Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын шинэ ерөнхийлөгч хэн бэ, ОХУ, АНУ-ын ирээдүйн харилцаа

Сүүлийн нэг биш зууны туршид дэлхийн тэргүүлэгч орон болохын хувьд АНУ-ын тэргүүн хэн байх бол, Орос Америкийн харилцаа ямар байх бол гэсэн асуулт зөвхөн энэ хоёр орны иргэдийн төдийгүй дэлхий дахины асуулт байсаар ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар АНУ дэлхийн том гүрэн байх байр сууриа алдаж зүүн Европт коммунист дэглэм тогтсоноор хоёр том гүрний харилцаа эрс муудаж, энэ нь ч бараг хагас зуун жил үргэлжилсэн хүйтэн дайны эхлэл болсон.

Зөвлөлтийн нөлөөлөл өргөжих явцыг Вашингтон хянах гэж олон жилийн турш оролдсоор, энэ нь дэлхий дахины түүхэнд “Хүйтэн дайн” гэсэн аймшигт нэрээр үлдэж хоцорсон юм. Энэ үе олон улсын зэвсэгт мөргөлдөөн,зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнөөр өрнөж  дэлхий дахины улс төр, үзэл суртал, үндэстэн хоорондын хямралаар илэрч байлаа.

Америкийн улс төрийн алсын хараатай бодлогын үрээр Зөвлөлт холбоот улс задарсан гэж болно. Яахав олон талаас нь харж янз бүрээр дүгнэж болох ч үнэн хэрэгтээ  ийм.
Шинэ дэлхий үнэмлэхүй тогтворжсоныг өнөөдөр бид харж, гэрч нь болж байгаа ч гэсэн ирээдүйгээ төсөөлөх хэрэгтэй болж байна. АНУ, Оросын харилцаа өнөөдөр бас тийм ч их таатай биш байгаа.

Кремль, Цагаан ордны эсрэг тэсрэг байдлын өнөөгийн шалтгааныг шинжээчид янз бүрээр тайлбарладаг. Үүнд Москва нь Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжээд байгаа учраас гэдэг. Мөн Украины хямрал, Сири дэх дайн, америкчууд зүүн Европт агаараас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах гэж байгаагаас гэж үздэг.

Энэ бүхэн өнөөдөр америк, оросын улстөрчид, хэвлэлүүд нэг нэгнээ буруутгах шалтаг, шалтгаан болж байгаа хэрэг. Олон хэвлэл энэ бүхэнд АНУ-ын ерөнхийлөгчийг сул дорой гэж буруутгах нь бий. The Washington Post сонин Барак Обамаг хулчгар, түүний улстөрийн бодлогыг хэтэрхий зөөлөн гэж бичдэг.
Харин одоо барууны энэ том гүрэн төрийнхөө тэргүүнийг сонгох босгон дээр шинжээчид юу олж харж байна вэ. Нэр дэвшигчдийг нь яаж харж, юу хүлээж байна вэ.

Цагаан ордын тэргүүнд нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж байгаа, өмнө нь энэ орны гадаад бодлогыг тэргүүлж байсан  “эмэгтэй танк” гэдэг Хилари Клинтоны тухайд шинжээчид Кремль, Цагаан ордон хоёрын харилцааг шүүмжлэгч гэж үзэж байна.
Крымыг Орост нэгтгэсний дараагаар энэ хатагтай ОХУ-ын ерөнхийлөгчийн нэр дээр хатуу шүүмжлэл хэлж байсныг Владимир Путин өнөө ч мартаагүй болохоор хүлээж авахыг нэг их хүсэхгүй байгаа юм. Тэр бүү хэл Клинтон хатагтай Путиныг Гитлертэй зүйрлэж байсан удаа бий.

АНУ-ын төрийн тэргүүний суудалд өрсөлдөх хүмүүсийн дунд Бүгд найрамдах намаас тэрбумтан  Дональд Трамп байгаа. Тэрээр хэлсэн үгнүүддээ нэг биш удаа Москватай харилцаагаа зөөлрүүлэх тухай дурдаад, ОХУ-ын ерөнхийлөгчтэй итгэлцэл, хүндэтгэлтэй харилцахаа мэдэгдээд байна. Оросын хэвлэлүүдийг харахад Трампад илүүтэй нааштай хандаж байгаа нь ажиглагдаж байна. Хэвлэлнь төрөөс, үнэндээ Путинээс хараат энэ орны хувьд энэ нь төрийн  бодлого нь шоучин тэрбумтныг АНУ-ын тэргүүн болоосой гэж хүлээж байгааг харуулж байж болох юм.

Гэхдээ Трампын  энэ үг биелэх эсэх нь тодорхойгүй. Зүгээр л түүний их тоглоомын нэг хэсэг, шоу  байхыг үгүйсгэхгүй. Түүнийг өөрийн нэр хүндээ, улс төрийн нөлөөллөө өсгөхийн төлөө юуг ч амладаг, өдөөн хатгагч гэж нэг биш удаа дурдаж байсан удаатай.

Энэ бүхнээс харахад АНУ-ын ерөнхийлөгчийн суудалд санаархаж нэр дэвшихээр өрсөлдөж байгаа хүмүүсийн олонхи нь яг хуучных шигээ Орос бол түрэмгийлэгч гэсэн хуучны ойлголттой байх шиг.

Америкийн  ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед АНУ европт нөлөөлөө өргөжүүлэх гэж НАТО-той нягт харилцан, хамтраад  цэргийн сургуулилт хийж, энэ нь ОХУ-ын хилийн ойролцоо  болж байгаад оросууд дургүйцээд байгаа юм.
Яахав Барак Обамаг албан тушаалаа өгсөний дараа Орос, Америкийн харилцаа сайжирч мэдэх. Америкийн дараагийн ерөнхийлөгч  өнгөрсөн арван жилийн байдлыг сайжруулах бодлого барьж болно.

Хамгийн гол нь өөр өөр үзэл бодол байж болох ч олон улстөрч, үүн дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн үзэж байгаагаар Орос, Америк хоёр л хамтын хүчээр дэлхий дахинд аюулгүй байдлыг сахиулж чадах юм шүү дээ. Ингэж байж л “хүйтэн дайн”, “дэлхийн гуравдугаар дайн”-аас сэргийлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан