Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкинд тушаасан 12,8 тонн алтны 49 хувийг “нинжа” нар олборложээ

“Монголын ажилгүй иргэдийн 14 хувь бичил уурхай эрхэлж байна. Дийлэнх нь 25-34 насныхан” хэмээн Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү илтгэлээ эхлэв.

 Гэхдээ бичил уурхай эрхлэгчдийн тоог албаныхан харилцан адилгүй хэлж байсан. Б.Батхүү даргын хувьд  20 орчим мянган хүн бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж буйгаас 8000 гаруй нь албажсан буюу Монгол Улсын хууль дүрмийн дагуу татвар төлдөг юм байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар бичил уурхай эрхлэгчид Монгол банкинд тушаасан нийт алтны 49 хувийг олборлосон байна. 12,8 тонн алт эхний 10 сарын байдлаар уул уурхай эрхлэгчид Монголбанкинд тушаасан гэдэг мэдээ байгаа учраас бичил уурхай эрхлэгчид зургаан тонн алт олборложээ. Хуулийн дагуу болон хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулна гэхээр зөвхөн алт олборлож байгаа нөхөд биш. Уул уурхайн яамнаас бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн 78,2 хувь нь алт, 10,2 хувь нь нүүрс, 7,6 хувь нь жонш, 2,3 хувь нь вольфром, нэг хувь нь хагас үнэт чулуу олборлодог гэсэн судалгаа гаргасан байгаа юм.

Бичил уурхай эрхлэгчид орлого нь тодорхой  бус татварын тухай хуулийн дагуу сар бүр 53 мянган төгрөг төлдөг. Тэд татварын хэмжээ өндөр учраас албажиж, нийгмийн хамгааллаа хангуулснаас хууль бусаар үйл ажиллагаа явуулахыг илүүд үзсэн хэвээр байгаа аж. Тиймээс Уул уурхайн яаманд Бичил уурхай эрхлэгчдийн Нэгдсэн дээвэр холбооны зүгээс татварын асуудлыг ахин харж, бууруулж өгөх хүсэлт удаа дараа тавиад байгаа гэнэ.

Хэрвээ эдгээр хүнийг албажуулчихвал нийгмийн хамгааллыг сайжруулах, хүний эрхийг нь хангах, наад зах нь уул уурхайн үйл ажиллагаа, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хууль ёсны болох боломжтой. Гэхдээ 8000 гаруй хүн албан ёсоор татвараа төлөх блсон нь Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүн гэж болох нь. Энэ төслийн дөрөвдүгээр шат энэ жилээс эхлэн хэрэгжиж байгаа учраас тус агентлагийн зүгээс “Бичил уурхайг албажуулах замаар бичил уурайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт үндэсний чуулган өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр албаны хүмүүсээс авсан ярианаас хүргэе.

ПЕЙШИНС СИНГО: АНХ ТЭДНИЙГ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ
ТАЛААР МЭДДЭГ ЭСЭХЭД Ч ЭРГЭЛЗЭЖ БАЙЛАА

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн захирал Пейшинс Синготой төслийн үр бүтээлийн талаар ярилцлаа.

-Төсөл анхны тавьж байсан зорилгынхоо хэдэн хувийг өнөөдөр биелүүлсэн бэ. Хамгийн чухал ямар өөрчлөлт бичил уурхай эрхлэгчдэд төслийн хугацаанд гараад байна гэж үзэж байна?
-Би 2008 оноос энэ төсөл дээр ажиллаж байна. Анх бичил уурхай гэдэг зүйл хууль ёсны бус үйл ажиллагаа байсан. Ямар ч хууль, дүрэм, журам байгаагүй. Олон нийтийн хандлага ч сөрөг. Мөн бичил уурхайчид өөрсдөө ямар ч зохион байгуулалтгүй байсан. Нэгдсэн зохион байгуулалтад орж чадаагүй, энэ тухай магадгүй бодоо ч үгүй байлаа. Уул уурхайн компаниудтайгаа зөрчилтэй. Засгийн газар үүнийг албажуулах, энэ салбар руу орж ажиллах сонирхол багатай байсан. Өөрөөр хэлбэл,  хууль ёсны биш байсан учраас тэр. Өнөөдөр бол энэ байдал өөрчлөгджээ. Бичил уурхайн салбарыг зохицуулах журам хууль эрхзүйн байдал нь бүрдчихсэн байна. Дээрээс нь Засгийн газар ч энэ салбарт хандах хандлага нь өөрчлөгдсөн. Тэднийг албажуулах, энэ салбарын асуудлыг шийдвэрлэх тал дээр маш хариуцлагатай ханддаг болсон байна. Өөрийн хийх ёстой ажил үүргийг маш сайн ойлгосон байгаа юм. Засгийн газар өмнө нь энэ асуудалд төсөл хөтөлбөрийг аль болох чиглүүлдэг байсан бол өнөөдөр өөрөө манлайлаад ажиллах хүсэл сонирхолтой болсон нь мэдрэгддэг. Мөн бичил уурхайчид маань өөрсдөө ч зохион байгуулалтад орж хамтран ажиллах сонирхолтой болжээ. Нэгдсэн дээвэр нэртэй төрийн бус байгууллага нь  үндэсний хэмжээнд бүх л бичил уурхайчидтайгаа холбогдож ажилладаг болсон. Бичил уурхай эрхлэгчид маань олборлосон газрынхаа нөхөн сэргээлт дээр ажиллаж байна. Дундаа өөрийн гэсэн сан байгуулж, тэр сангаасаа тодорхой хэмжээний санхүүжилт аваад нөхөн сэргээлт хийдэг болсон байна. Үүнээс гадна хэсэг бичил уурхайчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олборлолтын стандартыг хангаж ажилладаг болсон нь үнэхээр том ололт амжилт байлаа. Хамгийн том өөрчлөлт бол бичил уурхайчин гэдэг хүн маань Монгол Улсын иргэний эдлэх ёстой эрхийг эдэлж чаддаггүй байлаа. Тэднийг энгийн хүнтэй ижил төвшинд хардаггүй, авч үздэггүй, нийгмийн үйлчилгээ үзүүлдэггүй байв. Харин өнөөдөр тэд эрхээ эдэлж, ямар эрх эдлэх ёстойгоо мэддэг болсон. Энэ бол миний харсан хамгийн том өөрчлөлт.

-Төслийн үндсэн өртөг. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд Монголын бичил уурхай эрхлэгчдийг албажуулахад Швейцарийн хөгжлийн агентлагаас хэдий хэмжээний хөрөнгө зарцуулав. Гол цөм нь яг ямар асуудлыг нь шийдэхэд зарцуулагдсан бэ?
-Энэ төсөл маань нэг үе шат нь дөрвөн жилийн хугацаатай, нийт 6 сая орчим ам.доллараар хэрэгжиж байгаа юм. 2015 оноос эхлээд дөрөв дэх үе шат дээрээ явж байна.  Төслийн гол зорилго бол хүний эрхийг хангах. Өөрөөр хэлбэл, төсөл бүхэлдээ хүний эрхэд суурилсан хандлага гэсэн гол чиг барьж ажиллаж байгаа юм. Бичил уурхайг албажуулах, хууль эрхзүйн орчинг хангах, тэднийг чадавхижуулах гээд бүх үйл ажиллагаанд хүний эрхийн асуудал хөндөгддөг. Ашигт малтмал гэдэг хэзээ ч дуусашгүй зүйл биш. Тухайн хүний олборлолт явуулдаг газрын нөөц дууссаны дараа тэд хаачих вэ гэдэг асуудалд маш их анхаарал хандуулсан. Ялангуяа Бичил уурхай  эрхлэгчдийн эдийн засгийг чадавхижуулах гэдэгт  өндөр ач холбогдол өгч байгаа юм. Мөн энэ төслөөр олж авсан ололт амжилтаа уурхайчид маань бусадтайгаа хуваалцах, өөр орнуудтай туршлага солилцох гэдэг чухал асуудал бий. Төсөл дууссаны дараа энэ салбарт хийж байгаа ажил маань Монгол Улсын Засгийн газарт мөн бичил уурхайчдад өвлөгдөж үлдээсэй гэж хүсдэг. Засгийн газар өөрөө манлайлаад цааш хэрэгжүүлээд яваасай.

-Хүний эрх гэдэг утгаараа бичил уурхай эрхлэгчид маань албажин нэгдэх хүсэл нь төдийлэн сайн биш байгаа гэж сонслоо. Та бүхний зүгээс энэ төслөө амжилттай хэрэгжиж байна гэж үзэж байна уу?
-Хэдийгээр бид бичил уурхайчдыг албажуулах ажил амжилттай байна гэж үзэж бай­­гаа ч цаашдаа хийх ажил маш их байна. Жи­шээлбэл, алтны борлуулалтын сүлжээ маань 100 хувь албажаагүй. Бичил уурхайчид маань өөрсдөө сайн чадавхижаад  төслийн дэмжлэггүй болсон ч Засгийн газартайгаа шууд харилцах төвшинд чадавхжаасай. Мөн хууль ёсны биш бичил уурхайчид маань албажуулах үйл ажилллагаанд аль болох нэгдээсэй гэж хүсдэг.

-Та төслийн анхлагчийн хувьд бичил уурхай эрхлэгчдийн байдалтай нэг бус удаа газар дээр нь очиж танилцсан байх. Анх очоод хувь хүний зүгээс эдгээр хүний ямар байдлыг нь хамгийн түрүүнд өөрчлөх юмсан гэж бодов?
-Анх очиход тэдний байдал үнэхээр ойртож очиход ч аймшигтай харагдаж байсан. Ямар ч зохион байгуулалт байхгүй. Тэнд аюулгүй ажиллагааны талаар яриад ч нэмэргүй юм. Учир нь энэ талаар  мэддэг хүн байгаа эсэхэд ч эргэлзэж байлаа. Үнэндээ хүн бүр энд тэндгүй дураараа нүх ухчихсан, зэрлэгдүү амьдрал л харагдсан. Харин өнөөдөр биднийг очиход   өөдөөс сайн байна уу гээд сайхан мэндчилдэг болжээ. Тухайн үед нөхөн сэргээлт гэж зүйл огт байсангүй. Онгорхой нүхнүүд л байлаа. Харин өнөөдөр бид энэ хэсэг дээр нөхөн сэргээлт хийж, энийг нь бөглөөд байна. Энд одоо ажиллаж байна гэж танилцуулдаг. Бүх зүйл төгс төгөлдөр сайхан болсон гэж мэдээж хэлэхгүй. Гэхдээ хандлага бол үргэлж өсч байна. Хүмүүс сэтгэхүй хөгжиж, боловсорч байна гэж харж байна.


Б.НАРАНЦОГТ: ХУУЛЬ БУСААР БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ДИЙЛЭНХ НЬ ДАРХАНЫХАН

 Бичил уурхай эрхлэгчдийн “Нэгдсэн дээвэр” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Наранцогтоос тэдний нийгмийн байдлын талаар тодрууллаа.

-Өнөөдөр бичил уурхай эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэдэн газар байдаг юм бэ?
-Улсын хэмжээнд 470 газарт  дүгнэлт гаргах хүсэлт өгснөөс Ашигт малтмалын газраас  90 газарт дүгнэлт гаргасан. Ер нь өгсөн хүсэлтийн 20 хувийг л  шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Дээрээс нь бичил уурхай эрхлэгчдийн өөрсдийнх нь мэдлэг, орон нутгийн мэдлийн газар гэдгээс нь шалтгаалж зөвшөөрөл  гардаггүй. Гэхдээ  дүгнэлт гарсан 90 газраас яг бичил уурхайгаар ашиглаж болох нь ахиад багасна.  Тэгэхээр манайхны олборлолт явуулж байгаа газрын хэмжээ их бага. Энэ нь Засгийн газрын нөөцийн талбай, сонгон шалгаруулалтын нөөцийн талбай зэргээс шалтгаалж, бичил уурхайн зориулалтаар ашиглахыг хаасан заалт байдаг юм. Энэ нь зохион байгуулалттайгаар бичил уурхайгаар ажиллая гэсэн хүмүүст хаалттай мөртлөө хууль бусаар тэнд ажиллагаа явуулж байгаад нээлттэй байдаг.
Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэхийн тулд Уул уурхайн яамтай ярьж л байна. Манай холбоо олон хүний эрх ашгийн төлөө бүхий л төрийн байгууллагатай хичээж ажиллаж байна. Ашигт малтмалын газраас дүгнэлт гарсан 90 газарт 4300 гаруй хүн ажиллаж байна гэсэн тоо бий. Энэ бол АМГ-аас гаргасан судалгааны тоо. Манай нийт гишүүд маань 5800 хүн бий. Тэднээс албажсан газар ажиллаж байгаа нь маш бага.

-Одоогоор “нинжа” гэх тодотголтой хүмүүс яг хэд байгаа юм бэ. Албаны зүгээс өгч байгаа тоонууд их зөрүүтэй байна?
-Уул уурхайн яамнаас гаргасан судалгаагаар нийт ажилгүй иргэдийн 14 хувь нь бичил уурхай эрхэлж байна гэсэн тоо бий. Гэхдээ  эцсийн байдлаар гарсан дүн алга.  Монгол Улсын хэмжээнд бичил уурхайн олборлолт явуулж байгаа иргэд маань нэлээн хаагдмал байна. Учир нь, зохион байгуулалтад орсноос ороогүй нь дээр гэх хандлага бий. Албажуулахаар эрүүл мэнд, нийгмийн даатгалаас гадна татвар хураамж төлж эхэлнэ. Дээрээс нь олон нийтийн ажилд оролцоно. Хэрвээ зохион байгуулалтанд орохгүй бол илүү их орлого олж байна гэж  тэд боддог. Тиймээс бид орон нутгийн төр  захиргааны байгууллага болоод Засгийн газрын харьяа байгууллагуудтайгаа хамтарч ажилласны хүчинд нэлээн дэвшил гарсан. Орон нутгийнхантай хамтраад бид тэдний хүрч ажиллаж чадахгүй байгаа газар нутгийг хамгаалж чадна. Урт нэртэй хуулиас болоод техниктэй нинжа нар гараад ирлээ гэж ярих ч хүмүүс байна. Бичил уурхай эрхэлж байгаа  орон нутгийн иргэд маань энэ асуудалд хяналт тавибал арай илүү үр дүнд хүрнэ.  Одоогоор бидний тооцоолсноор  хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа 60-аад мянган иргэнийхээ дөнгөж 10 хувийг бид зохион байгуулалтад оруулсан. Үлдсэн 90 хувь нь орон нутгийн иргэд гэхээс илүү Эрдэнэт, Дархан, Улаанбаатарынхан байна.

-Бидний мэддэг “нинжа” нар өнөөдөр нийгмийн байдлын хувьд хэр ахиж байгаа вэ. Монгол банкинд тушаасан нийт алтны 49 хувь нь тэдэнд ногдож байна гэхээр амьдралын төвшин харьцангуй дээшилж чадаж байна уу?
-Хариуцлагатай бичил уурхай эрхлэгчдийн хувьд нийгмийн байдал, гэр орон, хамтын ажиллагаа арай дээд төвшинд хүрчихсэн. Нэг суманд нэг баг, нэг хамт олон бий болчихсон байдаг юм. Нэг жижиг компаниас илүү бие биедээ анхаарал тавьж, тусалж дэмждэг. Харин хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд тухайн хүмүүс орон нутагтаа ажиллаж амьдардаггүй учраас нийгмийн байдал хэцүү. Бидний хувьд хэрхэн эгнээндээ татаж, албажуулахаа ч мэдэхгүй байна. Би түрүүн хэлсэн. Дандаа Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын суурьшмал биш нүүдлийн хүмүүс гэж. Би бүүр Дархан аймгийн удирдлагуудтай “Хүнээ аваач ээ. Хаа газар Дарханы хүмүүс байна.  Ядаж хүмүүсээ хаана явж байгааг мэдэж бүртгээч ээ” гэж хүссэн. Гэтэл  “манайд бичил уурхай эрхлэгч байхгүй ээ” гээд сууж байдаг.

-Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс бичил уурхай эрхлэгчид маань боловсрох шаардлагатай байна гэж байсан?
-Боловсролын хувьд манай хариуцлагатай бичил уурхайнхан маань маш сайн байгаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс багагүй хөрөнгө зарцуулж, бичил урхай эрхлэгчдийг боловсролтой болоход их анхаарч байсан. Бид үнэндээ компанийн захирлуудаас ч илүү хууль эрхзүйн мэдлэгтэй байгаа юм.
-Бичил уурхай эрхлэгчдийн орлого бол тодорхой бус. Миний хувьд 17 жил бичил уурхай эрхлэгчдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж байна. Үнэндээ УИХ-ын гишүүд маань камерын өмнө “Та нар 10 сая төгрөгийн орлого олдог дэлгүүрээс орлого нь тодорхойгүй гэж мөнгө авдаг ч ногоон түмпэн барьсан хүмүүсээс сард 53 мянган төгрөг авна гэж юу яриад байгаа юм бэ” хэмээн ярьсан нь биднийг баярлуулсан. Гэтэл яг кноп дарахдаа “авна” гэчихсэн. Тиймээс би бичил уурхай эрхлэгчдэдээ “та бүхэн Их хурлын гишүүдтэйгээ уулзахдаа хэлээрэй. Кноп хэрхэн дарж байгааг чинь бид харж байгаа шүү гэж” захидаг юм.

-Нэгдсэн дээвэр төрийн бус байгууллагад хэчнээн нөхөрлөл хамрагддаг юм бэ?
-Манайд 12 аймгийн 27 сумын 49 төрийн бус байгууллага хамрагддаг. Орон нутгийн нөхөрлөлүүд маань нийлээд төрийн бус байгууллага байгуулаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж байна. Төрийн бус байгууллагууд нэгдээд бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоог байгуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан