Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УЛААНБААТАР ЧУУЛГА 10 ЖИЛ” тоглолтууд болно

Б.СОНОР

Нийслэлээрээ овоглосон чуулга байгуулагдаад 10 жил болжээ. “Улаанбаатар” чуулга өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаандаа олон шинэчлэлийг хийж, хөгжсөн. 2014 оноос эхлэн урын сангаа баяжуулахын зэрэгцээ нийслэлчүүддээ шинэ уран бүтээлүүдийг өргөн барихаар ажиллаж Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт”, “UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР” мюзикль болон 20-р зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” /Rite of Spring/ этно балетыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн найруулга, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн дэглэлтээр үзэгч олны хүртээл болгосон зэрэг чамгүй ажлыг хийсэн. Тэгвэл 10 жилийн ойгоо мялааж, үзэгч олонтойгоо баяраа хуваалцаж энэ сарын 27-ноос ирэх сарын 9-нийг хүртэл цуврал тоглолтыг хийхээр болжээ.

“Ай нан аа” ойг мялаах нь

Тус чуулгынхан 10 жилийн ойдоо зориулан энэ сарын 27-ноос ирэх сарын 09-нд цуврал тоглолтуудыг хийж, үзэгч олонтойгоо хамт баяраа тэмдэглэхээр болжээ. Хамгийн эхэнд Б.Цогнэмэхийн зохиол “АЙ НАН АА” түүхэн дуулалт жүжгийг тоглох нь. Тус жүжигт VIII Богд Жавзандамба хутагт, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтноход түүхэн гавьяа байгуулсан тэмцэгчийн тухай өгүүлнэ.
“Улаанбаатар” чуулга Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулан 2011 онд туурвисан тус уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор Х.АЛТАНГЭРЭЛ, Найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.ЭРДЭНЭБУЛГАН ажиллаж, дүрүүдэд тус театрын дуучид болох гавьяат жүжигчин С.ГАНЗОРИГ, Г.ХОНГОРЗУЛ, дуучин Б.БАТБОЛД, М.АНХТУЯА, Б.ЭРДЭНЭСАРУУЛ, Ж.БУЯНТОГТОХ, О.АНХЧИМЭГ,    Ц.ГАНСҮХ, Ч.ДОРЖ, Н.БЯМБА­ДОРЖ, Б.БААТАРХҮҮ нар тогложээ.

Циркийн гайхамшигийг мэдрүүлнэ


“Улаанбаатар” чуулга циркийн урлагийг дэмжих, хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулан уран нугаралт, акробат, тэнцвэр зэрэг олон төрлийг нэгтгэсэн Улаанбаатар цирктэй хамтран ажилладаг. Тэгвэл ойдоо зориулан Турк, Япон, ХБНГУ, Франц, ОХУ, БНХАУ зэрэг оронд тоглосон Олон Улсын циркчдийн наадмын шагналт шилдэг үзүүлбэрүүдээ үзэгч түмэндээ хүргэх нь. Ирэх сарын 3-нд болох “Циркийн гайхамшиг” тоглолтын найруулагчаар Ю.ГЭРЭЛБААТАР, Уран сайхны удирдагчаар Б.ТҮМЭНДЭЛГЭР, Номер удирдсан багшаар Ц.НОМИН, Д.ОТГОНБААТАР нар ажиллаж, Улаанбаатар циркийн жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох нь.

Гурван жилийн хөдөлмөрөө “ЭРЧИСТ ИРМҮҮН”-д нэгтгэнэ

“Улаанбаатар” чуулгын бүжигчид сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээсэн шинэ бүтээлүүдээсээ сорчилж үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэсэн дан бүжгийн чуулбар тоглолт ирэх сарын 3-нд болох нь. Уг тоглолтонд “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, “Их Монгол” хамтлаг оролцоно аж. Найруулагч, ерөнхий бүжиг дэглээч Д.ЭНХГЭРЭЛ, Бүжиг дэглээчээр Д.БАЯРТ нар ажиллах гэнэ. Харин хөгжмийг тус чуулгын дэргэдэх “Их монгол” хамтлаг тоглох юм байна.

“УЛААНБААТАРЫН ҮДЭШ”-ийг “ХАНГАРЬД” үндэсний хөгжмийн найрал толилуулах аж

“Улаанбаатар” чуулгын үндэсний хөгжмийн найрал дэлхийн олон оронд монгол урлагийг сурталчилж яваа. Мөн тус найрал хөгжмөөс олон хамтлаг төрөн гарсан байдаг. Одоо ч “Хамаг монгол”, “Их монгол”, “Хишигтэн”, “Гэрэгэ” зэрэг хамтлагуудтай өнөр ам бүл билээ.
Тэгвэл “Хангарьд” үндэсний хөгжмийн найралын хамт олон чуулгынхаа ойд зориулан Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Х.Билэгжаргал, М.Бадам, Ж.Мэнд-Амар, Монголын шинэ цагийн хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ, Т.Сэр-Од, Х.Алтангэрэл, Д.Ариунболд, Б.Мөнхболд нарын бүтээлүүдээс тоглох нь.  Мөн дэлхийн алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” /Rite of Spring/ этно балетын удиртгалыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн үндэсний хөгжимд зориулан найруулснаар эгшиглүүлэхээр болжээ. “Улаанбаатарын үдэш” хэмээн нэрлэсэн тус тоглолт ирэх сарын 7-нд үзэгчдийн хүртээл болох юм.

“ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ”-оор ойн тоглолтууд өндөрлөнө

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Улаанбаатар” чуулгатай хамтран ажиллаж байсан Монголын ардын болон орчин цагийн урлагийн нэрт мастерууд оролцсон хүндэтгэлийн тоглолтоор ойн арга хэмжээ өндөрлөх нь. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар чуулгын дарга Р.МӨНХСАЙХАН ажиллаж байгаа юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан