Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон зөвлөгөөн боллоо

Иргэний мэдэх эрх  сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт зөвлөгөөн өнөөдөр төрийн ордонд боллоо.  21 аймгийн  70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон уг уулзалтаар тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хамтран зохион байгуулсан “Иргэний мэдэх эрхсэдэвт уулзалтын хүрээнд  оролцсон сэтгүүлчид тулгамдсан асуудлаа хэлэлцэхээс гадна Монгол улс дахь хүний эрхийн түгээмэл зөрчлүүд, Орон нутгийн түвшин дэхь авилгын нөхцөл байдал,  Монголын үндэсний өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийн байгуулллагын үүрэг оролцоо  гэх зэрэг сэдвээр илтгэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.  

УИХ-ын даргын мэндчилгээг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц уншиж танилцуулав.

УИХ-ын даргын мэндчилгээнд “Ардчилсан шинэ Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бодитой болсон билээ. Улмаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдан гарснаар төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглосон юм. Тийм ч учраас нийслэл хот, 21 аймгийн Засаг даргын дэргэд байсан сонин хэвлэл, радио, телевизийн студи болон төрийн төв хэвлэл Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонинууд татан буугдаж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар олон нийтийн статустай үндэсний хэмжээний радио, телевиз байгуулагдсан билээ.

​Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургалч байдлыг бий болгох, иргэн өөрт хамааралтай мэдээ, мэдээллийг сонгон авах, хэвлэл мэдээллийн зах зээлд төр давуу эрх эдлэхгүй байх зэрэг үзэл санааны дагуу гаргасан дээрх хууль тогтоомж нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг өнгөрсөн хугацаанд олон талаас нь хэлэлцэж ирсэн. Үүний нэг хэсэг нь орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагын нөхцөл байдал юм. Манай орны хувьд хүн ам цөөн, орон нутагт аймгийн төв, сумын төвийг эс тооцвол нүүдлийн мал аж ахуй, газар тариалан эрхэлсэн малчид, тариаланчид нүүдэллэн амьдардагаас үүдэн түүхий эд, ба материалын эргэлт удаан, зах зээл хязгаарлагдмал байна. Нөгөө талаас техник, технологийн дэвшил, төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын хүртээмж, хүний нөөцийн дутмаг байдал зэргээс шалтгаалан өрсөлдөөний тэгш бус байдал ч гарч буйг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд маань ярьдаг.

​Зүй нь орон нутагт амьдарч буй иргэдийн хувьд тухайн орон нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэр, зах зээлийн мэдээлэл, цаг агаар, зар мэдээ нь өдөр тутмын амьдралд хамгийн хэрэгтэй мэдээ, мэдээлэл байх ёстой. Энэ үүргийг орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллага, студи, редакц хариуцах нь зохимжтой юм.

​Өмнө нь дурдсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, даван туулах, бие биедээ туслах, арга туршлагаа солилцох зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эвлэлдэн нэгдэж 21 аймагт гишүүнчлэлтэй Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо байгуулагдан бусад мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллаж байгаа нь дэвшилттэй юм.

​Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөвт үндэсний контентийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор тодорхой төсөв батлагдсан бөгөөд үүнд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, студи, редакц оролцох бүрэн боломжтой юм.

“Иргэний мэдэх эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ уулзалт зөвлөгөөнөөр дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын энэ үед орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидийн өмнө тулгамдаж буй асуудал, техник, технологийн дэвшлийг ашиглан мэдээ, мэдээлэл түгээх боломж, төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн ирээдүйн боломж, гарцын талаар ажил хэрэгч санал санаачилга гарган зөвлөлдөнө гэдэгт итгэж байна. Уулзалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье гэсэн байв.

Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургальч байдлыг бий болгох, иргэн өөрт хамааралтай мэдээ мэдээллийг сонгон авах, хэвлэл мэдээллийн зах зээлд төр давуу эрх эдлэхгүй байх зэрэг  Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон үзэл санааг хэрэгжүүлэхэд орон нутгийн сэтгүүлчид манлайлан, хамтран оролцох хүсэл сонирхлоо илэрхийлсэн.

Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн  байгууллагатай байхыг хориглосон ч  аймаг, сумдын Засаг даргын тамгын газар дэргэдээ хэвлэлийн албадтай байдаг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан