Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан маргааш эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Мөрдөн байцаах ажлын чанар үр дүнг үнэлэх, боловсронгуй болгох зарим асуудал сэдэвт онол, практикийн бага хурал юм байна. Хуралд Улсын дээд шүүх, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас эхлээд хуулийн бүх байгууллага оролцож мөрдөн байцаах ажиллагаанд учирч буй саад бэрхшээл, түүнийг даван гарах гарцын талаар ярилцах юм байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь үүсэн байгуулагдснаас хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус албанд иргэд, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 5948 гомдол, мэдээлэлд зохих шалгалтыг явуулснаас 1956 гомдол, мэдээлэлд буюу 32.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 2774 гомдол, мэдээлэл буюу 46.6 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 1218 гомдол, мэдээллийг буюу 20.5 хувийг харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлж тус тус шийдвэрлэжээ. Нийт хүлээж авч шалгаж шийдвэрлэсэн 5948 гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл 2283 нь буюу 38.4 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн, 1276 нь буюу 21.5 хувь нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн, 464 нь буюу 7.8 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн, 763 нь буюу 12.8 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн, 99 нь буюу 1.7 хувь нь захиргааны журмын эсрэг гэмт хэргийн, 727 нь буюу 12.2 хувь нь албан тушаалын гэмт хэргийн, 149 нь буюу 2.5 хувь нь нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн, 187 нь буюу 3.1 хувийг бусад төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Гомдол, мэдээллүүдийг тэдгээрт холбогдсон албан тушаалтнуудаар нь авч үзвэл шүүгчид холбогдох 200, прокурорт холбогдох 204, мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн байгууллагын ажилтанд холбогдох 3672, тагнуулын байгууллагын ажилтанд 59 гомдол, мэдээлэл ирсэн байна. Эрдэм шинжилгээний хурал Улсын ерөнхий прокурорын газарт лхагва гаригын 09 цагаас эхлэх юм байна.