Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бонд гаргах үгүйдээ биш, бондоор татсан хөрөнгөө зарцуулахад л асуудал нь оршдог

Б.БАДРАЛ

Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор гадаад өрийн асуудал янз бүрийн шоуны гол сэдвийн нэг болж хувираад байгаа. Сонгуулийн өдөр ойртох тусам энэ талаар цэцэрхэгчдийн тоо нэмэгдэх нь ойлгомжтой. Үнэн хэрэг дээрээ төсвийн алдагдлыг нөхөх, улс орны эдийн засагт чухал үр нөлөөтэй том төслүүдийг санхүүжүүлэх, өмнө нь гаргасан бондын хүү, үндсэн зээлийг эргэн төлөх гэх мэт зорилгоор төр болоод хувийн том компаниуд бонд гаргах, шууд зээл авах зэргээр өр тавих нь ямар ч улсад байдаг хэвийн асуудал. Ингээд ч зогсохгүй даяарчлагдсан орчин цагийн тогтолцоонд аж үйлдвэрлэл, уул уурхай гэх мэт асар их хөрөнгө оруулалт шаардсан салбаруудаа хөгжүүлэхдээ бонд гаргах замаар гаднаас хөрөнгө татахаас өөр аргагүй байдгийг заавал дурдах хэрэгтэй. Энд гайхах зүйл ер байхгүй төдийгүй ингэж гаднаас хөрөнгө татаагүй бол харин ч гайхах ёстой гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

Даяарчлагдсан орчин үе гэлтгүй зуу гаруй жилийн тэртээ ч байдал яг ийм байсан. Орост  өнгөрсөн зууны эхний хагаст байгуулагдсан олон мянган км үргэлжилсэн урт төмөр зам тавих хэд хэдэн төслийг тухайн үеийн хаант Оросын Засгийн газар нь Францад бонд байршуулан олж авсан мөнгөөр босгосон байх жишээтэй.
Өдгөө дэлхийн №1 улс болсон АНУ нь цагтаа далайн чанадаас буюу Европ, түүний дотор Английн банк, санхүүгийн бүтцүүдээс их хэмжээний зээл авч эдийн засгаа хөл дээр нь босгосон байдаг.

Тэгэхээр бонд гаргасан байна гэж шүүмжлэх нь зөөлөн хэлэхэд популист шоу төдий. Харин хэдий хэмжээний хүүтэй бонд гаргасан, түүнийг төлөхөд ДНБ-ий хэдэн хувийг зарцуулж байна вэ, хамгийн анх зарласан нөхцөлийн дагуу эргүүлэн төлж чадах уу гэдэг нь л ул суурьтай авч үзэж, хэлэлцэх ёстой сэдэв.
Бонд гаргах замаар том төслүүдэд өөрсдөө хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх нь нэг өөр. Харин газар нутгийн нэг хэсгээ байгалийн баялагтай нь түрээслэнэ гэдэг бүр тэс өөр асуудал гэдгийг энд заавал онцлох хэрэгтэй.

Манай улсын хувьд бонд гаргах, зээл авахын өмнө ашигт малтмалуудын дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт ба бууралт гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр зээл төлөгдөх хугацаанд улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх талаар ямар ул суурьтай судалгаа явуулж, ямар урьдчилсан тооцоо хийсэн бэ гэсэн үг.
Энэ тал дээр ташаа тооцоо хийсний улмаас зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал үүсэх нь бий. 1998 онд ОХУ-д болсон дефолт буюу төлбөрийн чадваргүйгээ зарласан явдал, Аргентинд болсон дефолт нь зээл авах, бонд гаргах ба бондын хүү, эргэн төлөлттэй холбоотой нөхцөлүүдийг эдийн засгийн хөгжлийн явцтай бодитоор уялдуулаагүйгээс үүдэлтэй гэж болно. Бонд гаргаж олж авсан мөнгөө зөвхөн төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулаад байвал эргэн төлөлттэй холбоотой том асуудалд унахаас өөр аргагүй. Харин төсвийн алдагдлыг нөхөх гэдэгт бус эргээд улс орондоо гадаад валютыг их хэмжээгээр татаж чадах дунд ба урт хугацааны төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бол хүү ба үндсэн зээлийн эргэн төлөлттэй холбоотой ямар нэг асуудал гарахгүй.

Иймд улс орнууд бондын хүү, үндсэн хөрөнгийн эргэн төлөлт зэргийг баталж, нэр хүндээ авч үлдэх, хөрөнгө оруулагчдын урьдын адил татсан хэвээр байхын тулд ахиж бонд гаргаж, түүгээрээ хүүгээ төлдөг нь хэвийн үзэгдэл. 2000 онд төлбөрийн чадваргүй болсон Аргентин гэхэд л бондыг нь худалдан авсан компаниудтай өрийн бүтцэд өөрчлөлт хийх гэрээ байгуулсны дараа өмнөх бонд, түүний хүүг төлөх зорилгоор шинэ бонд гаргасан нь үүний нэг жишээ.
Тэгэхээр манай улсад удахгүй болох сонгуулиар аль нам, эвсэл ялсан байсан ч бондын хүү төлөх, ашигт малтмалын үнийн уналтаас үүдэлтэй төсвийн алдагдлыг нөхөх, ирээдүйд чухал ач холбогдолтой том төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гарцаагүй шаардлагын дагуу ахиад бонд гаргахаас өөр аргагүй. Тэр цагт ямар хүүтэй, ямар нөхцөлтэй гаргах вэ гэдэг ихээхэн том хэрүүлийн алим болж хувирч магадгүй. Товчхон хэлэхэд гаднаас зээл авалгүй, бонд гаргалгүйгээр манай улсын эдийн засаг хөгжих боломжгүй. Өнөөдөр бондыг шүүмжлээд байгаа улс төрийн намынхан яллаа ч шинээр бонд гаргаж л таарна.
Ингээд улс орнуудын гадаад өрийн талаар сонирхуулъя.

Дэлхийд гадаад өрөөр тэргүүлдэг улс нь АНУ. Америк нь 20 их наяд ам.долларын гадаад өртэй. Америкийн Засгийн газраас тогтмол гаргадаг бондын үндсэн худалдан авагч, өөрөөр хэлбэл Америкийн гол хөрөнгө оруулагч нь Япон, БНХАУ хоёр. Нөгөө талаас энэ хоёр улсын экспортлож байгаа бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч нь АНУ. Иймд энэ хоёр Америкийн бондыг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж, Америк нь тэднээс авсан мөнгөөрөө эргүүлээд энэ хоёроос бараа бүтээгдэхүүн импортлож байдаг гэж болно. Америкийн эдийн засаг тогтвортой, аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн, иргэдийн худалдан авах чадвар өндөр гээд маш олон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг, цаашдаа ч тэргүүлэх болохоор Америкийн гадаад өр яаж өслөө ч Япон, Хятад хоёр Америкийн Засгийн газраас гаргаж байгаа бондыг худалдан авсан хэвээр байх болно. Дашрамд сонирхуулахад, Америкийн бондын хамгийн том худалдан авагчдын нэг нь манай хойд хөрш ОХУ.

Гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт ордог улс нь Япон. Японы гадаад өрийн хэмжээ өнгөрсөн жилийн байдлаар 12,2 их наяд ам.долларт хүрсэн. 2014 онд гадаад өрийн хэмжээ 1,4 их наядаар бага байсан. Энэ жил үүнээс бүр ч нэмэгдэнэ. 2011 онд болсон газар хөдлөлтийн улмаас цөмийн станц дээр гарсан ослын үр дагаварыг арилгах, харьцангуй хямдаар цахилгаан дулаан нийлүүлдэг цөмийн станцуудаа хаасны улмаас шатдаг хий авахад асар их хөрөнгө зарцуулах шаардлагатай бол­сон зэрэг нь гадаад өрийн хэмжээг нэмэг­дэхэд голлон нө­лөөл­сөн гэж үздэг.

Манай урд хөрш нь дэлхийн хамийн том зээл олгогч. Гэхдээ нөгөө талаас дэлхийн хамгийн том зээл авагчийн нэг. Хятадын гадаад өрийн хэмжээ 3,1 их наяд ам.долларт хүрсэн. Хятадын эдийн засаг зогсонги байдалд орсон гэх мэт яриа их гарч, хөрөнгө оруулагчид түгшиж байгаа хэдий ч гадаад өрийн хүү гэх мэт бүх л төлбөрийг цаг тухайд нь, баталгаатай төлдөгөөрөө алдартай.
ХБНГУ нь гадаад өрийн хэмжээгээрээ дөрөвдүгээрт ордог. Энэ улсын гадаад өр 2,6 их наяд ам.доллар.

Гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт жагсдаг улс нь Их Британи. Гэхдээ англичуудын 2,52 их наяд ам.долларын гадаад өрийн дийлэнх хувийг арилжааны банкуудын тавьсан богино хугацаатай өр эзэлдэг онцлогтой. Их Британи нь Герман, Испани, АНУ, Франц гэсэн улсад хамгийн их өртэй. Гэвч эдийн засаг нь тогтвортой, паунд нь чөлөөт хөрвөдөг валют хэвээр, алт ба валютын нөөц асар их тул өр ихтэй ч эдийн засаг ганхах болоогүй.

2,5 их наяд ам.долларын гадаад өртэй Итали зургаадугаарт ордог. Италийн эдийн засгийн байдал хүндхэн байгаа тул Засгийн газар нь төсвөө нөхөх, ахицыг нь дэмжихийн тулд нэмэлт өр их хэмжээгээр тавьж байгаа. Энэ бүхний үр дүнд Италийн гадаад өр ДНБ-ий 130 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн. Ард иргэдэд нь хуваавал итали иргэн бүр 41 мянга гаруй еврогийн өртэй.

2015 оны байдлаар Франц 2,3 их наяд ам.долларын гадаад өртэй. Ажилгүйдэл 10 хувь давсан өндөр, гадаадын хөрөнгө оруулалт бага байдаг тул цаашдаа бонд гаргах замаар татсан гадаад өрийн хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байгаа. Гадаад өрийг хуваавал франц хүн болгон ойролцоогоор 34 мянган еврогийн өртэй гэж гардаг.

Хятадын эдийн засгийн хөгжил зогсонги байдалд орж, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ унасны улмаас аж үйлдвэрлэл нь ихэд хохирсон нэг улс нь Бразиль. Латин Америкийн хамгийн том эдийн засгийн нэг Бразилийн гадаад өрийн хэмжээ 1,8 их наяд ам.доллар болсон. Хөрөнгийн зах зээл дээр Бразилийн Засгийн газрын бонд онц их эрэлттэй биш ч гэлээ цаг сайхан байхад гадаад валют, алтны хангалттай нөөц бүрдүүлж чадсан улс.

Испанийн гадаад өрийн нэг хүнд ногдох хэмжээ 31 мянган евро болсон. Зөвхөн хүү төлөлт гэж испани хүн болгон сардаа 720 евро төлөх шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. Харин энэ улсын цалингийн дундаж хэмжээ 650 евро. Гадаад өрийн нийт хэмжээ 1,5 их наяд ам.доллар.

Мод бэлтгэл, газрын тосны олборлолтоос төсөв нь ихээхэн хамааралтай байдаг Канад 2015 оны байдлаар 1,49 их наяд ам.долларын гадаад өртэй. Энэ бол канад хүн болгон 39 мянган ам.долларын өртэй гэсэн үг. Сүүлийн хоёр жил газрын тосны үнэ огцом унасан нь эдийн засгийн хөгжилд нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Учир нь, Канадын газрын тос олборлолтын зардал нь Саудын Арави, Оросоос хавьгүй өндөр байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудын өр манайд ямар хамаа байна гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Дэлхийн 200 гаруй улс орноос 20 улс нь хөгжилтэй гэсэн тодотголд багтдаг гэж болно. Үлдсэн улсууд нь ямагт энэ 20 улсыг бүх л асуудлын шийдэл дээр үлгэр жишээ болгон дагаж байдаг. Жишээлбэл, Засгийн газраас гаргаж байгаа бонд, түүнийг байршуулсан нөхцөл, хүү ба эргэн төлөлт, татсан хөрөнгийн зарцуулалтыг эдгээр улсын жишээн дээрээс судалж, нааштай жишээг нь дагахыг хичээдэг. Энэ тохиолдолд улсын гадаад өрийн хэмжээ, бонд гаргаж байна уу үгүй юу гэдэг сонин бус харин тэр бүх хөрөнгийг хэрхэн эргэлдүүлж, зарцуулж байдаг нь чухал юм байна шүү гэдгийг харуулах үүднээс жишээ болгон татсан гэж ойлгож болно.

Бондоор татсан хөрөнгийг зарцуулалт нь авилгатай тэмцэхээс эхлээд хөрөнгийн зарцуулалтыг хариуцсан байгууллагуудын ил тод байдал, манайхаар бол “шилэн данс”-ны асуудал гээд маш өргөн хүрээтэй ойлголт. Энэ бүхнийг энд гарсан улс орнууд тодорхой хэмжээнд амжилттай шийдэж чадаж байна. Юм болгон дээр дагаж дуурайх гэдэг атлаа иймэрхүү нэн чухал асуудал дээр эдгээр улсын бонд гаргасан, зарцуулсан гэх мэт олон арван жилийн туршлагын талаар илүү нарийн, улс үндэстэй судалгаа явуулахад илүүдэхгүй байх.

0 Сэтгэгдэл
Edgeer möngö xedxen toonii xvmvvs xalaasandaa xiisen ni vnen sh dee.Xedxen jiliin dotor olon arwan terbymtangyyd bii bolson.Tsalingaar ingej bayjix bolomjgvi.76 bolon 3 öndörlögt xandaj tölvvl
Хамгийн их уншсан