгдсэн юм. Салах шалтгаан нь Киркоровын санхүүгийн асуудал байсан хэмээн ойр дотных нь хүмүүс баталдаг. Алла Киркоровын маш олон дуу, клип, тоглолтыг санхүүжүүлж байжээ. Одууд маань салалтынхаа шалтгааныг албан ёсоор тайлбарласан мэдэгдэл хий-гээгүй ба одоо ч гэсэн тэд бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг юм. Үүний нэг том жишээ бол саяхан болж өнгөрсөн Аллагийн төрсөн өдрөөр Филипп ирж ая дуугаа өргөсөн явдал. Салалтынхаа дараахан Филипп нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа ” Би дахиж хэзээ ч гэрлэхгүй. Би түүний үнэнч боол нь байсан, тиймээрээ ч үлдэнэ. Салалт бол бидний л хэрэг шүү дээ. Энд тийм ёр бусын гаж юм байхгүй, энэ бол зөвхөн хуулийн дагуу л хийж байгаа зүйл. Би түүний хувийн амьдралд ч сайн сайхныг хүсэх шаардлага байхгүй. Би сар луу нисэх гээгүй шүү дээ. Юу ч болсон би үргэлж л түүнтэй хамт байх болно” хэмээн мэдэгдсэн юм.

2011 оны 11 сарын 26-нд Филипп охинтой болсон ба Алла-Виктория хэмээн нэрлэжээ. Виктория хэмээн ээжийнхээ нэр болон экс эхнэр Аллагийн нэрээр нэрлэсэн нь тэр. Мөн тэрээр 2012 оны 6 сарын 29-нд Мартин хэмээх хүүтэй болсон юм. Тээгч эхийн тусламжтайгаар өдгөө 47 настай дуучин маань хоёр хүүхдийн аав болоод байна. Харин хэн гээч, ямар тээгч эх гэдэг талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр хүүхдийн тээгч эх шаргал үстэй, цэнхэр нүдтэй америк бүсгүй байдаг ба Филиппын эртний найз нь гэх. Харин түүний хүүхдүүд хоёулаа хар үс, бор нүдтэй. Одоогоор хүүхдүүд АНУ-д Маямид байгаа ба хүүхдүүдийг Филиппын авга эгч Мари харж хандаж байгаагаас гадна Филипп байнга хүүхдүүд дээрээ очдог ажээ. Түүний эцэг болохыг хамгийн анх Ираны алдарт зөн билэгтэн Мохсен Норузи хэлсэн гэдэг. Энэ үед дуучин маш их гайхаж байсан бөгөөд алдарт зөнч түүний талаар “Филипп Киркоров бол маш их эрчим хүчтэй хүн. Тэр бүх үед өөрийнхөө хувь заяаны эзэн байсаар ирсэн” гэж ярьсан байдаг.

Салалт бол маш хүнд хэцүү зүйл. Энэ явдал Филиппын хувьд асар хүнд цохилт болсныг түүний фенүүд ярьцгаадаг. Сэтгэл санааны гүн хямралд орсон Филипп энэ салалтын дараа Израилийн Тель-Авив хот дахь сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэр үедээ сэтгүүлчийн өмнө хамгийн хүнд байдалд орсон, хамгийн их шаналж гутарсан Филипп суусан ч байж мэдэх юм. Ингээд түүнийг салсан эхнэрийнхээ тухай юу ярьж байсныг эргэн саная.

“Би саяхан нэг сониноос Аллагийн Галкинтай танилцаад есөн жил болсон гэж хэлсэн үгийг нь уншлаа. Би их гайхсан. Тэгэхээр бид хоёр салаагүй байсан сүүлийн дөрвөн жилийн туршид би гэдэг хүн дэргэд нь ер байгаагүй юм байна гэдгийг ойлгосон. Надад үнэхээр шок болсон. Яагаад гэвэл, Алла өмнөх харьцаагаа дуусгалгүй дараагийн харьцаагаа хэзээ ч эхлүүлдэггүй гэж хэлдэг байсан. Гэтэл эхлүүлчихсэн байж. Яах вэ, надаас болоод ийм зүйл хийлээ гэж дүгнэж байна. Намайг бодож өөрийнхөө баримталдаг зарчмаа ч дагасангүй. Тэртээ тэргүй хэцүүхэн байсан миний мэдрэлийг оролдоод яах вэ гэж өрөвдсөн байх. Тийм ч учраас би хэзээ ч Аллаг буруутгадаггүй, цаашид ч буруутгахгүй. Алла бол надад хайртай байсан эмэгтэй. Би л түүний итгэлийг даасангүй. Хүнтэй сууж аз жаргалтай байхыг хүссэн биз. Тэр аз жаргалыг нь би амлаж байсан ч, өгч чадаагүй. Харин одоо тэр их аз жаргалтай харагддаг. Би өмнөөс нь баяртай байгаа. Гэхдээ би түүнийг зүрх, сэтгэлээсээ явуулахыг хүсэхгүйд л хамаг учир байх шиг байна. Бид хоёрын дунд яг ямар харьцаа байсан, Алла миний амьдралд хэн байсан гэдгийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ бид хоёр хамт амьдарсан нь үнэн үү гэвэл тийм. Миний амьдралд байсан цорын ганц үнэн зүйл маань энэ юм. Бид хоёрын гэрлэлт бүтэлтэй байсан уу, үгүй юу, ер нь би түүний хувьд дүү нь байсан уу, хүү нь байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй. Энэ хайр байсан уу гэдгийг ч бас хэлж мэдэхгүй ч энэ мэдрэмж надтай үргэлж хамт байх болно. Магадгүй энэ мэдрэмжийнхээ ачаар ч би өнөөдрийн хүнд нөхцөлийг даван туулж чадаж байна гэж боддог. Энэ л мэдрэмж тулгараад буй айхтар асуудлуудаас ямар нэгэн байдлаар гаргана гэж найдаж байгаа”.
Тэр энэ ярилцлагынхаа үеэр байн байн уйлж байсан бөгөөд, түүний амьдралдаа өгсөн хамгийн илэн далангүй ярилцлага болж үлдсэн юм.

Энэ яг ямар харилцаа, ямар түүх болохыг тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Гагцхүү тэд яаж өнөөдрийг хүртэл халуун дотно харилцаагаа хадгалж, бие биенээ хүндэтгэх сэтгэлээ авч үлдсэн нь л хүмүүсийн дунд таавар болон үлджээ.

0 Сэтгэгдэл
"Ард түмэн", "үхээрэй" ч гэх шиг, мал вэ чи. Юунд нь тэгж их эмзэглээд байна аа? Тоо бодоод үзээч. Шоудсан 50 мянгаас чинь 500 төгрөг, хоол идсэн 5000-аас чинь 50 төгрөг нь нийслэлийн татварт, УБ-ын хөгжилд зарцуулагдана. Ажлаа хийсэн шиг хийж чадаж байгаа удирдлага энэ зэргийн татвараар улам ч их ажлыг амжуулна гэж "ард түмэн" нь биш гэхэд би лав итгэж байна! Худлаа хэрүүл өдсөн юм бичихээ боль!
Хамгийн их уншсан