Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вакцин хүүхдэд хор хөнөөлтэй эсэх, заавал тариулах шаардлагатай юу

Монгол Улсын  Эрүүл мэндийн яамны зүгээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын ЭСЯ-ны холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж хүсэлт тавьсны хүрээнд “Covaxx” хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдүүдийн “Pfizer” вакциныг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж, нэг сая тунг энэ оны зургадугаар сард хүлээж аваад байна. Тэгвэл энэ оны наймдугаар сараас эхлэн бага насны хүүхдүүдийг 14-21 хоногийн хугацаатай хоёр тун вакцинд хамруулах болов.  Тус вакцин хүүхдэд хор хөнөөлтэй эсэх, заавал тариулах шаардлагатай юу гэх асуултыг хөндөж байна.

Дани, Испани, Франц, Герман, Швед, Норвеги, АНУ, Канад, Израиль, БНХАУ зэрэг орон бага, өсвөр насны хүүхдүүдээ Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах болсон. Учир нь корона вирусийн халдвартай хүүхэд вакцин тариулсан хүүхдийг бодвол амь насаа алдах магадлал нь 50 хувиар илүү байсан аж. Тиймээс халдварын тархалтыг бууруулахын тулд бага тунгаар дархлаажуулалтад хамруулах болжээ.

Нийт 100 хүүхэд дээр судалгаа хийхэд, дийлэнх хүүхэд нас биед хүрсэн хүнийг бодвол хүндрэл багатай корона вирусээр өвчилж байсан аж. Зөвхөн зүрх судасны өвчтэй болон дархлаа сул хүүхэд хүндэвтэр шатны шинж тэмдэг үзүүлж байжээ. Тиймээс дархлаажуулалт нь зайлшгүй шаардлагатай гэж "John Hopkins University”-гийн мэргэжилтнүүд дүгнэсэн.

Дэлхий дахинаа 20-оос доош насны 17200 хүүхэд халдварын улмаас нас барсан. Тэгвэл корона вирусийн вакцинаас болж амь насаа алдсан хүүхдийн тоо бүртгэгдээгүй байгаа аж.

              ЭМЧ НАР ЗӨВЛӨЖ БАЙНА

"Pfizer-BioNTech" болон "Moderna COVID-19" вакциныг зургаан сараас дээш насны хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрдөг.  Вакцины зөвлөмж нь нас, анх хүлээн авсан вакцин, сүүлчийн тунгаас хойшхи хугацаа зэргээс хамаарч өөр өөр байдаг.

Вакцин нь хүүхдүүдэд аюулгүй бөгөөд тариулсны дараа насанд хүрэгчдэд илэрсэн шиг шинж тэмдэг илрэх боломжтой гэж доктор Лотен "AMA" хуудсанд мэдээлэв.

Вакцин тариулсны дараах шинж тэмдгүүд хөнгөн илрэх аж. Насанд хүрэгчдийн бие махбодоос хамааран шинж тэмдэг өөр, өөр байсан шиг хүүхдэд илрэх шинж нь өөр юм. Вакцин тариулснаас 12 цагийн дараа шинж тэмдгүүд илрэх ба 24 цагийн дотор арилах юм байна. Вакцины дараах шинж тэмдэгт:

  1. Вакцин тариулсан хэсэгт өвчин орж, улайх
  2. Халуурах
  3. Сульдах
  4. Толгой өвдөх
  5. Даарах
  6. Булчин эсвэл үе мөчний өвдөлт
  7. Лимфийн зангилаа хавдах
  8. Нойргүйдэх зэрэг шинж илрэх боломжтой.

Зүрх судасны асуудалтай хүүхэд вакцинд хамрагдах боломжтой ч эхлээд мэргэжлийн эмчийг зөвлөгөөг авах шаардлагатай аж. Учир нь коронавирус туссан хүн миокардит зүрхний булчингийн үрэвсэлийн шинж тэмдэгийг үзүүлж байсан. Тиймээс вакцин дархлаа сул, зүрхний миокардиттай хүүхдэд хэт хүчтэй байх хандлагатай аж. Гэхдээ вакцинд хамрагдаад миокардиттай болсон ч буцаад эдгэрэх магадлал маш өндөр талаар "AMA” мэдээлсэн байна. Судалгаагаар 12-17 насны вакцинд хамрагдсан мянган хүүхдээс 54-т нь миокардит шинж илэрсэн ч судалгааны явцад шинж тэмдэг арилж, хэвийн байдалдаа оржээ.

Хэрэв хүүхдэд дараах зүйл тохиолдож байсан бол энэ вакциныг тариулж болохгүй. Үүнд:

• "Pfizer COVID-19" өмнөх тунгийн үеээр анафилакс (хүнд хэлбэрийн харшлын урвал)-т орсон бол

• Полиэтилен гликол (PEG) болон вакцины бусад орц найрлагад орсон бүрэлдэхүүн хэсэгтэй харьцсаны дараа анафилакст орсон бол

• "Pfizer COVID-19" өмнөх тунтай холбоотойгоор мэргэжлийн дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэгч эсвэл эмнэлгийн мэргэжилтний хяналт шаардагдсан ноцтой нөхцөл байдал үүссэн бөгөөд уг байдал үүссэн байх өөр шалтгаан тогтоогдоогүй үед тариулахгүй байхыг зөвлөж байна.

Халдвар нэмэгдэх хэрээр хүүхдийн эрүүл мэнд аюулд орж байгаа тул дэлхийн орнууд бага тунгаар дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Тиймээс харьяа дүүргийн эрүүл мэндийн байгуулагатаа хандаж, зөвлөгөө авах нь зүйтэй болов уу. Урьдчилан сэргийлэх боломжтой уг халдвараас хамгаалснаар бага насны хүүхдийн өвчлөл, нас баралт эрс багасах юм.

Эх сурвалж: BBC, The Guardian, WHO, AMA, Health.gov

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан