Л.НОМИН
УИХ-ын баасан гарагийн чуулганаар УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарын асуулгыг хэлэлцлээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Уг тогтоолд Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай тусгажээ.
Д.Эрдэнэбат сайд танилцуулгадаа “УИХ-ын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас зэсийн баяжмал хайлах, цэвэршүүлэх анхны үйлдвэр байгуулах ажилд онцгой ач холбогдол өгч, уг ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал сүүлийн 30 гаруй жил яригдаж, энэ чиглэлээр олон төрлийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ хийж, УИХ, Засгийн газрын шийдвэр гарч байсан. Гэвч орчин үед хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд эрдэс түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, техник, технологийн лиценз, өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн хүний нөөц, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай тул зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг төрийн тууштай дэмжлэгтэйгээр зохион байгуулах нь зүйтэй.
Засгийн газар тодорхой хэмжээний хувь буюу 34 хүртэл хувийг энэ төсөлд эзэмшсэнээр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрт хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, өрсөлдөөн бий болох бөгөөд улмаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах, хүхрийн давхар ислээс хүхрийн хүчил гарган авах төслийг хэрэгжүүлэх, хүхрийн хүчлийн дотоодын хэрэглээг дэмжих замаар химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай. УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэхээр заасан. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлээс хамаарал багатай, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, төслийн санхүүжилтэд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа” гэлээ. Ингээд асуулгын үеэр УИХ-ын гишүүдэд Аж үйлдвэрийн сайд ийм хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Монгол Улс хэзээ нефть нэрэх үйлдвэртэй болох вэ. Хэдэн компанид зөвшөөрөл өгсөн бэ. Хүчин чадал, хөрөнгө санхүү нь ямар байгаа бол. Энэ асуудлыг шийдэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгараад байна. Алийн болгон бид Монгол Улсынхаа баялгийг гадагш нь зөөгөөд гадаадаас бадар барьж явах юм бэ. Газрын тостой орон шүү дээ, Монгол. Машинаар зөөж байна гэх юм. Одоо хоолойгоор, дараа нь төмөр замаар газрын тосоо зөөх юм байна. Дотооддоо боловсруулах үйлдвэр бариад өөрсдөө боловсруулдаг болмоор байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар тогтоол гаргаж хоёр газар байршилтай нефть боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг баримталж дотоодын түүхий эдэд тулгуурлаж, барих стратегийн үйлдвэр гэдэг чиглэлийг өгсөн. Зүүн бүсэд 300 мянган тонн хүртэл хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрийг концессын гэрээгээ байгуулаад ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ондоо багтааж ямар технологи сонгох шийдлээ гаргаад ирэх хавраас эхлүүлнэ гэж төлөвлөсөн. Говийн бүсэд бол нефть боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г гаргаад үндсэндээ төлөвлөлт дуусч байгаа. Таван компани оролцсоноос Унгарын “Евро ойл” гэдэг компани шалгараад манай яаманд урьдчилсан ТЭЗҮ-ээ хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Энэ урьдчилсан ТЭЗҮ-ийн мөнгийг сая УИХ-аар 2016 оны төсөв хэлэлцэх үеэрээ хассан. Засгийн газраар хэрхэн шийдэхээ ярилцаад явах байх. ТЭЗҮ болон хөрөнгө оруулагчдыг хамтад нь шийдээд явах бодлоготой байгаа. Урьд нь нефть боловсруулах үйлдвэрийн 15 компанийн төсөл явж байсан ч нэгийг нь хийгээгүй байсан. Төрийн бодлоготой уялдахгүй бол хэрэгжихгүй төсөл гэж бид үзсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Боловсруулах үйлдвэртэй болохгүй бол Монгол Улс хөгжихгүй нь тодорхой боллоо. Эгийн голын усаа цахилгаан станцад хятадуудаас 800 сая ам.долларын зээл авахаар болчихлоо. Энэ мөнгөний талыг нь зэс хайлуулах үйлдвэрт оруулах боломж байсан уу. Зэсийн баяжуулах үйлдвэрийн хөрөнгө санхүүг яаж тусгасан юм бэ.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Зэс баяжуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийн асуудлаар үндсэн ТЭЗҮ-ээ хийж дуусгаад хөрөнгө оруулагчдад хандана. Төрийн оролцоо байх уу, үгүй юу гэдгээ бид шийдэх ёстой. Тэгэхдээ төр, хувийн хэвшлийн оролцоо хувь хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Төрийн оролцоо байна гэж үзвэл бусад зээлээс хөрөнгө босгох нөхцөл бололцоо үүснэ гэж харж байгаа. Эгийн голын УЦС-ын оронд зэс баяжуулах үйлдвэрийг оруулъя гэдэг үндсэн нөхцөл бүрдээгүй учир тавиагүй. Угаасаа Хятадын зээл цахилгаан, эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулах ёстой нөхцөлтэй. Оюутолгой бол зэс хайлуулах үйлдвэр барих үүрэг гэрээгээр аваагүй гэж ойлгож байгаа. Харин Монголд зэс хайлуулах үйлдвэр байгуулахад зөвлөмж зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэж гэрээнд туссан.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Үйлдвэр түүхий эдийнхээ дэргэд байвал сайн. Гэтэл яагаад заавал Бор-Өндөр рүү чирээд байгаа нь сонин байна. Сайд солигдох тоолонд зэс хайлуулах үйлдвэрийн байршил өөрчлөгддөг нь хардалтыг нэмэгдүүлж байгаа юм. Ашигт малтмал олборлох Монголд ашиггүй байгаа учир зогсоох шаардлагатай. 34 хувиа зээлнэ, төр яаж оролцох вэ гэж яриад байх юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Монголд зэсийн үйлдвэр барих нь ашигтайг хэлье. Зээл авах асуудал яригдаж эхлээгүй байхад битгий урьдчилж бухимдаач ээ. Зэсээ цэвэршүүлэх нь Монгол Улсын амин чухал асуудал гэдэгтэй та бид хоёр санал нэг байгаа бол хэн хэнийгээ хоосон хардалгүй урагшаа явмаар байна. Энэ төсөл хэрэгжих юм бол есөн жилд багтаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх нөхцөл ТЭЗҮ-д бий. Оюутолгой, Эрдэнэтээс дагалдан гарч байгаа бусад ашигт малтмалаа авч үлдэх нь Монголын эрх ашиг. Бид энэ төслийг зогсоож болно. Тэгвэл та “Энэ төслийг зогсоо. Бүгдээрээ малаа маллаж амьдаръя” гэж уриалчих юм бол УИХ шийдвэр гаргаад дэмжвэл би тэгж явахад бэлэн. Тиймээс хардах хэрэггүй.
Үндэсний хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хувьд аж үйлдвэрийн төсөл, түүнийг дэмжих болон дагалдах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах замаар төсөлд оролцох боломжтой аж. Үйлдвэрээс гарах катодын зэсийг гүн боловсруулж цахилгаан техник, цахим техникийн эд анги болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх боломж мөн нээлттэйг хэллээ. Цаашид зэсийн гүн боловсруулалт хийж, катодын зэс, цэвэр алт, цэвэр мөнгө зэрэг тээвэрлэлтийн зардал харьцангуй бага эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох боломж нээгдэнэ гэж үзжээ.