Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Хишигдорж: Үү гэх энэхүү арьсны халдварт өвчин нь хүний папилома вирусээр (ХПВ, НPV) үүсгэгдэг

Бидний дунд гар болон биеийн аль нэг хэсэгтээ “үү”-тэй хүн багагүй бий.  Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд элбэг байдаг. Тэгвэл үү хэрхэн яаж үүсдэг, яагаад хүний биен дээр гардгийг төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс энэ талаар “Ану манал” эмнэлгийн эмч, клиникийн профессор, доктор Ч.Хишигдоржтой ярилцлаа.


Үү нь арьсны нэг төрлийн халдварт өвчин мөн үү?

-Үү нь нэг төрлийн арьсны халдварт өвчин мөн юм. Хүмүүс үүг халдварладаг, бусдад дамждаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Энэ нь арьсны өвчин дунд элбэг тохиолддог өвчин бөгөөд ямар ч насны хүн үүгээр халдварлаж болдог. Үү гэх энэхүү арьсны халдварт өвчин нь хүний папилома вирусээр (ХПВ, НPV)  үүсгэгдэг. Нийтийн дунд байдаг түгээмэл ойлголт нь зөвхөн гар болон хуруун дээр ургасан хүрэхэд хатуу, дотроо хар цэгүүдтэй байдаг ургацаг байдаг гэж боддог. Энэ нь зөв, гэхдээ үүнээс гадна олон төрлийн үү байдаг. Үүн дотроос аюултай төрөл нь ч бий. Тиймээс гараад л өнгөрдөг зүйл гээд тоогүй орхих нь эрсдэл дагуулдаг.

Үү нь ямар замаар хэрхэн бусдад халдварладаг вэ?

Шууд хавьтлаар эсвэл ямар нэгэн эд зүйлд хүрснээр халдвар дамждаг. Жишээлбэл, үүтэй хүний гарт хүрснээр, усан сан, биеийн тамирын заал, хувцас солих өрөө зэрэг газраас халдвар авах боломжтой. Мөн хүний биед тууралт, шалбархай үүссэн тохиолдолд орчин тойрноосоо халдварладаг. Эдгээрээс гадна өөрөө өөрөөсөө халдварлах нь ч бий. Өөрийн гар дээр байсан үүний вирус биеийн бусад хэсэгт халдварласнаас үү гарч болно. Бага насны хүүхдүүд үүгээрээ оролдоод цус гаргадаг. Ингэснээр үүн дотор байгаа бактери биеийн бусад хэсэгт үсэрхийлдэг. Үүний вирус нь шархлаа, арьсны бусад гэмтлүүдээс үүдэн биед орсон байх боломжтой.

Ихэвчлэн ямар хүмүүс тус арьсны өвчнөөр халдварлах эрсдэл өндөр байдаг вэ?

-Ихэвчлэн бага насны хүүхдүүд, өсвөр насныхан, дархлаа сул амархан өвддөг хүмүүс, ДОХ-ын халдвартай болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах тохиолдолд уг арьсны өвчнөөр халдварладаг. Мөн мах бэлтгэдэг, шувууны аж ахуй эрхэлдэг хүмүүс арьсны бүрэн бүтэн байдал алдагддаг экзим, дерматит гэх мэт арьсны архаг өвчтэй хүмүүс тусах өндөр эрсдэлтэй.

Тэгвэл үү нь дотроо хэдэн төрөл байдаг вэ. Тэдгээр нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Хүний папилома вирус нь дотроо дөрвөн төрөл байдаг. Үүнд энгийн үү, улны үү, хавтгай үү, бэлгийн үү орно. Энгийн үү нь хүний гаран дээр гардаг бөгөөд ХПВ-ын хоёр, дөрөв, долоо хэв шинжээр үүсгэгддэг. Хавтгай үүний хувьд хүүхдийн нүүр духаар бэржийж гарах нь элбэг. Энэ нь ХПВ-ын гурав, дөрөвдүгээр хэв шинжээр үүсдэг. Харин бэлэг эрхтний үү ХПВ-ын нэг, хоёр, зургаа, 10, 11, 16, 18, 31, 32, 33, 34 цифрээр буюу хамгийн олон үүсгэгчтэй байдаг. Эдгээрээс 16, 18, 31 нь хамгийн аюултайд тооцогддог. Энгийн үү нь гар, өвдгөн дээр гардаг. Арьсны гадаргуугаас дээш өргөгдсөн, саарал, хүрэн шар, эсвэл биеийн арьсны өнгөтэй адил өнгийн, хатуу нягт тогтоцтой гүвдрүү гардаг. Үүсээд удсан том хэмжээний гүвдрүүний гадаргууд жижиг хөхлөгүүд бий болно. Хавтгай үү нь гарын алга, нүүр, уруулын улаанаар гардаг. Эрүүл арьснаас бага зэрэг өргөгдсөн, олон өнцөгт хэлбэртэй хавтгай гүвдрүү гарна. Улын үү нь хөлийн гутал хамгийн  их дардаг хэсэгт гарах ба явахад өвдөнө. Голомт голдоо хөвсгөр болох тул хуулж авахад амархан байдаг. Цөөн тоогоор гардаг. Бэлгийн үүний хувьд эрэгтэйчүүдийн тээрхийн уг, шамрангийн арьсны дотор талд, эмэгтэйчүүдэд үтрээний үүдэвч хэсэг, хошногоны амсарт ихэвчлэн байрлана. Дэлбэнт бүтэцтэй, нарийн шилбэтэй биеийн арьс шиг эсвэл ягаан өнгөтэй олон жижиг гүвдрүү нэг дор гарч том бөөгнөрөл үүсгэдэг.

Бэлгийн үү нь хамгийн эрсдэлтэй гэж дээр дурдсанТэгвэл бэлгийн үүний хүнд хэлбэрээр өвчилбөл ямар хор хөнөөлтэй вэ?

-Ихэвчлэн бэлгийн үү өвчинтэй хүнтэй хамгаалалтгүй дотно харилцаанд орсноос халдвар авдаг. Хоёрдугаарт халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдварлана. Өвчин үүсгэгч вирус нь хүний биед хадгалагдсаар байдаг учраас дахин өвчлөх боломжтой. Хүний папиломын вирусийн хавдар үүсгэдэг зарим хэв шинж нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Халдвартай ээжээс хүүхдэд вирус дамжсан тохиолдолд амьсгалын замын папилломатоз өвчинтэй болох магадлал өндөр. Энэ төрлийн үүнд эмчилгээний олон аргууд байдаг. Гэвч одоогоор  дэлхий дахинд ХПВ-ын эсрэг эм бэлдмэл бий болоогүй байна. Харин бэлгийн үүг лазер, цахилгаан хутгаар түлэх, мэсийн аргаар хусах, шингэн азотоор хөлдөөх, хүчиллэг уусмал болон тосон түрхлэг зэргээр эмчилгээ хийгддэг.

Уг арьсны халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Үүтэй хүнд хүрэхгүй, гар барихгүй байх. Хуруугаа амандаа хийхгүй байх, хумсаа мэрэхгүй байх, хумсаа авахдаа гүн авч гэмтээхгүй байх хэрэгтэй. Мөн өөрийн биеийн үү ургасан хэсэгт хүрэхгүй байх, хэрэв хүрсэн тохиолдолд бусад хэсэгтээ хүрэлгүйгээр гараа угаах. Бэлгийн үүгээр халдварлахгүйн тулд хамгаалалт хэрэглэх. Арьсыг тогтмол чийгшүүлж, арьсанд ил шарх үүсгэхгүй байх. Гар нүүрийн алчуур, оймс, бээлий, гутал зэргийг бусадтай хувааж хэрэглэхгүй байх зэргийг хийснээр уг өвчнөөс сэргийлж чадна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан