Б.БИЛГҮҮН
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Гэхдээ энэ ойг тохиолдуулан 16 жилийн турш ярьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсныг түхлүү ярьцгааж байгаа билээ. Харин аль ч парламентын үед хамгийн халуунаар яригдаж байсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ удаагийн парламент л гараа илүү гүн шургуулж чадсан юм. Хэдийгээр өөрчлөлт хийх үү, эсвэл найман жил дахин энэ сэдвийг хөндөхгүй байх уу гэдгийг ард түмэн шийдэх ч Ардчилсан үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш 24, дордохын долоо гэж яригддаг нэмэлт өөрчлөлтөөс хойш 16 жил өнгөрсөн тул нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд ч бишгүй өөрчлөлт гарсан гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх болжээ. Өөрөөр хэлбэл, улстөрчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж улайрах бус энэ нь нийгэм, цаг үеийн байдалтай түлхүү холбогдох болсон гэх тайлбар сүүлийн үед ихэсч байна. Төрийн ордноос улбаатай ганцхан жишээ дурдахад л Засгийн газрын тогтворгүй байдал нь Үндсэн хуульд тусгасан парламент Засгийн газар хоёрын уялдаа, эрх мэдлийн тэнцвэрт байдалтай холбоотой гэгдэж байгаа юм. Гэхдээ улс орны өмнө тулгамдсан, болж бүтэхгүй байгаа зүйл бүр Үндсэн хуулийн буруу биш гэдгийг улс төрийн намууд хэлж, өнөөг хүртэл чиглүүлж ирсэн Үндсэн хуульд маш болгоомжтой гар хүрэх хэрэгтэйд санал нэгдэж байгаа билээ.
Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол юу байв
Манай улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан байдаг. Эдгээр нь бүгд өөр, өөрийн шалтгаан үр дагавартай байсан. Жишээ нь, 1940 оны Үндсэн хууль эерэг, сөрөг хоёр дагавартай байв. Эерэг тал нь ард иргэдийнхээ амьдралд хэрэгтэй хуулийг гаргаж ажилчин анги нийгэмд давамгайлах болсон бол МАХН дангаараа төр барьж нам нь эх орныхоо бодлогыг явуулах болсон сөрөг тал байсан гэдэг. Харин 1992 оны хууль нь Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн гэдгийг бүрнээ илтгэсэн байдаг. Тухайлбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан нийт 76 хоног хуралдаж 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүнзгий тусгасан хууль болсон юм.
Мөн Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн хэлбэр нь Парламентын Бүгд Найрамдах улс, төрийн байгууламжийн тухайд нэгдмэл улс юм гэж заасан байдаг. Энэ үндсэн хуулиар төрийн бэлгэдэл сүлд, туг, далбааг шинэчлэн өөрчилсөн юм. Мөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Шүүх хэнээс ч хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулж, Анх удаа Үндсэн хуулийн цэц байгуулагдан ажилласан билээ. Товчхондоо, Ардчилсан Үндсэн хууль нь манай улсад Ардчилал хөгжсөн 25 жилийн хугацаанд чиг баримжаа нь байсаар ирсэн юм.
Үндсэн хуулийг шинэчлэх шаадлага бий юу
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнгөрсөн онд Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэдийн нэрэмжит шагналыг хүртсэн байдаг. Тухайн үед Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу гэх улс төрийн намуудын талцал ид явагдаж байсан юм. МАН-ын урдирдлагууд цаг хугацаа нь биш гэж үзсэн ч тус намын гишүүдээс ганцхан Д.Лүндээжанцан л практик болоод онолын талаас нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа гэж үзэж байсан юм. Түүний адилаар эрх баригч болоод бусад нам, эвслүүд ч өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг юм. Тухайлбал, тэрээр Үндсэн хуулийн зохицуулалт хоцорсноос, тогтолцооны гажигаас шалтгаалан Үндсэн хууль руу бүх бурууг чихэж болохгүй. Гэхдээ УИХ, төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд институцийн төрийн тогтолцоонд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, хариуцлага, маш тодорхой байхаас төрийн тогтолцоо ч, улс орны хөгжил дэвшил ч шууд хамааралтайг умартаж болохгүй цаг үетэй тулж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тооны дээд хязгаарыг 12-оос хэтрэхгүй байхаар тогтоож, тэдгээрийн дийлэнх буюу 8-9 яамыг нэр заан Үндсэн хуульд суулгаж өгөөд Ерөнхий сайдад зөвхөн 3-4 Засгийн газрын гишүүн тодорхой асуудал эрхэлсэн сайдыг тухайн цаг үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас үндэслэн Үндсэн хуульд заасан хязгаарт багтаан оруулж ирэх эрхийг өгөх нь зүйтэй талаар саналаа хэлсэн байгаа юм.
Харин өнөөдрийн байдлаар, Үндсэн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаан удаагийн ээлжит сонгууль тус тус явагдаж, Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Мөн Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн үйл явцад төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангахтай холбогдсон зарим нэг асуудал, сорилтыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байгаа гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна, манай улсын Үндсэн хуулийн зохицуулалтыг парламентын засагтай 50 орны Үндсэн хуультай харьцуулсан судалгаанаас үзэхэд Болгар, Финланд, Серби, Чрна Гора зэрэг цөөхөн улстай адил төсөөтэй боловч Ерөнхийлөгчийг сонгох, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газраа байгуулж байгаа арга нь ихэнх улсаас өөр байгаа аж.
Үүнтэй холбоотой түүх сөхвөл, 1992 онд УИХ Ерөнхий сайдыг томилох үед Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгч, эсхүл УИХ-д олонхи суудал авсан нам хоёрын аль нь эхлэн гаргаж зөвшилцөх асуудлаар Ерөнхийлөгч П.Очирбат болон МАХН-ын Бага хурлын хооронд маргаан гарч байжээ. Түүнчлэн Ерөнхий сайдад АН-аас нэр дэвшүүлсэн Д.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байснаас үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай таван сар ажиллаж УИХ-д олонхи болсон нам Ерөнхий сайдаа томилуулж чадахгүйд хүрч байлаа. Энэ асуудлыг 2000 онд оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч УИХ-д оруулан томилуулж байхаар шийдвэрлэсэн юм. Гэвч, 1992 оноос өнөөдрийг хүртэл 13 Ерөнхий сайд, гурван үүрэг гүйцэтгэгч томилогдон ажиллаж ирсэн бөгөөд нэг Засгийн газар дунджаар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаа юм. Энэ нь УИХ-д олонхи бүрдсэн байгааг үл харгалзан УИХ-ын зарим гишүүд нэгдэн Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргах боломжтой байгаа нь парламентат ёсны үндсэн мөн чанарт харшилж, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг тасалдуулж байгаа гэж үздэг юм.
Энэ нь УИХ-ын тодорхой тооны гишүүн санаачлан Засгийн газар болон түүний гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх тухай Үндсэн хуулийн зохицуулалт нь УИХ дахь олонхийг бүрдүүлэгч нам, эвслийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулж, Засгийн газрыг ойр ойрхон өөрчлөх, түүний тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж байгаа гэх шүүмжлэл дагуулж байгаа юм.
УИХ Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хүн бүрээр хэлэлцэн санал хурааж шийдвэрлэж байгаа, тодорхой тооны гишүүд хүссэн цагтаа ердийн олонхиор Засгийн газрын гишүүнийг огцруулах боломжтой байгаа нь сайдыг парламентаас хэтэрхий хараат байдалд оруулж, Ерөнхий сайд багаа өөрийн үзэмжээр бүрдүүлж түүнийхээ төлөө хариуцлага хүлээх боломжгүй болгосон.
Харин Үндсэн хуульд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагласан зохицуулалтыг тусгасан боловч УИХ дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэхээр заасан нь парламент гүйцэтгэх эрх мэдлийн зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцож, Засгийн газрын үүрэг, хариуцлагыг сулруулах хандлага бий болсон гэж үздэг байна. Мөн УИХ-ын эрх хэт өргөн байгаа бөгөөд дэлхийн улсуудын парламентын эрх мэдлийн харьцуулсан индексээр Монгол Улс Итали, Герман улстай зэрэгцэн хамгийн дээгүүр байрт оржээ. УИХ-ын нийт гишүүний 2/3-ын саналаар УИХ өөрөө тарахаас өөрөөр тараах боломжгүй, мөн өргөн хүрээний томилгоо хийх эрх мэдэлтэй болохыг судлаачид дүгнэжээ. Үүнээс гадна, УИХ-ын гишүүд 2004 оноос эхлэн тойрогтоо оруулах хөрөнгө оруулалтын хувиарлалт 10 сая төгрөг, 2006 онд 100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая, 2009-2012 оны хооронд 1 тэрбум төгрөг болон өсч байгаа нь эрх мэдэл хоорондын тэнцлийг алдагдуулж байгаа гэж судлаачид үздэг байна.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийг судалсан эрдэмтэн, судлаачид Монгол Улс нь Ерөнхийлөгч бүхий парламентын засагтай улс гэж дүгнэдэг. Үндсэн хуульд Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байхаар заасан. Герман зэрэг бусад улсад ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн Ерөнхийлөгчдөө хуульд хориг тавих, элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, төрийн одон, медаль цолоор шагнах, иргэний харьяалал, орогнолын асуудал шийдэх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, онц болон дайны байдал зарлах, уучлал үзүүлэх зэрэг нийтлэг эрх олгосон байдаг юм байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчид дээрх бүрэн эрхээс гадна Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналыг зөвшилцөх, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч гүйцэтгүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн шинжтэй онцлог бүрэн эрхийг олгосон байна. Нэг танхим бүхий парламенттай, Ерөнхийлөгчөө ард нийтээрээ сонгодог Болгар, Финланд, Турк, Серби, Сингапур, Словак зэрэг 11 орны Үндсэн хуулийн харьцуулсан судалгаанаас үзэхэд бүгд Ерөнхийлөгчдөө хууль санаачлах эрх олгоогүй, Ерөнхийлөгч нь Засгийн газартаа чиглэл өгөх эрх эдэлдэггүй аж.
Мөн Үндсэн хуульд заасан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуульд заасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл учруулж байгаа гэж үзэж байгаа юм. Жишээ нь, 1994 онд Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилж, засаг захиргааны үндсэн нэгж нь Дархан, Орхон, Шарын гол, Хонгор гэсэн дөрвөн сумтай, Эрдэнэт хотыг Орхон аймаг болгон өөрчилж, Жаргалант, Баян-Өндөр гэсэн сумтай байхаар тогтоожээ. Эдгээрээс Дархан, Баян-Өндөр сумын нутаг дээр Дархан, Эрдэнэт хот давхцан байрладаг болсон.
Олон мянган хүн амтай эдгээр хотын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлт, хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ зэрэг олон чиг үүргийг аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шууд шийдвэрлэж байгаа нь хотын захирагчийн эрх хэмжээ аймгийн Засаг даргын бүрэн эрхээр хязгаарлагдаж, үүрэг хариуцлагыг нь бүрхэгдүүлж ирсэн гэх шүүмжлэл дагуулж байгаа юм. Тиймээс Дархан, Эрдэнэт хотын засаг захиргааны нэгжийн статусыг сэргээж аймгийн хэмжээнд адилхан авч үзэх, гэхдээ хот байгуулалт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний талаар хэрэгжүүлэх онцлог чиг үүрэг, бүрэн эрх, үүрэг хариуцлагыг нь хуулиар тусгайлан зохицуулсан тусгай статус бүхий засаг захиргааны нэгж болгох шаардлагатай гэх судалгааг гаргасан юм.