Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

...Энэ харин хамгийн сайхан мэдээ байлаа.

Нутаг явах албан томилолт 10 гаруй жил сонин, сэтгүүлд ажиллах хугацаанд маш ховор таарч байжээ. Байлаа гэхэд аймгийн төвөөс хэтрэхгүй. Тийм болохоор энэ удаагийн томилолт миний хувьд тун онцгой томилолт байсан юм. Учир нь, манай томилолтын баг Алтай хотоос Бургастайн боомт, боомтоосоо Алтай сум орох байв. Маршрут нь ингэж таарсан. Сумаасаа бас цаашаа Нарансэвстэйн боомт хүртэл үргэлжилсэн юм. Алтай сум бол аймгийн төвөөс 400, нийслэл Улаанбаатар хотоос 1300 гаруй километр алслагдсан хязгаар нутаг билээ. Тэнд л хүн болж, орчлон хорвоод өөрийн зүгээ олсоор өнөөдөр энэхүү аян замын тэмдэглэлээ уншигч танд хуваалцаж байна. Төрсөн гэртээ очих, нутаг ус, сум орноо эргэх, аав ээжтэйгээ уулзах, Аж богдынхоо барааг хараад, сүсэглэн залбираад буцна гэдэг завшаан гэж санана.

Зам нь засмал хэдий ч урт аялал болох тул бид эрт хөдөлсөн юм. Нарны эртэд газар хороох гэж тэр. Алтай хот хүртэл 1000 километр тасралтгүй явна, Улаанбаатараас. Зам хол хэдий ч нутаг явна гэхээр бодол сэтгэл хөнгөрнө. Үзэг нэгт сэтгүүлчдийн хамтаар “хийморийн зүг”-ээ гарлаа. Нутгийн зүг нь “хийморийн зүг” билээ. Оюутан байхад аймаг, нийслэлийн хооронд багадаа хоёр хоног явдаг байлаа. Ингэж явах нь хурданд тооцогдоно. Үүнээс илүү ч хонох нь бий. Унаа тэрэг эвдрээд, их л алжаасан хүмүүс аймгийн төвд буудаг байсныг яаж эс мартана.

Зүдэргээт замд олуулаа чихэлдэж л явна. Хөл мэдээ алдах бол энүүхэнд. Гэртээ очиж л байвал, аймгийн төв орж л болно доо гэж баярлана. Тийм болохоор таарсан унаа тэргээс тав тух эрэхгүй. Суугаад явж л байвал харина даа, харина гэж сатаарна. Одоо харин амар болсон байна. Аймгийн төв хүртэл засмал зам зурайна. Газар мэдэхгүй хэн ч энэ замаар яваад байвал Алтай хот руу шууд ороод ирнэ. Аймгийн хөгжлийн түүхэнд бас л шинэ хуудас эхлүүлсэн бүтээн байгуулалт энэ болж, одоо үүгээр бид довтолгоно.

“Танай аймгийн төвийн ус үнэхээр муу шүү” гэсэн үг олон сэтгүүлчийн амнаас сонсож байлаа. Гэдэс дотор өвтгөнө. Гар угаахаар хуурайшаад, хавар бол бараг л сайртахаар гээд хэлчихнэ. Үгүй, тийм биш ээ гэх аргагүй. Хүн амын ундны цэвэр усны асуудал их олон жил яригдаж ирсэн. Үүнийг шийдэж чадахгүй байсаар маш олон хүн өвчин болж, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Амьдралын үнэн энэ.

Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас тулгамдсан асуудлын эхэнд жагсдаг ундны цэвэр усны хангамж өнгөрсөн жилээс шийдэгдэж, зуун жилийн “зовлон” арилж байна. Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Тайширын усан цахилгаан станцаас үүссэн Гэгээ нуурын усыг цэвэршүүлэн Алтай хот руу хүргэж, “ус муу” гэх ойлголтыг залруулж эхэлсэн байна. Гэгээ нуурын ус нь Завхан голын ус юм. “Тайшир Алтай” усан хангамжийн төсөл Алтайчуудын эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болсныг аймгийн төвд ирээд л илүү мэдэрлээ.

Аймаг ирэх болгонд их, бага хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Ямар нэгэн өөрчлөлт нутгаасаа харахыг бас хүсдэг. Энэ удаа ч тэр дадлаа орхисонгүй. Аймгийн шинэ суурьшлын бүс тэлжээ. Тэнд нь нийгмийн дэд бүтэц тавигдаж, барилга, бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн байна. Орон сууцны шинэ хорооллууд хаяа тэлж, зураг хөрөг, инженерийн тооцоолол нь хийгджээ. Шилжилт хөдөлгөөн буурч байгааг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэлж байсан. Энэ харин хамгийн сайхан мэдээ байлаа. Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд 4 төсөл арга хэмжээг аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхэлж. Тэр нь Боловсрол, Газар тариалан-Жимс жимсгэнэ, Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил, Аялал жуулчлал юм байна. Боловсролын чанарыг ахиулахад онцгой анхаарч, сумдууд хүртэл үүнийг ажил хэрэг болгох үүрэг даалгавар авчээ. Хоёр дахь, Газар тариалан, жимс жимсгэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймаг 100 гаруй сая мод тарьж, ургуулахаар болж, өнгөрсөн намар үүнийгээ эхлүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 1960 оны үед шороон шуургатай өдрүүд жилд 6-8 байсан бол одоо жилд 130 өдөр болж нэмэгдсэн. Энэ нь говьд ургадаг загийг түлшинд их хэмжээгээр хэрэглэж байгаа нь салхи үүсч, шороогоор шуурах урьтач нөхцөл бий болгожээ. Тиймээс говьд ургадаг заг, сухай, тоорой, шар мод болон хар мод, жимсний төрөл бүрийн мод тарьж ургуулахаар төлөвлөөд, загийн үр, тооройн үр түүх болон сухайг мөчрөөр нь суулгах, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг ажил эхэлсэн байна. 10 жилийн хугацаанд 100 гаруй сая мод тарих бөгөөд усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх, өрхийн аж ахуйг дэмжих бодлого Говь-Алтай аймаг баримталж байгаа аж.

100 гаруй сая мод тарихад иргэдийн оролцоо маш чухал. Гол нь тариад өнгөрөх төдий бус бүрэн ургуулж, бүтэн арчлах нь хамгаалах чухал гэдгийг О.Амгаланбаатар хэлж байсан. Түүний хувьд “Алим” хөтөлбөрийг 2016 онд санаачилж, Бигэр болон Халиун, Алтай, Цогт сумын нутагт туршилтын тариалалтыг эхлүүлэх судалгааг хийлгэсэн байдаг. Зарим газар нь тариад эхэлсэн дуулдсан. Говь-Алтай аймгийн хэмжээнд социализмын үед ашиглаж байсан, одоо орхигдсон, тоногдсон услалтын системийг сэргээн засварлах, тэр үед газар тариалан эрхэлж, жимс жимсгэнэ тариалж байсан талбайг дахин эргэлтэд оруулах, үүнийг эзэнжүүлэх ажлыг орон нутгийн зүгээс зохион байгуулж эхэлсэн байна. Аймаг, орон нутгийн төсөв, мөнгө хязгаартай. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тус салбарт татах сонирхол их байгаа нь анзаарагдлаа.

Алтайн өвөр говь болон Шаргын говийн баянбүрд дагуу нутгийн иргэд одоо хүртэл ногоо тариалж, өрхийн аж ахуйн эрхэлж байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Мянганы голд давжаа болон бэсрэг алим, чавга, чацаргана, лийр, тарвас, амтат гуа гээд 7-8 төрлийн жимс жимсгэнэ ургаж, намар хураан авч байна. Тариалалт нь төлөвлөгөөт эдийн засгийн үеэс эхтэй юм. Бигэр, Гуулин, Баянтоорой услалтын шуудуутай. Эдгээрийг сэргээх, усан сан бүрдүүлэх зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байна. Таван мянгаас дээш га-д тариалалт хийх боломжтой аймгийн тоонд Говь-Алтай аймаг ордог юм билээ.

Зорьсон газраа бид товлосон хугацаандаа торох саадгүй ирцгээсэн. Баруун тийшээ цэнхэр униар хөшиглөх Номингийн говь халуун салхитай угтана. Тэртээ нэгэн цагт Дамбийжаагийн хоргодож дайжиж явсан Маажинсангийн нуруу зэрэглээн дунд босож суун сүүмэлзэнэ. Ирж яваа цагийн урь говь нутагт хэдийнэ оржээ. Анхилхан хавар болж байна. Говийн шар заг ногоорч харагдаад, их усан зэрэглээ өргөн говь хөндий дүүргэнэ. Мэдэхгүй хүнд бол зэрэглээ бус мэлийсэн далай тэнгис л гэж итгүүлэхээр захгүй говь үргэлжилнэ.

Б.Баяртогтох

2024 онд маш олон сумын 100 жилийн ой тохиож байгаа. Ойн бэлтгэл ажил гээд сум болгон нарийн төлөвлөгөө гаргаж, үүндээ хүрэхээр одооноос шамдах нь дамжиггүй. Төлөвлөгөөний нэг том хэсэг нь мод тарих санаачилга байх болов уу гэж таамаглана. Цөлжилт, элсний нүүдэл, ус, бэлчээрийн доройтол, хүний хүчин зүйлээс улбаатай хөрсний эвдрэл, гэмтэл гээд энэ болгоныг эдгээх, эмчлэх, хамгаалах “хана хэрэм” мод тарих л юм байна гэдгийг бүтэн дэлхий бүгдээрээ ойлгосон байна.

Олон улсын банкир Жеймс Питер Морроу “Миний Монгол” номныхоо “Транс Алтай” бүлэгт “Монгол нутгаар хоёр жил хөндлөн гулд аялсны дараа хөл тавьж үзээгүй ганцхан газар үлджээ. Хятадын хил хүртэл үргэлжилдэг, Алтайн уулсын цаана орших говь цөлийн өмнөд хязгаар. Тэр бол яах аргагүй жинхэнэ Төв Азийн хил” хэмээн бичсэн байдаг. Монголын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед дампуурлын ирмэгт тулж ирээд байсан Хөдөө аж ахуйн банкийг хөл дээр нь богино хугацаанд босгож, өнөөдрийн ХААН банкийг цогцлоосон тэрбээр ингэж явахдаа Бургастайн боомтоор дайрч, боомтын нөхцөл байдлыг тэмдэглэлдээ “Хөсөр хаягдсан гаалийн...” хэмээн дүрслэн буулгасан бөгөөд энэ дүр төрх өнөөдөр ч хэвээр байна. Тэр үед импортын шатахуун орж ирдэг байсан бол одоо экспортын төмрийн хүдэр л гарч буй.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан